Вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэхийг даалгалаа

Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихийн тулд дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг онцолж албаныханд үүрэг, чиглэл өгсөн.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар вакцинжуулах тухай” тушаал гарч, хоёр тун вакцин хийлгэсний дараа коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэнд эдгэрсэн өдрөөс хойш 21 хоног, моноклон эсрэг биеийн эмчилгээ, сийвэн эмчилгээ хийлгэснээс хойш 90 хоногийн дараа сайн дурын үндсэн дээр “Файзер-БиоНТех” үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм/ВВ/ВР үйлдвэрийн “СоrV” вакцинаас сонголт хийлгэн, дархлаа сэргээх нэмэлт тунгаар вакцинжуулах ажлыг идэвхжүүлэхийг албаныханд даалгажээ.

Түүнчлэн коронавируст халдварын эсрэг нэг тун вакцин хийлгээд хоёр дахь тунгаа хийлгээгүй 3 сараас дээш хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэнд ковидын эсрэг Файзер-БиоНТех үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм/ВВ/ВР үйлдвэрийн “СоrV” вакцинаас сонголт хийлгэн, 2 тун вакцинаар вакцинжуулахаар болсон байна. Мөн вакцинжуулалтын цэгийн тоог нэмж, дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг бүртгэх, мэдээлэх, тандах журмын хэрэгжилтийг чанд мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгажээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан