"Утасны дуудлагаас айх" эмгэг залуу үеийнхэн дунд газар авчээ

"Утасны дуудлагаас айх" эмгэг залуу үеийнхэн дунд газар авчээ

 

Өмнөд Солонгосын залуу үеийнхэн дунд "Утасны дуудлагаас айх эмгэг" газар авчээ. Тэд утсанд нь дуудлага ирэх үед авахаас эмээдэг бөгөөд танихгүй дугаараас дуудлага ирсэн тохиолдолд хариу өгөхгүй байхыг илүүд үздэг байна. 

Утсаар ярихаас илүүтэй мессежээр харилцах нь тэдэнд амар санагддаг тул энэхүү айдсыг "Call phobia" хэмээн нэрлэх болжээ. Энэ төрлийн эмгэгтэй хүмүүс утсаар ярих үед сэтгэл түгших, зүрхний цохилт нь ихсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ. Тэдний талаас илүү хувь нь утасны дуудлагад хариу өгөхгүй, хойшлуулахыг хичээдэг байна. 

Саяхан "Alba Heaven" хэмээх сайт миллениалс болон Z үеийн 1496 хүний дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын 35.6% нь Call phobia-ийн шинж тэмдэгтэй байсан нь өмнөх жилийнхээс 5.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Call phobia нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл ажиглагддаг бөгөөд судалгаанд оролцсон эрчүүдийн 20.9, эмэгтэйчүүдийн 75.9 хувь нь Call phobia-тай болох нь тогтоогджээ. 

 

 

Дуучин IU өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн ярилцлагадаа утсаар ярих нь түүнд хүндрэлтэй байдаг тухайгаа дурджээ. Хүмүүстэй удаан утсаар ярьж чаддаггүй түүнд ээжээс нь дуудлага ирэхэд хүртэл хэцүү санагддаг гэжээ. 

Судалгаанд оролцогчдын 60 хувь нь утсаар ярьж байх үедээ гэнэтийн асуултад хариу өгөхөөс эмээдэг бол 55.9 хувь нь санаа зовоосон асуудалд өөрийгөө хангалттай илэрхийлж чаддаггүй хэмээсэн байна. 

"Call phobia" зөвхөн Өмнөд Солонгос улсад тулгарч буй асуудал биш дэлхий нийтийн асуудал болоод байгаа билээ. Америкийн CBS NEWS-ийн наймдугаар сард хийсэн мэдээлэлд АНУ-ын Z үеийнхний 90% нь утасны дуудлагад хариу өгөхөөс эмээдэг гэжээ. Мэргэжилтнүүд "Call phobia" нь сэтгэцийн эмгэг биш бөгөөд эмчилгээ шаардлагагүй гэж үздэг. Үүнийг даван туулахын тулд ярилцахад таатай байдаг хүнтэйгээ богино хугацаагаар ярих, сайн сайхан зүйлс ярилцах байдлаар утсаар ярих цагаа аажмаар нэмэгдүүлэхийг зөвлөдөг байна. 

 

 

https://news.zindaa.mn/4stu

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан