С.Хулангаа: Эрүүл байя гэвэл эхлээд саахарын хэмжээгээ хяна, дараа нь...


Эрүүл урт наслахын хамгийн гол нууц нь эрүүл зөв хооллолт байдаг
Тиймээс бид энэ сэдвээр болон олон асуудлын талаар Монголын хоол зүйчдийн холбооны гишүүн, Монгол үндэсний шигшээ багийн хоол зүйч С.Хулангаатай ярилцлаа.
-Ярилцлагаа эрүүл зохистой хооллолт гэж юуг хэлэх вэ гэдгээс эхэлье?
-Зохистой хооллолт гэдэг нь ерөөсөө нэг л зүйл байдаг. Үндсэн суурь ойлголт нь хүнсний зургаан бүлэг юм. Үүнд, үр тариа, мах, өөх тос, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ багтана. Энэ зургаан бүлгийн өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэж байгаа хүнийг л эрүүл тэнцвэртэй зохистой хооллож байгаа гэж үзнэ.
-Хүн өдөрт хэдэн цагийн зайтай хоолох хэрэгтэй вэ?
-Хүний амьдралын чанар, насжилтад хамгийн их нөлөөлдөг зүйл бол цусан дахь саахарын хэлбэлзэл юм. Цусан дахь саахарын хэмжээ огцом өсөж буурах, гэнэт их идээд тэгснээ юу ч идэхгүй өдөржингөө явах нь хүний амьдралын чанарт шууд нөлөөлдөг. Тэгэхээр хүн эрүүл байя гэвэл цусан дахь саахарын хэмжээгээ хамгийн бага хэлбэлзэлтэй байлгах хэрэгтэй. Үүний тулд хүн бага хэмжээгээр ойр ойрхон хоол идэх ёстой. Ингэж идэхийн хамгийн том давуу тал нь нэгд, эрүүл мэндийн хувьд маш олон ач холбогдолтой. Хоёрт, жин нэмэхгүй, таргалалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Гуравт, амин дэм эрдэс бодисыг ойр ойрхон авдаг.
Жишээ нь, өдөрт та 1500кл авах хэрэгтэй гэж бодъё. Танд энэхүү илчлэгээ нэг дор авах уу, таваас зургаан удаа хувааж авах уу гэдэг нь чанарын хувьд маш их ялгаатай байдаг. Тиймээс аль болох давтамжтай ойр ойрхон идвэл зүгээр юм. Гэхдээ үүн дээр хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь таваас зургаан удаа хоол иднэ гэхээр дандаа махан хоол идэх юм шиг ойлгоод байдаг. Гэтэл өдрийн үндсэн хоол буюу өглөө, оройны хоолондоо махан иднэ. Өглөөний цайгаа ууна, дунд нь 11, 16 цагт хөнгөн хооллохын хэлж байгаа юм. Нэг жижиг аяга сүү уух, жижигхэн хэмжээний ааруул идэх нь хөнгөн хооллолтод ороод явчихна. Хүмүүс эрүүл хооллолт гэдгийг хүндээр тусгаж аваад байдаг. Энэ бол хамгийн том алдаа юм.
-Биеийн жингээ бууруулахыг хүсч байгаа хүмүүс хэрхэн хооллох хэрэгтэй вэ?
-Жин хасах хөтөлбөрийн хамгийн чухал зүйл нь ойр ойрхон олон давтамжтай бага хооллох байдаг. Тэгэхээр хүн өлсөхгүй, ядрахгүй, шим тэжээлийн бодисыг тасралтгүй авснаар хүнд өлсөх, ядрах мэдрэмж ирдэггүй гол зарчим нь тэр юм. Тиймээс аль болох олон давтамжтай хооллох хэрэгтэй.
-Зарим хүн эрүүл хооллож байна гээд өглөө, өдөр хооллочхоод үдээс хойш юм иддэггүй. Тэгэхээр энэ бас буруу хооллолтдоо орох уу?
-Тийм ээ, энэ нь та өдрийн хоёр цагаас хойш хоол идэхгүй байсан ч жин нэмнэ гэсэн үг юм. Хүмүүс орой хоол идэхгүй бол жин хасна гэж ойлгоод байдаг, энэ буруу л даа. Учир нь, Энергийн тухай хууль буюу термодинамикийн нэгдүгээр хууль болох энерги устаж алга болдоггүй шинээр бий болохгүй, зөвхөн нэг биеэс нөгөө биед шилжинэ гэдгийн дагуу жин хэлбэлздэг гэсэн үг юм. Тэгэхээр та нэг дор өдөрт авах илчлэгээ авах уу, эсвэл хувааж авах уу гэдэг чанарын хувьд ялгаагүй.
-Эрүүл хүнсийг яаж сонгох хэрэгтэй вэ?
-Дэлхийн зохистой хооллолтоор өөрийн 300км радиус дотор байгаа хоол хүнсийг хэрэглэх тухайн хүний бие махбодод илүү сайн шингэдэг. Тэгэхээр та Европоос жимсээ битгий зөөж ид, усаа Солонгосоос битгий ав гэсэн үг юм. Яагаад гэвэл, таны эмээ өвөө, өвөг дээдэс чинь тэдгээр хоол хүнсийг идэж байсан учраас таны бие махбодод өвөрмөцөөр тэдгээр бүтээгдэхүүнүүд илүү сайн шингэж чаддаг гэж ойлгож болно. Хүмүүст Монголд эрүүл хооллоё гэхээр өртөг өндөртэй гэж ойлгоод байдаг. Хэрвээ бид боломжтой бол намрын улиралд жимсийг хөлдөөж хадгалах юм бол манай орны жимс аньс, чацаргана зэрэг жимснүүд импортын жимснээс хэд дахин өндөр шим тэжээлийн агууламжтай байдаг.
Жишээ нь, нүдний харааны үйл ажиллагаанд антоцианин гэх сайн бодис нь бусад орны нэрстэй харьцуулахад монгол нэрсэнд 500 дахин өндөр байдаг. Бид их хэмжээгээр жимс идэх шаардлагагүй. Нэг халбага идэхэд л өдөрт авах ёстой шим тэжээлээ бүрэн авч чадна. Нөгөө талаас шим тэжээлийг хүн маш бага тунгаар авах хэрэгтэй.
-Зарим хоол зүйч монгол хүний онцлогт тохирсон хоол хүнс гэж яриад байдаг. Үнэхээр тийм онцлог гэж бий юу?
-Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй. Яагаад гэвэл, монголчуудын уламжлалт хоол хүнс тийм байсан. Зундаа зөвхөн гэдсээ цайлгадаг гэх мэт. Гэхдээ тухайн үед амьдралын хэв маяг одоогийнхоос тэс өөр байсан. Жишээ нь, өвөл малчид наймаас арван цаг гадаа байдаг. Тэгж гадаа олон цагаар байгаа хүмүүст уураг буюу махны хэрэгцээ их байх ёстой. Эсрэгээрээ зун бид нар махны хэрэгцээгээ багасгах хэрэгтэй. Учир нь, халууныг дагаад хөлсөөр шингэн их алддаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар улаан махны хэрэгцээ буурахад бүх төрлийн хорт хавдар буурдаг болох нь тогтоогдсон. Тиймээс бидний өвөг дээдсийн хооллолт ийм байгаа гэхээсээ илүү өнөөдөр бид амьдралын хэв маяг өөр болсон гэдгээ ойлгох нь чухал юм.
-Хүүхдийн хооллолт насанд хүрсэн хүмүүсийнхээс ямар онцлогтой вэ?
-Хүүхдийн хооллолт насан хүрэгсдийнхээс огт өөр байдаг. Жишээ нь,  таван нас хүртэлх хүүхдийн тархины үйл ажиллагаа нь эрчимтэй явагдаж байгаа учраас өөх тосны хэрэглээ хамгийн их байдаг. Гэтэл зургаагаас долоон нас хүртэлх үедээ хоногт авах ёстой махны хэрэглээ нь 40 грамм буюу атга хэмжээтэй эсрэгээрээ нүүрс усны хэрэглээ нь өндөр болдог. Хүүхдийн эрүүл хооллолт гэдэг бол нас насанд нь тохирсон шим тэжээлээр хангахад оршино. Энгийнээр та өдөрт хүүхэддээ заавал  нэг ширхэг жимс, нэг аяга сүү тогтмол өгөх хэрэгтэй.
-Хүний сэтгэл зүйн эрүүл мэнд зохистой хооллолтод ямар хамааралтай байдаг вэ?
-Энэ талын судалгаа шинжилгээ сүүлийн үед дэлхий даяар маш их хийгдэж байгаа. Үүнд хоёр шалтгаан байгаа юм. Нэгд, хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй сэтгэл зүйн хямрал, нөгөө талаас сэтгэл зүйн хямралаас үүдэлтэй бие махбодод шим тэжээлийн дутагдал үүсээд байгаа. Жишээ нь, B6 витамин бие махбодод илүүдэхэд хүний бие шизофрени үүсдэг. Магадгүй шизофрениэс үүдэлтэй B6 хэрэгцээ нэмэгддэг. B12 буюу дандаа маханд байдаг уургууд ихдэх нь хүнийг ууртай, огцом, ширүүн болгодог. Монголчууд ууртай омголон хүмүүс байдаг шүү дээ энэ нь магадгүй нэг талаараа B12-ийн илүүдэлтэй байж болох юм. Бидний идэж байгаа хоол хүнс бидний эрүүл мэндтэй шууд хамааралтай байдаг.
-Сүүлийн үед эмэгтэйчүүд эрүүл хооллолт гээд бүх зүйлээ хасаад эхэлдэг энэ нь хэр оновчтой вэ?
-Хэрвээ та хоолоо хасаад зургаан килограмм хасаж байгаа бол дараа нь зургаан килограмм нэмэхдээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл богино хугацаанд жин хасах нь хүн зөвхөн өөхний массаа хасах гэхээсээ илүү булчингийн массаа алддаг. Ер нь жин хасах бүх аргыг дотор нь гурав ангилдаг.
  1. Маш хурдан жин хасах
  2. Огцом жин хасах
  3. Аажмаар жин хасах гэж ангилдаг.
Эдгээрээс хамгийн эрүүл хүний ажиллах чадвар болон сэтгэл санаанд хамгийн бага нөлөөлдөг нь гурав дахь арга буюу аажмаар жин хасах юм. Эрүүл жин хасалт бол дунджаар сард хоёроос илүүгүй жин хасалт байдаг. хэрэв тэрнээс дээш жин хасах бол ихэнх тохиолдолд булчингийн массаа алдаж байгаа гэсэн үг юм.
-Төрөл бүрийн хоолны дэглэмүүд байна. Эдгээр нь яг эрүүл хооллолт байж чадах уу?
-Жин ерөөсөө буухгүй байгаа тохиолдолд л эдгээр дэглэмүүдийг хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ үүнийг амьдралын хэв маяг болгож болохгүй. Жишээ нь, мацгийг амьдралынхаа хэв маяг болгож байсан хүнтэй ярилцаж байсан. Гэтэл тэр хүн урт хугацаандаа үүнийг амьдралынхаа хэв маяг болгоод урт хугацаанд жин хасчихаар ходоодны үрэвсэл, элэгний үйл ажиллагаа муудах шинж тэмдэг ажиглагддаг. Ходоод маш удаан хугацаанд өлсгөлөн байгаад ирэхээр хүчиллэг буюу хелико бактерийн амьдрах чадварыг нэмэгдүүлдэг. Тиймээс янз бүрийн дэглэм нь жин хасах оновчтой сонголт биш юм.
-Ярилцсанд баярлалаа.
Л.Дөлгөөн
http://itoim.mn/article/pY2xO/36252
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан