Бид өмнө нь “Арьсны өвчин судлалын үндэсний төв”-ийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн Арьс харшлын эмч У.Саруултай чонон хөрвөс өвчний талаар ярилцаж, зөвлөгөө мэдээллийг хүргэсэн.
Тэгвэл энэ удаад түүнтэй псориаз буюу хайрст үлд өвчний талаар ярилцлаа.
-Псориаз буюу хайрст үлд нь ямар шинж тэмдэгтэй өвчин бэ?
-Хайрст үлд нь ихэвчлэн арьсан дээр зузаан хайрс бүхий улаан тууралтаар илэрдэг арьсны нэг төрлийн эмгэг юм.
Энэ нь ихэвчлэн насанд хүрсэн хүнд тохиолддог, хүүхдэд ховор тохиолдог.
Дотроо маш олон янз байдаг. Цээж, нуруу, гар, хөлөөр жижиг дусал хэлбэрийн цагаан хайрстай гөвдрүүт тууралт гардаг. Тууралтууд хоорондоо нийлж том хөрзөнт голомтуудыг үүсгэж биеэр тархдаг. Мөн үсний хуйхаар хагтай төстэй зузаан цагаан хайрстай тууралт гарна. Түүнчлэн хумс зузаарч, гадаргуу нь тэгш биш хүрэн шар өнгөтэй болж олон жижиг цэг маягийн хонхорхой үүсэх нь бий.
Хайрст үлд хурцаар төдийлөн илэрдэггүй, архаг, дахилт ихтэй өвчин учраас энэ төрлийн өвчтэй хүмүүс байнга эмчийн хяналтад явдаг.
Манай эмнэлгийн насанд хүрэгчдийн тасагт хэвтэж байгаа хүмүүсийн ихэнх нь хайрст үлдийн шалтгаантай байгаа.
-Хайрст үлд нь бусдад халдварлах уу?
-Халдварлахгүй. Ихэнхдээ арьс, хумс, үе мөч ихэвчлэн гэмтдэг удамшлын шинжтэй өвчин. Халдварладаг арьсны өвчин тусдаа байдаг.
-Манай улсад хайрст үлдэд ямар эмчилгээ хийж байгаа вэ. Үүнийг бүрэн эдгээх эмчилгээ дэлхийд гарсан уу?
-Энэ өвчин нь ханиад шиг эдгэрдэггүй, архаг дахилтад өвчин. Мөн л өвчний намжмал үед нь барьж, сэдрээхгүй байх ёстой гэсэн үг.
Манайд хөнгөн, дунд зэргийн хайрст үлдтэй хүмүүст бол гол эмчилгээ нь тос байдаг. Хүмүүс эмнэлэгт хэвтэхээрээ эм, дусал, тариа хийлгэх шаардлагатай юу гэдэг. Тийм биш. Олон улсын удирдамжаар хийгдэх ёстой эмчилгээ нь тос, арьс арчилгаа. Хүмүүс үүн дээр алддагаас сэдрээж, архаг тахилттай болгож ирдэг.
Түүнчлэн манайд хамгийн орчин үеийн эмчилгээ нь скафио гэж байгаа. Энэ нь хүнд хэлбэрийн буюу үе мөч рүү орсон хайрст үлдийн үед хэрэглэдэг.
-Тэр нь ямар эмчилгээ вэ. Тариа юм уу?
-Энэ нь биологийн бэлдмэл гэж явдаг тариа байгаа. Үүнийг эмчийн заавраар хийдэг, харьцангуй өндөр төлбөртэй тариа байдаг.
-Тухайн тариаг зөвхөн хүнд хэлбэрийн псориазтай хүнд хэрэглэдэг гэсэн үг үү?
-Зөвхөн хүнд тохиолдолд хэрэглэдэг биологийн бэлдмэл байгаа. Энэ тариа нь манайд орж ирээд жил хагас болж байна. Тухайн тариаг заавал эмчийн хяналтад хийлгэдэг. Өндөр өртөгтэйгөөс болоод хүмүүс төдийлөн хийлгэдэггүй ч бусад эмчилгээ нь үр дүнгүй байгаа тохиолдолд энэ тариаг хийлгэхийг зөвлөдөг.
-Псоризыг сэдрээдэг хүчин зүйлс юу байдаг вэ. Ямар дэглэмийг баримтлах шаардлагатай вэ?
-Дэглэм нь арьс арчилгаа. Манайхан дэглэм гэхээр би чихэртэй зүйл иддэггүй гэдэг. Гэтэл манайхан маш их стресстэй байдаг. Дээрээс нь бусад өвчнүүд псориазыг сэдрэхэд нөлөөлдөг. Тухайлбал ханиад хүрэх, өөр эд эрхтэн өвчилсөн тохиолдолд сэдэрдэг. Мөн архи, тамхины хэрэглээ их байдаг. Ялангуяа манай эрчүүд энэ хэрэглээгээс хасаж чаддаггүй. Тэгэхээр хоолны дэглэм нь эдгээр олон төрлийн дэглэмийн нэгхэн хэсэг нь.
Мөн шавжид хазуулах, арьсны гэмтэл, наранд түлэгдэх, даарах, таргалалт, ажлын ачаалал, стресс, эмийн гаж нөлөөнөөс шалтгаалж болно.
-Мөн хайрст үлд дархлаанаас шалтгаалдаг гэдэг. Дархлаа ихсэх болон унасан аль үед нь сэдэрдэг вэ?
-Дархлаа унахаар сэдэрдэг. Чонон хөрвөс, псориаз хоёр нь эсрэгээрээ байдаг. Чонон хөрвөс нь дархлаа идэвхжихэд дархлааны урвалаар хариу урвал илэрдэг учраас сэдэрдэг. Хайрст үлдийн хувьд дархлаа унасан үед илүү сэдрэх магадлалтай.
-Энэ төрлийн өвчтэй хүмүүс өвдөхөөсөө гадна сэтгэл зүйн асуудалтай тулгардаг гэж ярьдаг. Энэ тухайд?
-Тийм. Хайрст үлд нь дотроо олон төрөлтэй. Төрлөөсөө хамаараад биеийн аль хэсэгт гарах нь өөр өөр байдаг. Хэр том гарах, хайрс нь хэр зузаан байх зэргээсээ хамаардаг гэсэн үг. Манай төвд ирж байгаа дунд шатны хүмүүсийн хайрст үлд нь бүх биеэрээ тархмал байдалтай байдаг. Хөнгөн үед ил харагдах хэсэгт гарах нь харьцангуй гайгүй учраас тэр нь өдөр тутмын амьдралд нөлөөлдөггүй.
Биеийн ил харагдах хэсгээр хайрст үлд гарахад мэдээж бусдаас санаа зовох нь их байдаг. Түүнчлэн дээр асуусан шиг хүмүүс халдвартай гэж бодоод зайгаа барьдаг. Түүнээс болоод энэ төрлийн асуудалтай хүмүүс дотогшоо болж, бусдаас зайгаа барьдаг. Дээрээс нь сэтгэл зүйч дээр ердөө очдоггүй. Манай төв дээр сэтгэл зүйч эмч байдаг, зөвлөгөө авах боломжтой.
Иргэд заавал сэтгэцийн эмгэгтэй л бол сэтгэл зүйчид ханддаг гэж боддог ойлголтоосоо салах хэрэгтэй. Манай үйлчлүүлэгчид сэтгэл зүйгээрээ дарамтад байдаг. Энэ өвчин нь бусдад харагдах байдал, гоо сайхан талаасаа илүү нөлөөлсөн байдаг учраас сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг.
У.Саруул: Чонон хөрвөс эмгэгийн 90 хувь нь хоолноос шалтгаалдаг
-Хайрст үлдтэй хүмүүс ямар тохиолдолд групп тогтоолгодог вэ?
-Тэр нь хүнд шатанд орсон хүмүүс групп тогтоолгодог. Арьсны өвчнүүд дундаас 4-5 өвчинд групп тогтоодог. Тэр бүр хүнд шатанд орсон тохиолдолд. Эмчилгээний үр дүнгүй, үч мөч рүүгээ орж, хөл, гар нь хөдөлж чадахааргүй хүндэрсэн тохиолдолд групп тогтоолгож болдог. Гэхдээ манай эмнэлэгт заавал үзүүлж, оношлуулсан байх шаардлагатай.
-Ярилцсанд баярлалаа. Төгсгөлд нь та арьсны асуудалтай хүмүүст хандаж юу зөвлөх вэ?
-Ялангуяа хөдөө орон нутагт байдаг хайрст үлдтэй хүмүүс тууралтдаа нуугаад, маш олон жил явчихсан, хүнд шатандаа ирдэг. Хэрвээ таны биед ямар нэгэн тууралт гарсан бол санаа зовохгүйгээр эмчид хандах хэрэгтэй. Арьсны эмч хэзээ ч таныг ямар муухай юм бэ гэж цэрвэхгүй. Тэгэхээр аль болох эрт оношлуулж, эрт эмчлүүлээрэй гэж иргэддээ хэлье.