Улсын хоёрдугаар төв эмнэлгийн чих хамар, хоолойн эмч Д.Чулуунбаатартай ярилцлаа.
-Хамар битүүрэх нь хүн болгон тохиолддог энгийн зүйл мэт болоод байна. Ер нь ямар шалтгаанаар хамар битүүрдэг вэ?
-Хамар битүүрэхэд олон төрлийн шалтгаан бий. Үүний голлох шалтгаан нь гэмтлийн гаралтай хамар битүүрэлт, удаах шалтгаан нь харшлын гаралтай хамар битүүрэлт. Гэмтлийн гаралтай хамар битүүрэлт хамгийн түгээмэл байдаг. Хамрыг хоёр хуваадаг, хамрын таславч мурийвч буюу ясан, мөгөөрсөн хоёр хэсэг байдаг. Мөгөөрсөн хэсэг мурийсан бол хамар битүүрэлтийн голлох шалтгаан болно. Үүнийг мэс заслын аргаар л эмчлэх боломжтой. Хамар битүүрэх дараагийн шалтгааныг харшлаас үүдэлтэйг хэлсэн. Жишээлбэл, ургамлын гаралтай харшил, гадна орчны тоос шороо, харшил төрүүлэгч элементүүдийн нөлөөгөөр хамрын самалдаг буюу хамрын мах томорч хөөдөг. Энэ бол хотжилт, тоос шороо, хүнсний хэрэглээ, эмийн хэрэглээ, янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй холбоотойгоор харшил төрүүлэгч элементүүд хүний биед нөлөөлж харшлын гаралтай хамар битүүрэлт ихсэх шалтгаан болдог. Мөн гэртээ амьтан тэжээх, тасалгааны таримал ургамал байлгах нь харшил үүсэж, хамар битүүрэх шалтгаан болоод байгаа. Гэвч хүмүүс харшлаад байна гэдгээ мэдэхгүй яваад байдаг. Хамрын таславч муруйвч буюу ясан, мөгөөрсөн хоёр хэсэг байдаг. Мөгөөрсөн хэсэг муруйсан бол хамар битүүрэлтийн голлох шалтгаан болдог. Үүнийг мэс заслын аргаар л эмчлэх боломжтой. Хамар битүүрэх дараагийн шалтгаан бол янз бүрийн харшил. Мөн гэртээ амьтан тэжээх, тасалгааны таримал ургамал байлгах нь харшил үүсч, хамар битүүрэх шалтгаан болоод байгаа. Гэвч хүмүүс харшлаад байна гэдгээ мэдэхгүй яваад байдаг.
-Хамар байнга битүү явах нь ямар сөрөг нөлөөтэй вэ. Цаашид өвчний суурь болох магадлалтай юу?
-Хамар битүү байгаад байвал амьсгалах үйл ажиллагаа алдагдана. Ингэснээр амьсгалаа хамраараа биш амаараа авч эхэлнэ. Хүн хамраараа жигд амьсгал авч, амаараа нэмэгдэл амьсгал авдаг. Ер нь хамраараа авсан амьсгалаар хүчилтөрөгчийн эрдсээ авч, хангаж байдаг. Тэгэхээр хамар битүүрээд, амаараа амьсгалаа аваад эхэлбэл ямар ч шүүлтүүргүй, нян бактериар амьсгалаад байна л гэсэн үг. Үүнээс үүдэн шүдний өвчин, хоолойн мах буюу ангина, хоолой өвдөмтгий болох гэх мэт өвчний эхлэл болж байдаг. Мөн цэвэр агаарын солилцоо алдагдсанаас тархинд очиж байгаа агаарын солилцооны хүчилтөрөгчийн хэмжээ буурч амархан ядрах, сульдах, хүүхдийн хувьд тайван бус болох гэх жишээний шинж тэмдгүүд илэрдэг.
-Хамар битүүрснээс үүдэн хамрын цацлага тогтмол хэрэглэдэг хүмүүс байдаг. Үүнд гаж нөлөө бий юу?
-Хамрын дотор байдаг самалдаг гэх эрхтэн нь цусаар дүүрснээс болж хөөж хавагнаснаар хамар битүүрдэг. Үүнийг агшаахын тулд судас нарийсгах найрлагатай хамрын дусаалгууд хэрэглэдэг. Хамрын цацлага нь түр хугацаанд хамар дотор байх судас, махыг агшааж амьсгалыг хэвийн болгодог. Гэхдээ түр хугацаанд гэдгийг мартаж болохгүй. Хамрын өөрийн физиологийн зохицуулалт нь агаарын бүлээсгэж, чийгшүүлж хүлээж авах. Гадна орчинд байгаа нян бактерийг шүүж хүлээж авч цааш дамжуулах үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Хамрын цацлага байнга хэрэглэснээр эдгээр үйл ажиллагаануудад өөрчлөлт орно. Ягаад гэвэл цацлага хэрэглээд байнга хамрын судас агшаагаад тэжээл дутагдана, судасны салстын чийглэг байдал алдагдана. Ингэснээр хамар дотор байгаа бүх эрхтэн нийлэхүйдээ хуурайшил үүсэж гүнзгийрсээр эд эрхтэндээ шарх шархлаа үүсгэх, судас гэмтээх асуудлууд үүснэ.
-Хүүхдийн хамар ч мөн их битүүрдэг болсон. Том хүний хэрэглэдэг хамрын цацлагыг хүүхэд хэрэглэж болох уу?
-Болохгүй. Манайхан хамрын цацлагыг дур мэдэн хэрэглэдэг. Хүүхдийн хамрын анатоми гэдэг чинь насанд хүрсэн хүнийхээс тэс өөр. Дээр хэлсэнчлэн хамрыг хоёр хуваадаг. Мөгөөрсөн хэсэг байж байгаад яс болоод хоёр хуваагддаг. Хүүхдийнх бол ясжиж, бэхжээгүй мөгөөрс хэвээрээ байдаг. Хүүхэд бол хамрын хөгжил нь гүйцээгүй байдаг. Хүүхдийн хамар битүүрэх хамгийн том шалтгаан нь тагнайн ар талд нармайн булчирхай нэртэй өвөрмөц булчирхай байдаг. Нармайн булчирхай нь хүүхдэд том байдаг. Энэ булчирхай нь үрэвсээд илүү томорвол хамрын арын амьсгалыг хаадаг. Энэ булчирхай томорч байна уу үгүй юү гэдгийг мэргэжлийн эмчид хандаж, шинжилгээ хийлгэж байж мэдэх боломжтой. Хүүхдийн хэрэглэдэг хамрын дусаалга орц найрлагаасаа эхлээд огт өөр, тусдаа байдаг.
-Хамар битүүрэхэд өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийх нь зөв үү. Та зөвлөгөө өгөөч?
-Хамрын эрүүл ахуйг хамгаалах, өвчлөлөөс сэргийлэх арга бол хамраа угааж цэвэрлэх. Үүнийг хэвшүүлж сурах хэрэгтэй. Хүн гараа угаадаг шигээ хамраа ч мөн адил цэвэрлэж байх хэрэгтэй. Хүмүүс хүнсний содоор хамар амаа зайлаад байдаг. Содын уусмал удаан хугацаагаар хэрэглэх нь чийгшлийг багасгаж, хоолой хамрыг хатаадаг. Мэргэжлийн эмчийн үүднээс хамраа өглөө оройдоо хамар угаах зориулалттай бэлдмэлүүд, мөн далайн давсны уусмалаар цэвэрлэж байгаарай. Хамрын цацлага хэрэглэдэг бол нэг төрлийн цацлага хэрэглэхээс зайлсхийгээрэй. Олон төрлийн цацлагыг ээлжилж хэрэглээрэй гэж зөвлөе.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Амаржаргал
https://itoim.mn/a/2023/03/16/healthy-mongolia/ggz