С.Баатаржав: Гарын хугарал, мултралын үед буруу боосноос болж тайрагдах, амь насаа алдахад хүргэдэг

 

Гарын хугарал, мултрал болон зөөлөн эдийн гэмтлийн үед анхны тусламжийг зөв үзүүлэх, мэргэжлийн эмчид хандах нь учирч болохуйц ноцтой хүндрэл, эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой талаар ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав мэдээлэл, зөвлөмж өглөө.

Тэрбээр "Осол гэмтлийн үед ясны хугарал, мултрал үүсдэг. Хугарлын үед эмийн болон мэс заслын эмчилгээний аргыг хэрэглэдэг.

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс бэртэж, гэмтсэн тохиолдолд нэгэндээ анхны тусламжийг үзүүлдэг байсан. Орчин үеийн шинжлэх ухаан хөгжихөөс өмнө манай оронд болон бусад улсад уламжлалт анагаах ухаан хөгжиж ирсэн.

Уламжлалт анагаах ухаан хөгжиж, маарамба нар сургалтад хамрагдаж, хугарлын үед гар заслыг хийж савх модоор чиг тавьдаг байв. 

Сүүлийн үед анагаах ухааны анхны мэдэгдэхүүнгүй, сургуульд сураагүй хүмүүс эрхтний хугарлын үед бариа засал хийж, буруу боосноос хүндрэлүүд гараад байгаа юм. Үүнийг мэргэжилтнүүд бариачийн балаг гэж ярьдаг. Энэ эмгэгийг тайлбарлахад тухайн эрхтний хугарал, мултралын үед гар засал хийж, савх модоор чиг боолтыг хийж байгаа юм. Мэргэжил эзэмшээгүй, сургуульд нь сураагүй хүмүүс буруу боосноос болж, тухайн мөчний цусан хангамж алдагдан удаан дарагдлын хам шинж буюу цусгүйжих эмгэг үүсдэг. Цусгүй болсноос тухайн эрхтэн үхжих, үхжилээс болж хүн хордох, амь насанд хүрэх хүндрэлүүд гардаг юм.

Хугарал, гэмтлийн үед анхны тусламжийг буруу үзүүлснээс хүндэрсэн хүмүүс ГССҮТ-д нэлээд ирдэг. Энэ тохиолдолд мэс заслын болон эмийн эмчилгээг хийдэг. Улмаар хүний гар тайрагдах, амь насаа алдахад хүргэдэг. Цусгүй болсноос бөөр, элэгний дутмагшлууд үүсэж, хүндрэх нөхцөлтэй байдаг.

Иймд гэмтэж, бэртсэн үед болж өгвөл эмнэлгийн байгууллагад хандаж, анхны тусламж аван эмчилгээгээ хийлгэж байхыг зөвлөе" хэмээн ярилаа.

Тус эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар өчигдөр/2024.01.21/ 343 хүн үйлчлүүлжээ.