Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор эм, эмнэлгийн байгууллагууд эмийн жорын стандартыг заавал дагаж мөрдөх заалттай болсон. Хэрвээ эмийн сангууд жороор олгох эмийг жоргүй олговол өндөр торгууль болон тусгай зөвшөөрөл цуцлуулах хүртэл арга хэмжээ авахаар заажээ. Үүнтэй холбоотойгоор эмийн сангууд licemed сайтын эмийн бүртгэлийг заавал дагаж мөрдөж, жороор олгодог эмийг жоргүйгээр дур мэдэж зарах нь хориотой болжээ. Өөрөөр хэлбэл, өмнө жороор олгохоор заасан байдаг ч тэр бүр жор нэхэхгүйгээр худалдаалдаг байсан байна. Одоо харин эмийн сангууд жороор олгох эмийг дур мэдэн зарвал хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Үүнтэй холбоотой иргэд болон эмийн сангуудын хооронд зөрчил үүсч, зарим эмийг заавал жороор олгодог болоод байна.
Гэхдээ https://licemed.mohs.mn/ сайтад бүртгэлтэй зарим эм ижилхэн үйлчилгээтэй хэрнээ үйлдвэрлэгчээсээ хамааран жоргүй болон жортой гэсэн хоёр янз байгаа нь дахин олон нийтийг төөрөгдүүлж байна. Жишээ нь, өвчин намдаах үйлчилгээтэй Ибупрофен 400мг нь Монголд үйлдэрлэсэн буюу Монос болон Армон эмийн үйлдвэрийнх жоргүй, харин Германд үйлдвэрлэсэн Денка фарма эмийн үйлдвэрийнх жортой, мөн Вьетнам улсад үйлдвэрлэсэн жороор олгохоор заасан байна.
Энэ нь иргэдэд төөрөгдөл үүсгэж, Монголд үйлдвэрлэснийг иргэдэд тулгаж байна, сонголт хийх боломжийг олгосонгүй гэж шүүмжилж байв. Мөн адилхан үйлчилгээтэй юм бол бүгдийг жоргүй олгох ёстой зэргээр эмзүйчид болон иргэд байр сууриа илэрхийлсэн ч энэ эргэлзээг тайлах тайлбарыг Эрүүл мэндийн яамнаас өгсөнгүй.
Иргэдийн ханиад томууны үед өргөнөөр хэрэглэдэг Терафлю, Тайлал хот, Ацц зэрэг эмийг жоргүй олгох аж. Харин бүх төрлийн антибиотикийг заавал жороор олгох заалтыг мөрдөнө.
Иргэд та бүхэн ЭНДЭЭС жортой болон жоргүй олгох эмийн жагсаалттай танилцаарай.
https://itoim.mn/a/2024/10/20/event/kif?bd1ac8818fe09b08e4aba5afac660b86