Өвчтөндөө үхлийн тунгаар тариа хийсэн “Доктор Үхэл” хочит сувилагч Нильс Хегелийн тухай түүх аль 2008 онд Германыг донсолгож байжээ. Гэвч германчууд саяхныг болтол “Доктор Үхэл”-ийг Европын хамгийн том цуврал алуурчин болох юм чинээ сэжиглээгүй байсан нь лавтай. Өдгөө тэрбээр 106 хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байна. Энэ жагсаалт цаашид ч өсч магадгүй.
…Анхны золионы хүнээ тэр өчигдрийнх мэт сайн санадаг. Бригитта Арндт, 63 настай. Эмнэлэгт “зүрхний хэм алдагдал” гэсэн оноштойгоор ирсэн эелдэг зөөлөн герман авгай. Түүнтэй хамтын түргэний тэргээр охин нь гэх хүрэн үстэй үзэсгэлэнт бүсгүй иржээ. Тэр бүсгүй Нильсийг яг л тавилга, амьгүй биет мэт огт анзаарсангүй.Нильс Хегель ч эмэгтэйг хагалгаанд бэлтгэж байхдаа санамсаргүйгээр хэм алдагдлыг нь нэмэгдүүлэх тариа хийчихжээ. Арндт хатагтай ч мэс засал орж чадалгүй нас барсан байна.
Тэр яагаад үүнийг хийх болов?
Нильс одоо ч үүнийг тайлбарлаж чадахгүй байна. Мөрдөн байцаагчид харин Нильсийг өөрөө хордуулаад, өөрөө авраад, эмч шиг алдаршихыг хүссэн гэдэгт итгэлтэй байна. Харин өмгөөлөгчид нь “Доктор Үхэл”-ийг өвчтөнүүдээ эмнэлгийн палатанд зовж шаналж, өдөр ирэх тусам найдваргүй, өвчинтэйгөө тэмцэх чадваргүй болохыг харахыг хүсээгүйдээ хөнөөж байсан, тэднийгээ өрөвддөг байсан гэж үзэж байна. Бараг бүгд биш юм аа гэхэд заримыг нь тэр ихээр өрөвддөг байжээ.
Сэтгэлзүйчдийн таамаглалаар бол энэ бүхэнд стресс буруутай гэнэ. Яагаад гэвэл үүнээс өмнөхөн түүний эцэг зүрхний шигдээсээр нас баржээ. Ингээд нэгэн охин ээжийгээ асарч, тойглож байгааг хараад толгойд нь атаархах бодол орж ирсэн гэнэ. Дараа нь атаархал нь үзэн ядалт, өс хонзон болон хувирч, сэтгэлээр унан гашуудсан бололтой. Ингээд л энэ өвчтөн эмийн тун хэтрүүлснээр үхэх болов уу, яах бол гэсэн сонирхол төрсөн байна. Түүнийг хүмүүс мэдчих болов уу, эсвэл хүн хөнөөх аятайхан арга нээчих ч юм бил үү?
Хэрхэн маньяк болсон бэ?
Нильс Хегель 1977 онд Германы энгийн л нэг хот болох Вильгельмсхафенд төржээ. Аав нь Гэгээн Виллехадын нэрэмжит орон нутгийн эмнэлэгт эрүүл ахуйчаар, ээж нь цэвэрлэгчээр ажиллаж байлаа.
“Энгийн л нэг хөвгүүн, ямар ч онцгой гойд юм байхгүй. Гэхдээ мөнхийн уруу царайтай нөхөр байсан” хэмээн ангийнхан нь дурсаж байна. “Тэр бас их инээдтэй ярьдаг байсан. Хэл ярианы согогоосоо болоод нэг үгийг ч зөв дуудаж чаддаггүй байлаа” хэмээн өөр нэгэн хэлэх аж.
Харин Нильсийн өөрийнх нь хэлснээр ангидаа шоовдорлогддог нэгэн байсан гэнэ. Хөвгүүд түүнтэй хэзээ ч хамт хөлбөмбөг тоглохгүй, охид болохоор түүнийг “тарган алиалагч” хэмээн шоглоно. Тиймээс өсвөр насны бусад хүүхэд дисконд орж байхад тэр хэдэн цагаараа ганцаараа радио чагнан сууна. Бас цагдаа нарын отолт, овоо хараанаас байнга бултаж дөнгөдөг гангстер хэмээн өөрийгөө төсөөлнө.
Нильс сургуулиа төгссөний дараа аавынхаа замналаар явахаар шийдэж, Гэгээн Виллехадын эмнэлгийн дэргэдэх коллежид сувилагчаар элсчээ. Мэдээж аав нь хүүгээ эмч болгохыг хүсдэг байсан ч сурахад мөнгө хэрэгтэй. Гэвч тэднийх сургах боломж ч байсангүй. Тиймээс Нильс эхлээд сувилагчаар ажиллаж, туршлага хуримтлуулж, мөнгөтэй ч болж аваад, дараа нь анагаахын сургуульд орно гэж тооцоолжээ.
Тэр 1998 онд сургуулиа дүүргээд Улаан загалмайн эмнэлэгт ажилд орж, дараа нь Ольденбург хотын зүрх судас, сэргээн засах хэлтэст мэдээгүйжүүлэлтийн сувилагчийн туслах, сувилагчаар ажиллах болжээ.
Удалгүй Хегелийн амьдралыг хар бараан үүл бүрхээд ирэв. Эхлээд эцэг нь зүрхний шигдээсээр өөд болж, дараа нь жирэмсэн эхнэр нь зам тээврийн ослоос болж амиа алджээ. Энэ үеэс л тэр ойр дотныхоо хүмүүсийн хайр талархлыг хүлээх гавьяагүй хүмүүсийг хөнөөж, хорвоо ертөнцөөс өс хонзонгоо авахаар шийджээ.
Нильс Хегель 200-гаад хүний аминд хүрсний хариуцлага хүлээх ёстой гэжээ. Хамгийн гол нь “Доктор Үхэл”-ийн олонх хохирогчийн цогцсыг чандарласан учир хэргийг бүрэн мөрдөхөд хүндрэл учраад байгаа аж.
Ерөнхийдөө тэр эхний аллагынхаа дараа өөрийг нь барьчих вий гэж ихэд айж байсан гэдэг. Тэр сүүдрээсээ хүртэл айж, шоржигнаж, шаржигнах чимээ бүрээс цочиж байв. Түүний дотор өөрийг нь цагдаа нар мөрдөж мөшгөөд ч байгаа юм санагдаж байлаа. Тэгээд ч золионы хүндээ хэрэггүй эм тарьж, шийтгэлгүй үлдэнэ гэдэг тун амаргүй хэрэг. Яагаад гэвэл шүүх эмнэлгээс шууд л энэ бол аллага гэдгийг тогтооно. Гэвч цаг хугацаа өнгөрөөд байхад цагдаа нар ирсэнгүй. Нильс ч эмнэлэгт өнгөрсөн настай эмэгтэйн үхлийг хэн ч мөрдөн шалгахгүй болохыг мэдэрчээ.
Удалгүй тэр Ольденбург дэх эмнэлгээсээ халагдаж, Дельменхорст хотын эмнэлэгт шилжин иржээ. Энд түүнийг хэн ч танихгүй. Хуучин эмнэлгийнхэн ч Нильсийн биеэ авч яваа байдал нэг л биш байгааг анзаарснаас гадна ажилдаа хэд хэдэн удаа согтуу ирсэн аж. Өөрөөр хэлбэл, Нильс шинэ газар карьераа цоо шинээр эхлүүлэхээр шийджэээ.
Ингээд шинэ эмнэлэгт хэнээс ч нуугдалгүйгээр өвчтөнүүдээ бөөн бөөнөөр нь хөнөөж эхлэв. Түүний золионд гэрийн эзэгтэй, тэтгэвэр авагч, ажил эрхлэгч эмэгтэй, гэр бүлдээ үнэнч эцэг, цахилгаанчин, авто засварын ажилчин гээд янз бүрийн хүмүүс байлаа. Тэднийг нэг л зүйл нэгтгэдэг байв. Энэ бол тойрон хүрээлсэн хайр халамжтай хүмүүс, энгийн сайхан гэр бүл. Энэ бүгд Хегелийн атаархлыг төрүүлдэг байв.
Шийтгэл амсах ёсгүй гэв
2005 оны зургаадугаар сард Дельменхорст эмнэлгийн эрчимч эмчилгээний тасагт 60 настай М.Дитер хэмээх хавдрын өвчтэй, зүрхний шигдээс туссан шинэ өвчтөн иржээ. Нильс түүнд хэд хэдэн сөрөг заалттай зүрхний хэм алдагдлын эсрэг тариа буюу гируртмал хийжээ. Тарианаас болж өвчтөн ухаангүй болсон бөгөөд маргааш өдөр нь Нильс тариаг дахин хийсэн байна. Түүнд энэ өвчтөн хоёр дахь тунг давах болов уу гэдэг нь сонирхолтой байв.
Ингээд М.Дитерийг эмч нар аврах гэж хэчнээн оролдсон боловч амжилтгүй болж, өвчтөн нас баржээ. Магадгүй эмнэлгийн нэг сувилагч анзаараагүй бол энэ хэрэг ч бас замхраад үлдэх байсан биз. Тэрхүү эрийн сэжигтэйгээр нас барсанд санаа зовсон эмэгтэй цусны дээж авч, лабораторид шинжлүүлтэл цуснаас нь байх ёсгүй гилуртмалын ул мөр илрэх нь тэр.
Айж сандарсан бүсгүй илгээх хуудсыг шалгаж, дараа нь хонгилын хогийн савнаас гилуртмалын дөрвөн хоосон шил олжээ. Ингээд тэр цагдаа дуудсан байна.
Энэ өдөр мөрдөгчид шууд л Хегель дээр бууж иржээ. Яагаад гэвэл эмнэлгийн эмийн сангаас гилуртмалын ампулыг авсан цорын ганц хүн нь тэр байсан юм. Хегель ч “Би хүмүүсийг ч бас эмчилж чадна гэдгээ харуулахын тулд бяцхан туршилт явуулсан юм” гэж өчжээ. Ингээд Ольденбургийн тойргийн шүүхээс Нильс Хегельд санамсаргүйгээр хүний амь хөнөөх оролдлого хийсэн хэргээр таван жилийн ял оноосон байна.
Гэтэл Нильс Хегель гомдол гаргаж, холбооны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгуулж дөнгөсөн бөгөөд “Доктор Үхэл” ч ажилдаа, дуртай “хобби”-ндоо эргэн оржээ. Түүний сүүлчийн золиос А.Полин болсон юм. Гэвч өвчтөний үхэл бас л ямар нэгэн сэжиг төрүүлсэнгүй.
Ингээд Нильс Хегель 2008 онд хуучин хэргээрээ дахин баривчлагдаж, 7.5 жилийн ял авсан байна.
“Доктор Үхэл”-д хэн туслав?
2012 онд Хегель ял эдэлж байхдаа камерт хамт хоригдож байсан нөхөртөө олон хүн хороосон гэдгээ хэлжээ. Тэр “Би хүнийг хурдан, хэн ч анзаарахгүйгээр хөнөөх арга бүтээсэн. Эмнэлэгт хүн алахад баригдчих вий, цогцсоо хаана нуух вэ гэх шаардлага гарахгүй. Чиний өмнөөс бүх зүйлийг хийнэ гэж мэд” хэмээжээ. Тэрбээр 50 хүн хөнөөснийхөө дараа тоогоо алдсан гэдгээ хэлсэн байна.
Камерт хамт хоригдож байсан нөхөр нь түүнийг шоронгийн захиралд ярьжээ. Ингээд Нильс Хегелийн эсрэг шинэ хэрэг үүсгэсэн байна. Цагдаа нар ч өвчтөнүүдийн мэдээллийн түүхийг хараад үнэндээ шоконд оржээ. Учир нь энэ хугацаанд эмч нараас хэн нь ч өвчтөнүүдийнх нь нас баралт гэнэт нэмэгдсэнд гайхаж, сандарсангүй.
Ингээд 2015 онд Хегелийн ялын хугацаа дуусах дөхжээ. Үүнээс гадна тэр шоронд биеэ зөв авч явж байсан болохоор хугацаанаасаа өмнө суллагдах гээд байдаг. Ингээд цагдаагийнхан алуурчныг шоронд нь үлдээхийн тулд хэд хэдэн хэргийг яаравчлан судалж эхэлжээ.
2015 оны хоёрдугаар сард Ольденбургийн тойргийн шүүхээс Нильс Хегелийг хоёр хүнийг хөнөөсөн, хоёр хүнийг хөнөөхийг завдсан, гурван өвчтөний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан хэмээн бүх насаар нь хорих ял оноожээ.
Тэгвэл өдгөө Нильс Хегель шүүхэд дөрөв дэхээ дуудагдах гэж байна. Түүнийг 106 хүнийг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Гэвч энэ бол баттай тоо биш. Цагдаагийн газрынхны мэдээлснээр Нильс Хегель 200-гаад хүний аминд хүрсний хариуцлага хүлээх ёстой гэжээ. Хамгийн гол нь “Доктор Үхэл”-ийн олонх хохирогчийн цогцсыг чандарласан учир хэргийг бүрэн мөрдөхөд хүндрэл учраад байгаа аж.
Түүнчлэн Ольденбургийн прокурор Андреас Хеуэр Дельменхорст, Ольденбургийн эмнэлгүүдийг зургаан удирдлагад хэрэг үүсгэхээр зэхэж байна. Тэднийг нас баралтын түвшин эрс өссөнийг анзаарсан хэрнээ өвчтөнүүдийнхээ үхэлд шалгалт хийгээгүй, эвгүй баримттай тайланг дарагдуулахыг оролдсон гэж буруутгажээ.
Нэгэн удаагийн мэдүүлгээр “Доктор Үхэл” “сайн дурын туслахууд”-гүйгээр ийм удаан хугацаанд шийтгэлгүй явж чадахгүй байснаа хүлээсэн гэдэг.
Бэлтгэсэн updown.mn