ЭХЭМҮТ-ийнхөн жирэмсэн эмэгтэйг харъяаллын бус хэмээн буцааснаас болж зулбажээ

ЭХЭМҮТ-тэй холбоотой дахин асуудал хөндөгдлөө. Тодруулбал, Зургаан долоо хоногтой эмэгтэй зулбалтын шинж тэмдэг илэрсэн тул Яаралтай түргэн тусламжид ханджээ. Дуудлагаар ЯТТ-ын 103-ийн түргэний эмч ирэн, түргэний машинаар ЭХЭМҮТ-д хүргээд явсан байна. Гэтэл ЭХЭМҮТ-ийнхөн харъяаллын бус хэмээн хүлээн аваагүй аж. Эмэгтэйн харъяалал Нэгдүгээр төрөх тул эмэгтэй такси барин Нэгдүгээр төрөх рүү явжээ. Гэвч замдаа харамсалтай явдал тохиолдож замдаа зулбасан байна. 
Энэ тухай хамгийн анх нэгэн эмч өөрийн фэйсбүүкдээ "2019.01.05-ны өдөр болсон харамсмаар хэрэг. ЭХЭМҮТ Яаралтай хүлээн авах тасагт 2019.01.05 өглөөний 08.40 цагт түргэнээр хүргэгдэж ирсэн зургаан долоо хоногтой эхийг зүгээр л харъяалал өөр гэсэн шалтгаанаар зулбалтыг нь таслан зогсоосонгүй. Тоож ч харсангүй. Хажууд нь хэвлийгээр базалж өвдөөд доошоо бөөн цус гараад байна гээд өвдөлтөө тэсэхгүй 1 цаг гаран уйлаад сууж байгаа эмэгтэйг үл тоон сүүлд ирсэн хүмүүсээ аваад жишим ч үгүй яваа сахалтай өндөр эрэгтэй эмч та тулчихсан мэдлэгтэй байж болно. Гэхдээ жаахан ч гэсэн хүн чанартай байхыг хүсч байна. Би эмч хүн. Наад эмэгтэй чинь зулбалтын эрсдэлт шинжүүд илрээд байна шүү дээ гялс арга хэмжээ авахгүй юм уу гэхэд би мэдэж байна. Наад хүн чинь зүгээр. Харъяа эмнэлэгтээ оч гээд хөөсөн. Ядаж ганц чагнуур ч тавьж үзээгүй байж яаж зүгээр байгааг нь мэдсэнийг нь бодоод олохгүй юм.
Асуултаа дахин тавьж энэ хүн нэгдүгээр төрөх хүртэл ямар ч эрсдэл гарахгүй биз гэж асуухад амлаж байна. Ямарч асуудал гарахгүй гээд явуулсан. ЭХЭМҮТ-ийн үүднээс такси бариад Нэгдүгээр төрөх рүү ирээд буусан доошоо их юм гарчихлаа гэсэн. ОО-н өрөө орж харсан бөөгнөрсөн цус шиг  цэлцэгнүүр шиг юм байна гэсэн. Хүлээн авах руу ороод үзэхэд зулбачихсан байна гэв. Үнэхээр харамсмаар.
Буруу эмнэлэгт хүргэж өгсөн түргэний эмчийн буруу юу.
Тулчихсан мэдлэгтэй зайнаас оношилдог ЭХЭМҮТ-ийн яаралтай хүлээн авахын сахалт таны буруу юу. Иймэрхүү хүмүүсээс эмч бидний нэр хүнд унаж байгаа шүү дээ" хэмээн бичсэн байсан юм. 
Энэ хэргийн талаар тухайн эмчтэй холбогдож тодруулах гэсэн боловч тэрбээр “Би энэ тухай мэргэжлийнхэн дотроо анхааруулах үүднээс бичсэн пост учир нийтэд дэлгэхийг хүсэхгүй байна” гэсэн хариу өгөв. 
Харин энэ талаар ЭХЭМҮТ-тэй холбогдон зохицуулагч Х.Цогзолмаагаас тодруулахад “Бид энэ талаар тайлбар хийсэн. Дахин тайлбар өгөх шаардлагагүй” гээд утсаа тасалсан юм. 
Тэд нэгэн телевизэд тайлбар өгөхдөө "103-ын эмч буруу эмнэлэгт хүргэж өгсөнөөс болж энэ асуудал гарсан" хэмээн асуудлыг ЯТТ-ийн эмч рүү түлхсэн байв. 
Х.Соёл
zaluu.com
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан