Томуу болон томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаа бөгөөд томуугийн А дэд хэвшинжийн (H1N1) вирус, иж томуугийн 4-5 вирус давхар эргэлтэд байна хэмээн Эрүүл мэндийн яам болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. Энэ нь бага насны хүүхдүүдэд уушгины хатгаагаар хүндрэх эрсдэлийг үүсгэж байна. Мөн сошиал орчинд УНТЭ-т өдөрт 8-10 хүн томуугийн улмаас амиа алдаж байна гэх мэдээлэл түгээд байна. Тиймээс ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасангаас томуу болон томуу төст өвчний талаарх цаг үеийн нөхцөл байдлыг тодрууллаа.
-Томуугийн улмаас нэг эмнэлэгт л гэхэд өдөрт 10 хүн эндэж байна гэсэн мэдээлэл сошиалд түгээд байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Энэ бол худлаа мэдээлэл байна. Манай улсад хэдэн эмнэлэг байгаа билээ. Тэгээд өдөрт нэг эмнэлэгт 10 хүн эндэж байна гээд бодохоор айхтар тоо гарнаа даа. Манайд аймаг нийслэлийн эрүүл мэндийн төвүүдийн бүх тоон мэдээлэл ирдэг. Одоогоор дээрх шиг мэдээлэл ирээгүй. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторит ирсэн нийт сорьцын 42.4 хувийг H1N1 вирус эзэлж байна. Энэ жил томуу болон томуу төст өвчний дэгдэлт их хүндрэлтэй явагдаж байгаа бөгөөд 0-5 насны хүүхэд, өндөр настан буюу 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд мөн уушигны архаг үрэвсэлтэй хүмүүст хүндрэх магадлал өндөр байна. Тиймээс өвчилсөн тохиолдолд өөрөө дур мэдэн эм тариа хэрэглэхгүй зөвхөн эмчийн заавраар эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
-Өнөөдрийн байдлаар томуу болон томуу төст өвчний нөхцөл байдал ямар байна вэ?
-Энэ сарын 3-наас эхлэн томуу болон томуу төст өвчний тархалт нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд амбулаторын нийт үзлэгийн 10.6 хувийг томуу болон томуу төст өвчний үзлэг эзэлж байна. Харин нийслэлийн хэмжээнд 8.2 хувьтай байгаа бол хөдөө орон нутгийн хувьд 12.3 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт бөгөөд цаашид ч өсөх хандлага ажиглагдаж байна. Нийт 13 аймагт томуу болон томуу төст өвчний амбулаторын үзлэг 10-аас дээш хувьтай байгаа. Одоогоор Дорнод болон Орхон аймагт амбулаторын үзлэг өндөр байгаа тул олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлан цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Мөн Архангай, Төв, Дундговь аймгуудад өвчлөл өндөр үзүүлэлттэй байгаа юм.
-Эмнэлэгт ор хүрэлцэхгүй коридорт хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээлэл бий. Одоогийн байдлаар хичнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, УБТЗ-ын нэгдсэн эмнэлэгүүдэд өнөөдрийн байдлаар нийт 1391 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Эдгээрийн 80 хувь нь дөрөв хүртэлх насныхан байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 90 орчим хувь нь амьсгалын замын хүнд халдвартай гэсэн оноштой. Дээрх эмнэлэгүүд нь нийт 1052 ортой. Харин хэвтэн эмчлүүлэгчдийн тоо ихсэж байгаа тул нэмэлтээр 339 ор дэлгэн ажиллуулж байна.
-Энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Дархлаагаа л сайн дэмжих хэрэгтэй дээ. Мөн өвдсөн бол дур мэдэн эм хэрэглэж болохгүй заавал эмчийн заавраар эмчилгээг хийх. Томуугийн шинж тэмдэг илэрсэн бол гэртээ байх, амны хаалт хэрэглэх, нэн шаардлагагүй бол гадуур явахгүй байх. Мөн бага насны хүүхдэд насанд хүрэгчид өвчнийг тараадаг учраас хүүхэдтэй харьцахын өмнө заавал гараа савандаж угаах, хамрыг цэвэрлэж байх хэрэгтэй. Томуу болон томуу төст өвчний 95 орчим хувь нь вирусээс үүсэлтэй байдаг. Иргэд ихэвчлэн дур мэдэн антибиотик хэрэглэдэг. Энэ нь үр дүнгүй бөгөөд харин ч эсрэгээрээ өвчний нөхцөл байдлыг хүндрүүлэх магадлалтай юм.