- Малгай өмсөхгүй, толгой даарснаас үүдэн хуйх болон хүзүүний булчин чангардаг
- Толгой даарах нь тархинд очих цусны хэмжээ багасаж, цусан хангамжийн болон хүчил төгрөгийн дутмагчил үүсдэг
Хүйтний улиралд малгай өмсөхгүйгээс үүдэн хууч өвчин сэдэрдэг төдийгүй энэ зуршил нь элдэв өвчлөл үүсэх суурь шалтгаан болдог аж. Түүнчлэн насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувиа толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд биеийн дулааны гуравны хоёр хувиа алддаг байна. Тиймээс өвөл малгай өмсөөгүйгээс үүдэх өвчлөлийн талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн дарга Л.Энхсайханаас тодрууллаа.
-Хүйтний улиралд ч малгай өмсдөггүй хүмүүс олон. Тэдний ихэнх нь малгай өмсөж сураагүй гэх шалтгаанаар толгой нүцгэн явдаг. Энэ зуршил нь эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Малгай өмсөхгүй, толгой даарснаас үүдэн хуйх болон хүзүүний булчин чангардаг. Үүний улмаас булчингийн чангарал үүсэх бөгөөд булчингийн гаралтай янз бүрийн өвдөлт өгнө. Мөн толгой даарах нь гавлын гаднах болон бусад судас агшихад нөлөөлдөг. Ингэснээр тархинд очих цусны хэмжээ багасаж, цусан хангамжийн болон хүчил төрөгчийн дутмагчил үүсдэг төдийгүй энэ зуршил нь бусад өвчлөлийн суурь шалтгаан болдог. Улмаар ой тогтоолт муудах, толгой өвдөх, амархан ядардаг болох, аливааг ойлгохгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
-Нэг өвөл ч биш олон жилийн турш малгай хэрэглэж байгаагүй хүмүүс цөөнгүй. Эдгээр хүнд дээрх өвчлөлөөс гадна өөр хүндрэл үүсэх үү?
-Удаан хугацаанд толгой даарснаар дээрх зовиур түр хугацаанд биш үргэлж мэдрэгддэг болно. Үүнээс гадна хүний биеийн дулааны зохицуулалт алдагддаг. Улмаар амархан даардаг болж, дархлаа сулран ханиад томуу болон бусад халдварт өвчинд өртөх эрсдэл үүснэ. Мөн бага насны хүүхэд биеийн дулаанаа хадгалах чадвар бага байдаг тул эцэг эхчүүд хүүхдэдээ малгай өмсөх дадлыг хэвшүүлэх хэрэгтэй.
-Толгой даарснаар үүсэх хүндрэлийн талаар та ярилаа. Тэгвэл зуны халуунд малгай өмсөөгүйн улмаас нарших, даралт ихсэх зэрэг хүндрэл үүсдэг. Энэ нь ямар учиртай вэ?
-Малгайг хүйтэнд эсвэл халуунд өмсөх нь тохиромжтой. Халуунд малгай өмсөхийн ач холбогдол их. Учир нь нарны хэт туяа хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, халуунд малгайгүй байснаар толгой өвдөж манарах зэрэг хүндрэл үүснэ. Мөн даралт өндөртэй болон ахмад настай хүмүүсийн даралт ихсэж, харвалт үүсэх эрсдэлтэй.
-Хүйтэнд малгайгүй явахаас гадна хүйтэн усаар толгойгоо угаах, нойтон үстэй гарах зэрэг дээрх хүндрэл үүсэхэд нөлөө үзүүлдэг үү?
-Тийм ээ. Хэт хүйтэн усаар толгой угаах, үсээ хатаахгүй хүйтэнд гарах зэрэг буруу зуршил тогтмол үйлддэг бол өвчлөл үүсэх эрсдэлтэй. Хэдий эхэнд ээ зүгээр мэт байсан ч ирээ дүйд өвчлөл үүсэх эрсдэл их.
О.Даваасүрэн
ЗГМ