Сармис нимбэгний ханд залуужуулах ид шидтэй

Сармисыг нимбэгний шүүсэнд дарж өвлийн цагаар хэрэглэх нь эрүүл мэндэд маш сайн, төвдүүд уг хандыг бүр хүнийг залуужуулах ид шидтэй гэж үздэг ажээ. Сармис өөртөө олон төрлийн эрдэс бодис агуулдаг төдийгүй зарим төрлийн сөрөг бактерийг устгах чадвартай байдаг. Даралт бууруулах, цус шингэлэх, цусны судасны ханан дахь өөх тосыг цэвэрлэх, цусан дахь холестролыг бууруулах зэрэг олон талын үйлчилгээтэй. Сармисны тухай Д.Равдан, Ж.Лхагвасүрэн нарын бичсэн “Саримсаг түүний ид шид” хэмээх ном уншиж байсан. Сармисны ханд, сармисны шар сүү хийх, сармисыг хоол хүнсэнд хэрхэн хэрэглэх, цуунд дарах, хатаах зэрэг олон аргуудыг дурдсан төдийгүй ямар өвчин эмгэгийн үед хэрхэн хэрэглэх тухай ч бичсэн байна лээ.
Би сармис, нимбэгний ханд бэлтгэх тухай мэдээлэл хавар Facebook хуудсандаа оруулахад хүмүүс их сонирхон хүлээн авсан хэдий ч “өө энийг чинь намар л хийдэг юм байна шүү дээ” хэмээн харамсах нэгэн байсан. Харин одоо намар ч болчихлоо, шинэ сармис ч гарчихлаа, хандаа бэлтгэхэд цаг нь болсон тул өнгөрсөн бүтэн сайн өдөр Саруул төв орж сармис, нимбэгээ базаагаад хэрхэн ханд бэлтгэснээ та бүхэнд сонирхуулъя гэж бодлоо. Сармисны хувьд мэдээж экологийн цэвэр бүтээгдэхүүн болох монгол сармисаа авах нь зөв гээд ягаан өнгийн хальстай монгол сармис есөн толгойг авсан нь 470 гр болов. Ханд хийхэд бол би зургаан толгойг л хэрэглэсэн. Хандыг бэлтгэхдээ 300 гр сармисыг хальснаас нь салган цэвэрлээд жижиглэн татаж хэрчинэ.
Ингээд 300 гр сармисанд 500 мл нимбэгний шүүс орохоор тооцож ойролцоогоор 12 нимбэг авч бэлтгээрэй. Миний авсан нимбэг харьцангуй том байсан бололтой 10 ширхэг орсон л доо. Нимбэгнийхээ шүүсийг шахахдээ зориулалтын хэрэгсэл ашиглавал их хялбархан байдаг. Би өөрийнхийгөө Скай их дэлгүүрээс авсан (тэнд Oxo гээд брэндийн гал тогооны их эвтэйхэн хэрэгслүүд байдаг). Нимбэг шахаад нимбэгний шүүстэй ус хийж уухад хэрэг болдог юм. Нимбэгээ шахахдаа хальстай нь яг голоор нь хоёр тэнцүү огтолж хуваагаад огтолсон талаар нь нимбэгний шүүс шахагчид тулган дарж аажим эргүүлснээр хаягдал маш багатайтайгаар шүүсийг нь авчихна. Миний нимбэг шахагчийн сав нь 250 мл хэмжээтэй тул хоёр удаа дүүргэхэд болчихож байгаа. 
Нимбэгний шүүсээ шилэн саванд (эсвэл шаазан вааран сав) хийгээд дээрээс нь татсан сармисаа хийж хутгана. Савыг битүүлэн таглахгүй орхих бөгөөд тоос шорооноос хамгаалж дээгүүр нь агаар нэвтрэх даавуугаар бүтээж хуурай сэрүүн газарт (гэхдээ хөргөгчинд биш шүү) буюу хэт халуун, хуурай бус тасалгааны температурт 21 хоног байлгана. Нимбэгний шүүсэнд сармис бүрэн шингэж өтгөн зуурмаг болох үед хэрэглэж эхэлнэ. Өдөр бүр нэг цайны халбагаар халуун бүлээн усанд хутган ууж хэрэглэнэ. Нимбэг нь сармисны эвгүй үнэрийг шингээж үгүй болгох тул таны амнаас сармисны хурц үнэр үнэртэхгүй нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой. 
Энэхүү хандыг би өвлийн турш хэрэглэдэг, элдэв ханиад хүрэхгүйн дээр эрч хүчтэй болох мэт мэдрэмж ч төрдөг. Та ч гэсэн туршаад үзээрэй. 

Анхааруулга: Бага насны хүүхдүүд ба жирэмсэн эхчүүд сармисыг их хэмжээгээр хэрэглэх нь тохиромжгүй, мөн бөөрний эмгэг, цөсний чулуу, цус багадалт, ходоод, гэдэсний шархтай, мэс засалд орох гэж буй хүмүүс сармис ихээр хэрэглэхдээ болгоомжтой байх, эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. 
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан