Сүүлийн үед АНУ-д өндөр настнууд залуу донорын цусыг судсандаа шахуулах үйлчилгээг сонирхох болсон юм.
Ийм бизнес эрхлэгчид залуу цус тухайн хүний хөгшрөлтийг сааруулж, хүч чадал, ой санамжийг нь нэмэгдүүлэхээс гадна Алцхаймерын, Паркинсоны өвчнүүдтэй тэмцэхэд тустай гэж сурталчилж байгаа.
Тэгвэл өчигдөр АНУ-ын Хүнс, Эмийн Хэрэг Эрхлэх Газар (FDA) уг эмчилгээний үр дүн, аюулгүй байдал баталгаажаагүй болохыг, бусдад залилуулж, хөрөнгө мөнгөний хохирол амсаж болзошгүй байгааг анхааруулсан байна.
Өнгөрсөн хоёр жил орчим хугацаанд хэд хэдэн стартап компаниуд бий болж, настай хүмүүст залуу донорын цус юүлэх үйлчилгээ үзүүлэх болсон юм. Үйлчилгээний үнэ төлбөр олон мянган ам.доллараар хэмжигддэг байна.
FDA байгууллагын мэдэгдэл гарсны дараа тэдгээр компаниудын дотроос хамгийн сайн танигдсан нь болох Ambriosa үйл ажиллагаагаа зогсоожээ.
Ambriosa компани $8,000-ын төлбөрөөр хүний цусыг сэлбэж өгдөг байна. Тэд өсвөр насныхнаас цусыг нь худалдаж аваад 35-аас дээш настай, төлбөрийн чадвартай хүссэн бүхэнд үйлчилж байжээ.
Тус компанийн үүсгэн байгуулагч Жэсс Кармазин үйлчлүүлэгчид нь хүч тэнхээтэй, хурц ой санамжтай болж байгаа тухай хэвлэлд ярьж байсан юм.
Тэгвэл Ambriosa компанийн вэбсайтад гарсан мэдэгдэлд “2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр FDA байгууллагаас гаргасан мэдэгдлийн дагуу бид үйлчилгээгээ зогсоож байна” гэжээ.
Цусаа сэлбүүлсэн хүмүүст төрөл бүрийн харшил, халдварт өвчин тусах эрсдэлтэй байгааг FDA анхааруулсан юм.
Эх сурвалж: The Guardian