Хүүхдийн чихний гуурс богино учир илүү өвчлөмтгий байдаг

Хүний чих нь хамартай нарийн гуурсаар холбоотой байдаг. Энэ гуурсны тусламжтайгаар чихний хэнгэргэн хөндийн даралт тэнцвэржин сонсох үйл явц хэвийн явагддаг байна. Чих өвдөх гол шалтгаан нь ханиад, томуу буюу амьсгалын дээд замын халдварууд, ялангуяа хамрын цочмог болон архаг үрэвслүүд юм.
Мөн хамрын архаг харшил ч чих өвдөх шалтгаан болно. Эдгээр дурдсан шалтгаануудын улмаас хамар битүүрч, өвдөн улмаар чихтэй холбогдсон нарийн гуурс үрэвсэж дотор салст хавагнаж битүүрнэ.
Гуурс битүүрсэнтэй шууд холбоотойгоор хэнгэргэн хөндийд агааржилт буурч даралт үүссэнээр чих хатгаж өвддөг. Чих өвдсөн үед гэрийн нөхцөлд дур мэдэн арга хэмжээ авах нь нян бактер хуримтлагдаж, идээлүүлэн чихний цочмог болон архаг үрэвсэл үүсэх шалтгаан болдог.
Хүүхдийн чихний гуурс богино байдаг учир чих нь илүү өвчлөмтгий байдаг. Тиймээс таны ойр орчмын хүний чих өвдөж байгаа бол цаг алдалгүй чих, хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид хандаарай. 

ХҮҮХДИЙН ЧИХЭЭР ХАТГАХ ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Үрэвсэл чихний хаана үүссэнээр нь эмнэлгийн ойлголтоор гадна, дунд, дотор чихний үрэвсэл гэж нэрлэнэ. Чихээр хатгаж өвдөх булагтах нь нярай, хөхүүл, бага насны хүүхдэд тодорхой шинж тэмдэггүй гэнэт шүүс, идээ гоожих шинжээр эхэлнэ. Нярай хүүхдийн чихээр хатгаж өвдөх нь нусгай, ханиад томуу, улаан бурхан, ягаан эсэргэнэ, төрөх үед хүүхдийн дунд чихний хөндийд ургийн ус орсноос, дунд чихний үрэвсэл үүснэ гэж үздэг.
Хамар, залгиурын хоорондоо харьцдаг хоолой буюу хөндийг "Евстахийн хоолой" гэж нэрлэдэг. Энэ хоолойг тайлбарласан эмчийн нэрээр ингэж нэрлэжээ. Нярай хүүхдэд энэ хоолой өргөн бөгөөд богинохон байна. Хүүхдийн биеийн эсэргүүцэл сул учир үрэвсэж өвдөх нь бий. Том хүн хамраа чимхэж байгаад дүлэхэд чих нь сийгэж дуугардаг. Ингэж сийгэж дугардаг хамар, залгиурын хоорондоо харьцаатай хөндий агааржиж байх ёстой. Агааржилт нь муудвал чих өвдөнө.
Илрэх шинж: Голдуу онцын зовиургүй гэнэт чихнээс шүүс, идээ гарч эхэлнэ. Нярай, хөхүүл хүүхдийн чих өвдөх үед хүүхэд тайван биш болно. Шөнө уйлна, толгойгоо хоёр тийшээ хөдөлгөж, хүзүүгээ шөргөөх аядана. Гэнэт уйлна. Гараа сарвагануулж чихэндээ хүргэх аядана. Хөхөө хөхөхдөө уйлна. Энэ нь сүүгээ сорох, залгих үед дунд чихний хөндийн даралт ихэсдэг учир өвддөгтэй холбоотой. Хүүхдийн хамар битүүрнэ. Халуурна. Өтгөн шингэрнэ. Чихний арын овгор орчим хүрэхэд уйлна.
Урьдчилан сэргийлэх арга: Хүүхдийг хөхүүлэхдээ хөхөөрөө хамрыг нь таглаж болохгүй. Хэвтэж байгаад хөхүүлж болохгүй. Хөхүүлэх үед хүүхэд хамраараа чөлөөтэй амьсгал авч байх ёстой. Ханиад хүрсэн үед хамрыг нь сайн онгойлгох арга хэмжээ авна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан