Л.Нанжид: Сээр цохиход зөөлөн эд гэмтэж, гараа тайруулах ч эрсдэлтэй


"Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Эрүүл мэнд” буландаа ГССҮТ-ийн Гар сарвуу  нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжидтай ярилцлаа. Тэрбээр Монголд эгэмний холбоосыг зангуут бэхэлгээ ашиглан эмчлэх аргыг нэвтрүүлж 150 хүнийг эмчилсэн ачтан ажээ. Мөн ГССҮТ-д 15 жил ажиллаж буй юм.
 
-Өнөөдрийн байдлаар танай тасагт ямар гэмтэл түгээмэл байна вэ?  
-Гарын гэмтэл нь дээд мөчдийн гэмтэлдээ орно. Үүнд яс, зөөлөн эд, судас, шөрмөс, мэдрэл хамаарна. Эдгээр нь харилцан адилгүй нөлөөллөөр үүсдэг. Тухайлбал, иртэй хутга, хөрөө, таслагчаас шалтгаалж байна. Мөн анхаарал болгоомжгүйгээс халтирч унахад ихэвчлэн ясанд хугарал үүсдэг.
 
-Тухайлбал, өвлийн улиралд халтиргаа гулгаатай байдаг?  
-ГССҮТ-ийн Гар сарвууны тасаг жилийн дөрвөн улирал харгалзахгүй ачаалалтай байдаг. Мэдээж улирал нөлөөлөлгүй яах вэ. Өвлийн цагт халтиргаа гулгаанаас үүсэх гэмтэл байна. Гурав, дөрөвдүгээр сараас барилгын ажил эхэлдэг. Энэ үед хөрөө, таслагч, харуул гээд бусад багажаас болж гэмтдэг. Тухайлбал, гар хуруугаа огтолсон, зүссэн, тайрсан хүмүүс их ирэх жишээтэй. Барилгын ажил дуустал энэ төрлийн гэмтэл тасардаггүй. Тиймдээ ч манай эмч нар цаг хугацаа алдалгүй яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хугацаа хожимдож эмнэлэгт ирснээр гар хуруу нь үхэждэг. Тиймээс хөдөлмөр эрхлэхдээ аюулгүй байдлаа хангаж ажиллах хэрэгтэй. Тухайн багаж хэрэгсэлтэй харьцахдаа хэн ч аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг уншдаггүй. Хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж хохирох нь харамсалтай шүү дээ. 
 
-Иргэд гэмтэж бэртсэн, өвдсөн хойноо эмнэлэгт очдог. Энэ нь эрүүл мэндийн боловсролтой нь холбоотой байх?  
-Санамсаргүй байдлаар хурууны өндгөө түллээ гэхэд их зовиурилж үүнээсээ болж  хөдөлмөрийн чадвараа алддаг. Мөн бага зэргийн гэмтлээс насан туршдаа хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол ч бий. Иргэд тэр дундаа эрчүүд ширээний буланд гараа цохилоо гэхэд бага зэрэг хавдаж, хөндүүр байна гээд тоодоггүй. Энэ нь явсаар хүндэрч гараа тайруулах, мэс засалд ордог. Тиймээс бага зэргийн гэмтэл ч бай эмчид үзүүлж, зөвлөгөө, мэдээлэл авах хэрэгтэй. Мөн иргэн өөрөө эрүүл мэндийн боловсролтой байх нь чухал. 
 
-Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, хариуцлагатай байхын тулд яах ёстой гэж?  
-Бид гадаадад сургалт болон мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагддаг. Ер нь иргэддээ бага наснаас нь эхэлж өөрийн эрүүл мэнддээ анхаарч, тодорхой хэмжээний мэдлэг суулгахад нь анхаардаг юм билээ. Одоо үед аажуу яв, хурдаа хас гэсэн сэрэмжлүүлэг өгч байна. Үүнийг ухамсар хандлага нь гүйцсэн  хойно нь биш хүүхэд байхаас нь хэлж ойлгуулах нь чухал санагддаг. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг, мэдлэг боловсролтой байх хэрэгтэй. Хүн өөрийн үзэж, харсан зүйлээ хийж, хэрэгжүүлдэг. 
 
-Сүүлийн үед залуус сээр цохих нь түгээмэл байна. Магадгүй нэгнийгээ дуурайж гараа гэмтээгээд байх шиг?  
-Сээрний ясыг гараараа цохих нь шууд утгаараа ясыг ясаар цохиж байгаа хэрэг. Миний харж байгаагаар аль нэг яс нь хугарна. Сээрний яс хугарах нь хэнд ч хамаагүй, үр өгөөжгүй. Харин тухайн хүний өөрийнх нь яс хугарвал хохиролтой. Мөн зөөлөн эд гэмтсэнээр хаван, хавдар үүсэж нян бактери бий болно. Үүнээс болж гараа тайруулах ч эрсдэлтэй. Мөн манай эмнэлэг халтирсан, болгоомжгүй байдлаасаа болж бэртсэн хүмүүсийг эмчилж байгаа. Үүний хажуугаар зүгээр байж байгаад өөрийгөө гэмтээж эмч нарын ачааллыг нэмэх нь асуудал дагуулсаар байна. Би саяхан өөрийнхөө цахим хуудаст сээр цохисноор үүсэх гэмтлийн талаар бичиж иргэдэд анхааруулсан. Гэтэл зарим залуус “Өөрийнхөө гараар юу хийх нь өөрт чинь хамаагүй” гэсэн сэтгэгдэл ирүүлсэн байсан. Мөн “Чиний хийх ёстой ажил” гэсэн байдлаар хандсан хүн ч байна. Харин миний хувьд сээрний яснаас болж өөрийгөө гэмтээхгүй байгаасай, ямар ч ач холбогдолгүй зүйлээс болж өөрийгөө бүү хохироогоосой билээ гэж бодсон хэрэг. 
 
-Та цахим хуудсаараа дамжуулж иргэдэд зөвлөгөө өгдөг. Тухайн зөвлөгөөг уншсан хүмүүс бэртэл гэмтлээс сэргийлж болох юм шиг санагдсан?  
-Миний хувьд мэдлэгээ нэмээсэй гэж сэрэмжлүүлэх үүднээс өөрийн фэйж хуудсаа нээж зөвлөгөө хүргэж эхэлсэн. Бидний хамгийн энгийн зүйлүүдээс болж бага насны хүүхдүүд их бэртэж гэмтдэг.
 
Тухайлбал, хувцас хатаагчнаас түшиж боссоноос түгжээ нь мултарч хурууных нь үзүүрийг хавчсанаар шарх үүсэх, таслах эрсдэлтэй. Мөн лаазтай ундааны амсар руу хуруугаа хийгээд татаж авахдаа хуруугаа зүсэх, шөрмөсөө таслах эрсдэл үүсдэг.  Бага насны хүүхдүүдэд тохойн үений хөгжил сайн гүйцээгүй байдаг учраас хагас мултрал хялбархан үүсдэг.
 
Ялангуяа, зуны цагт аав ээжүүд хүүхдүүдээ салхилуулахаар авч гараад хоёр гараас нь хөтлөөд газраас хөндийрүүлж тоглуулдаг. Энэ үед мултрал үүсэх тохиолдол их. Гадаа хүүхдээ ингэж тоглуулж яваа аав ээжүүдэд олон удаа анхааруулж хэлж байлаа. Зарим нэг нь “Аан за ойлголоо” л гэдэг. Зарим нэг нь “Хэн бэ чи. Гэр бүлийн аз жаргалд гай битгий бол” гээд явж байсан тохиолдол бий. Ихэвчлэн мултрал үүссэнийг аав ээжүүд мэддэггүй. Манай хүүхэд хөдлөх болгондоо уйлаад ажаад байхад гараа өргөхгүй ямар нэг зүйлд гар нь оролцохгүй байна гээд л ирдэг. Гэмтлийн эмнэлэгт хүлээн авах тасгаар орж ирээд таван минутын дотор өргөс авсан мэт болоод л гардаг. Уйлаад гараа хөдөлгөж чадахгүй байсан хүүхдээ зүгээр болсныг харсан аав ээжүүд гайхах баярлах нь давхцаад нүүрэндээ мишээл тодруулаад л гардаг. Манай хамт олон хүүхдийг эмчилсэн.  Энэ мэт бусад гэмтлээс сэргийлэх зөвлөгөөг өгдөг. Би ажил ихтэй байдаг учраас цахимаар асуусан зарим асуултад хариулт өгч чаддаггүй. Гэхдээ өөрийн мэддэг бүхнээ цаг гаргаж зөвлөгөө байдлаар оруулдаг. Нэг ч гэсэн хүн эндээс мэдээлэл авч эрсдэлээс өөрийгөө болон ойр дотны хүнээ хамгаалж эрүүл байгаасай гэж боддог.  
сонин mn
Б.НямсүрэнЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан