Харшлын өвчний талаар “Манба Дацан Бодь сэтгэлтэн” эмнэлгийн Зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.
-Уламжлалт анагаах ухаанд харшлыг хэрхэн авч үздэг вэ?
-Харшлын өвчин нь цус, шар усны эмгэг өвчлөл юм. 1990 оноос хойш дэлхий нийтээр харшил гэж өвчинд нэрвэгдчихээд байна. Энэ нь юун түрүүнд бидний хэрэглэж байгаа хоол хүнс, түүний бүтцэд харшил үүсгэгч байгаатай холбоотой. Бас химийн эм тарианд их хордож байна. Орчин үед гарч байгаа химийн эм тарианд их учир бий. Эдгээр нь цус, шар усыг гэмтээж байна. Хооллолт дээр анхаарахгүй байгаагаас бага насны хүүхдүүд их өртөж байна. Нялх нярай хүүхдүүд сүүн тэжээлээсээ л харшилж байна шүү дээ. Маш харамсалтай. Энэ нь нөгөө талаар хөхөөрөө хооллох шаардлагатайг харуулж байна.
Эдгээр харшил үүсгэгч нь хүний биед ямар нөлөө үзүүлж байна гэхээр хоол боловсруулах замын эрхтэн систем, ялангуяа элэг, цөс, дэлүүтэй холбоотойгоор шар усны эмгэгийг үүсгэдэг.
Хүний биед шар ус түгээмэл оршиж байдаг. Элгэнд тунгалаг цөвийн боловсролт явагдаад түүний цөв нь цөс болж байгаа юм. Цөс нь ахиж боловсроод цөв нь сувгаараа гадагшилж, шим нь биеэ шар усаар тэжээж байдаг. Тиймээс элэг, цөс, дэлүү зэрэг эрхтэнүүдийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор шар ус хямарч байна. Арьсаар тархсан шар ус арьсанд болоод мах булчинд шар усны эмгэгийг бий болгож байгаа юм.
-Харшлын үед ямар эмчилгээ хийдэг вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Орчин үеийн эмчилгээний зарчим бол юунд харшилтай байна гэж сорил тавиад тийм зүйлээс харшилтай, түүнээс зайлсхий гэдэг гол зарчимт байна. Хүмүүс энгийн хэрэглээний зүйлд их харшилтай болж байна. Нэг юмнаас харшилдаг байсан бол хоёр юмнаас харшлаад тэгээд цаашлаад маш олон зүйлээс харшилдаг болчихдог. Бүх ногоон жимс ногооноос харшилдаг хүн ч байна. Тийм учраас бид хоол ундандаа анхаарахаас гадна өөрийнхөө дотоод шар усны эмгэг дээр анхаарах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааны хувьд шар усны эмгэгийг нь илааршуулах хэрэгтэй гэж үздэг. Бид бас азтай байна. Ямар ч химийн найрлагагүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүн эм тан байна шүү дээ. Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээний зарчим барьж эмчилдэг.
-Эмчилгээний үр дүн ямар байна вэ?
-Бид 20, 30 жил харшилтай хүмүүсийг үзэж эмчилж байна. Үр дүн сайн байна. Гэхдээ харшил гэдэг бодисын солилцооны нэлээд гүнзгий түвшинд хямарчихсан байгаа учраас эмчилгээг залхууралгүй уйгагүй хийх хэрэгтэй. Манай хүүхэд төрөхдөө олон эм тариа хийлгэснээс болж харшилтай болсон. Харшлын эмнэлгээр яваад аргаа барсан. Өөрөө эмчлээд 20 гаран жил болж байна. Хүү маань жимс идэж чаддаггүй байсан, одоо бүх төрлийн жимс идэх боломжтой болсон.
-Нэг харшилтай хүн өөр юмнаас харшлаад байх магадлалтай гэдэг. Уламжлалтаар эмчлүүлбэл өөр зүйлээс харшлахгүй байх боломжтой юу?
-Уламжлалтаар суурийг нь эмчилж байгаа учраас ямар ч зүйлд харшлахгүй байх боломжтой. Бүх харшлаас сэргийлэх боломжтой.
-Ургамлын харшилтай хүмүүс тан уухаар харшилчих гээд байдаг, хэрэглэж болохгүй гэж яриад байдаг. Ийм зүйл практик дээр байдаг болов уу?
-Ургамлын харшилтай хүмүүс ургамлын эмнээс харшилна гээд шууд автоматаар ойлгоод байдаг. Харшилтай хүнд харшил өгдөг жорууд бий. Гэхдээ шар усны эмгэгийг нь эмчлэх, цөсний үйл ажиллагааг нь сайжруулах харшил өгөхгүй эм тан бий шүү дээ. Харшилтай хүнд харшлахгүй жоруудыг л өгнө. Тиймээс уламжлалтын мэргэжлийн эмчид хандаж, эм, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Нялх хүүхдэд өгсөн антибиотик ходоодны бактерт нь нөлөөлж, өсөлтийн явцад нь харшлын гол эх үүсвэр болдог гэсэн дүгнэлтийг хэсэг эрдэмтэд хийжээ. Энэхүү судалгааны тайлан JAMA Pediatrics анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байсан.
-Сүүлийн үед бага насны хүүхдүүд, бүр том хүмүүс хүртэл ханиаднаас ханиадны хооронд л байна шүү дээ. Тэгэхээр таны хэлсэнчлэн эм тарианаас их харшилж байна. Үүнээс яаж сэргийлэх вэ?
-Хүүхдүүддээ ханиад хүрэнгүүт нь шууд л антибиотик өгөөд, түүндээ дасал болоод, эцэстээ харшилж байна. Антибиотик хэрэгтэй үедээ хэрэгтэй. Гэхдээ бүх ханиаданд антибиотик хэрэггүй. Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс татгалзах хэрэгтэй. Миний хувьд би уламжлалт анагаах ухааны их эмч. Өөрөө антибиотик хэрэглэдэггүй, зөвлөдөггүй. Бүх төрлийн ханиад, амьсгалын замын эрхтэн системийн бүхий л өвчнүүдийг уламжлалтаар эмчлээд эдгээгээд болоод л байна.
Дээрээс нь энэ байнгын ханиадны эргэлтэд байна гэдэг нь хүмүүсийн бие махбод их сул, тамир дорой байна гэсэн үг. Тамир нь барагдчихсан учраас өвчин нь эдгэрч өгөхгүй, суурь хямрал нь байгаад л байна. Хүмүүс бие махбодоо их цуцааж байна. Цуцталаа ажил хийгээд байна уу, эсвэл дэмий зүйлд энергиэ зарцуулаад байна уу. Ялангуяа сэтгэлээ их цуцааж байна. Сэтгэлийн дархлаа муутай, их гутрамтай болжээ. Бие, сэтгэлийн дархлаа муу байгаа учраас их ядарч, цуцаж байна. Үүнийг амьдралын зөв хэмнэлээр л эдгээнэ шүү дээ. Тиймээс идэвхтэй байж, дотоод эрч хүчээр галын илчээ тэтгэх хэрэгтэй. Аливаа өвчнийг эдгээхэд сэтгэлийн дархлаа, эрч хүч их нөлөөлнө.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Манба Дацан эмнэлэг