Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ, ДЭМБ-аас хамтран мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд, ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл "Томуу, томуу төст өвчин лабораторийн шинжилгээний 40 гаруй хувийг эзэлэж байна. Үүнд томуугийн А хүрээний вирус зонхилж байгаа. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал нэлээн өндөр байгаа. Батлагдсан 900 гаруй орноос 50 гаруй хувиар хэтэрсэн байдалтай байна. Тиймээс ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн эмнэлэг дээр нэмэлтээр тасаг гаргахаар болоод ажиллаж байгаа. Одоогийн өвчлөлийн байдлыг харвал Цагаан сарын үеэр улсын хэмжээнд олон хүнийг хамарсан дэгдэлт гарах төлөвтэй байна" гэдгийг онцлов.
Мөн тэрбээр, "Цагаан сарын үеэр улсыг хамарсан дэгдэлт гарах эрсдэл үүсэж, нөхцөл байдал нэлээн хүндэрч болзошгүйг анхааруулж, бага насны хүүхдээ дагуулан гадуур гарахгүй байя, нэг нэгнээ тэвэрч үнсэхгүй байя гэж уриалсан юм.
Харин ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан О.Ариунтуяа, "ДЭМБ-аас томуугийн цар тахлын бэлэн байдлыг хангах, тандалтын ажлыг 1970 оноос хийж байгаа. Улирлын томуугийн улмаас дэлхий даяар жил бүр нэг тэрбум хүн өвчилдгийн гурван сая орчим нь нэлээн хүндээр өвддөг. Улирлын томуугаас сэргийлэх хамгийн үр үнтэй арга нь дархлаажуулалт гэдгийг хэлмээр байна" гэв.
Мөн "хүнд хэлбэрийн өвчтөнүүдэд ДЭМБ-аас 1,880 тун Тамифлю эмийг нийлүүлж байгаа" гэдгийг онцлов.
Т.Гэрэл