Д.Уянга: Цаг хөдөлгөх нь нойрны асуудалтай хүмүүст сөрөг ч, нийт иргэдэд эерэг нөлөөтэй


Манай улс 2015 онд зуны цагийн хуваарьт шилжиж байсан ч цагийг урагшлуулж, хойшлуулах нь  ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлэхээс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг гэх шалтгаанаар уг тогтоолыг  2017 онд цуцалсан байдаг. Харин уг шийдвэрийг сэргээн, зуны цагийн хуваарьт шилжих асуудлыг өнөөгийн Засгийн газар дахин дэвшүүлж, яамдаас санал авч байна.
Эдийн засгийн бүтээмж талаасаа цаг урагшуулах нь зүйтэй гэж зарим хүн үзэж байгаа бол эрүүл мэнд талаасаа тогтсон цагийг өөрчлөх нь сөрөг нөлөөтэй гэж мэдээллүүд бий. Тэгвэл манай сайт цаг урагшлуулж, хойшлуулах нь хүний биед ямар нөлөөтэй талаар  Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эмч Д.Уянгаас тодрууллаа.
Д.Уянга: Цаг хөдөлгөх нь нойрны асуудалтай хүмүүст сөрөг ч, нийт иргэдэд эерэг нөлөөтэй
Тэрээр “Зуны цагт шилжсэнээр хүний бие организм хэвийн биоритмдоо ороход 7-14 хоног болдог гэж үздэг. Энэ нь хүн бүрд харилцан адилгүй байдаг. Ихэвчлэн бага насны хүүхэд, настай хүмүүс ба сэтгэл санааны тогтворгүй байдалтай хүмүүст цагийн хуваарь өөрчлөгдөхөд үзүүлэх нөлөө их байдаг. Цаг нэг цагаар урагшлахыг зарим хүн (ялангуяа ээлжийн ажилтай) мэдрэхгүй байдаг талтай. Энэ хугацаанд хамгийн ихээр гарах шинжүүд бол ядрах, сульдах, стресстэх, нойргүйдэх 45 хувь, цус харвах эрсдэл 8 хувь, зүрх судасны эрсдэл 2 дахин, зам тээврийн осол эхний 1-2 хоногт нэмэгдэх хандлагатай байдаг гэх судалгаа бий. Гэхдээ энэ нь зөвхөн богино хугацаанд үүсэх эрсдэл бөгөөд эргээд л хэвийн байдалдаа орно. Харин хүн аливаа өөрчлөлтөд дасан зохицох чадвартай  байдаг учраас цаг урагшилснаар цаашид нарны нөлөөгөөр дархлаа сэргэж, хөдөлмөрийн чадвар нэмэгддэг гэж үздэг.
Манай улс ойрын хэдэн жил зуны цагийн хуваарьт шилжээгүй. Өмнөх зуны цагийн хуваарьт шилжиж байсан үеийн байдлыг харахад, нэг талаас эрт босоод, эрт ажлаа амжуулаад, ажлын бүтээмж өндөртэй байсан. Нөгөө талаас цагийн хуваарь өөрчлөгдсөнөөр нойрны дэглэм алдагддаг. Нойрны дэглэм алдагдсанаар нэг хэсэг ядарч, сульдана. Хүмүүс ажил, амьдралынхаа байдлаас хамаарч өөр, өөр цагт унтдаг байж таараа. Жишээ нь, хүүхэд 09 цагт, ажил хийдэг хүмүүс 22, 23 цагт ч гэдэг юм уу. Цаг урагшлаад ирэхээр бид арай эрт унтах шаардлагатай болно. Үүнд дасаад, дэглэмдээ орж чадталаа унтахад нэг цаг, өглөө босоход нэг цаг хасагдчихаж байгаа юм. Хүн хоногт 7-8 цагийн нойр авах ёстой байдаг. Цагийн хуваарьт өөрчлөлт орсноор эхэн үед нойрны дэглэм алдагдаж 5-6 цагийн нойр авч байгаад 7-10 хоногийн дараа хэвийн байдалдаа ороод авах ёстой нойроо аваад эхэлнэ. Үүнд дасан зохицох 7-14  хоногт л архаг хууч өвчтэй хүмүүс, хөгшид, хүүхдүүдийн биед сөрөг нөлөөлнө үзүүлнэ. Архаг хууч өвчтэй хүмүүсийн даралт ихсэх, хүүхэд, хөгшид ядрах сульдах шинж тэмдгүүд илэрдэг. Гэвч энэ нь хэсэг хугацааных гэдгийг ойлгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрт, тогтмол цагт унтуулаад байвал ямар ч асуудалгүй.
Манай улсад өвлийн улирал урт, хавар намар, зуны улирал богино учраас нарнаас Д витамин авах хугацаа бага байдаг. Д витамин дутагдах нь тархи мэдрэлийн  олон өвчний суурь болдог гэх судалгаанууд бий. Тэгэхээр зуны цагийн хуваарьт шилжиж, эрт боссоноор нарнаас авах Д витамин төдий чинээ ихсэж, Д витамины дутагдлаас шалтгаалсан өвчний эрсдэлийг багасгана гэсэн үг. Нэг л цаг нааш, цааш болж байгаа асуудал. Богино хугацааны ядралтыг даван туулчих юм бол  амьдралын идэвх, ажлын бүтээмж нэмэгдэнэ, эрүүл мэндэд ч эергээр нөлөөлнө” гэлээ.     
Т.Амаржаргал
https://itoim.mn/a/2023/03/22/society/xnv
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан