Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн биотехнологийн компани болох “Cognitact” компани Альцгеймерийн өвчнийг (AD) цусны шинжилгээгээр илрүүлэх “PlasmarkAD”-ийн судалгааг өнгөрсөн долоодугаар сард эхлүүлсэн. Мөн сард АНУ-д төвтэй “Quest” компани эрсдэлийг үнэлэх зорилгоор зах зээлд мөн адил судалгаа нэвтрүүлсэн байна. Аль аль нь цусанд суурилсан биомаркерын шинжилгээ юм. “Cognitact”-ийн багийн профессор Эми Фу Кит-ю “Цусанд суурилсан уургийн биомаркеруудыг ашиглан өвчинтэй холбоотой үйл явц, тухайлбал, мэдрэлийн доройтол, үрэвсэл, судасны үйл ажиллагааг илрүүлж, үнэлдэг” гэж тайлбарлав. Сийвэнгийн 21 уургийн түвшинд дүн шинжилгээ хийснээр энэ шинжилгээ нь янз бүрийн биологийн үйл явцын зохицуулалтгүй байдлыг илрүүлж, явцын зэргийг цогцоор нь үнэлдэг байна. “Quest”-ийн тест нь амилоид уургийн хоёр пептидийг хэмждэг. Тэдгээрийн харьцаа бага байх нь Альцгеймерийн өвчин тусах эрсдэлтэй холбоотой гэж дүгнэсэн байна.
Өнөөдрийг хүртэл Альцгеймерийн оношийг өндөр өртөгтэй MRI сканнер, клиникийн танин мэдэхүйн шинжилгээнд тулгуурлан оношилдог бөгөөд энэ нь найдвартай байх магадлал тийм ч өндөр биш. Өвчтөн ядарсан эсвэл сандарч байгаа бол шинжилгээний хариу буруу гарах магадлал өндөр.
АНУ-ын Альцгеймерийн нийгэмлэгийн мэдээлснээр ихэнх хүмүүс буюу 99 хувь нь уг өвчний генийн мутацитай байдаггүй аж. Калифорнийн Номхон Далайн Мэдрэл судлалын хүрээлэнгийн Номхон далайн тархины эрүүл мэндийн төвийн захирал, насанд хүрэгчдийн болон ахмад настны сэтгэцийн эмч, доктор Дэвид Меррилл цусны шинжилгээ нь өвчний түүхийг дангаар нь авахаас илүү оношийг тогтооход илүү нарийвчлалтай байдаг гэдэгтэй санал нэг буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: SCMP