“COVID-19”-ийн вакцинууд АНУ-ын хүн амын тэн хагасаас илүү хувийг одоогоор бүртгэгдээд буй коронавирусний хувилбаруудаас хамгаалж байгааг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Гэвч вакцинд хамрагдсан хүмүүсийн тоо цөөн байх нь вирус үргэлжлэн тархаж, илүү аюултай хувилбарууд үүсэх эрсдэлийг бий болгоно гэж доктор Энтони Фаучи мэдэгджээ.
“Бид бүгд “Дельта” хувилбараас хамгаалагдлаа гэхэд “Зета” хувилбараас хамгаалагдаж чадахгүй шүү дээ” гэж АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Э.Фаучи “USA Today” сонины асуулт, хариултын буланд оролцох үеэрээ ярьсан байна.
Харин хүн амын дийлэнх олонх нь вакцинд хамрагдвал улсын хэмжээнд вирус үгүй болно гэдгийг тэрбээр онцлоод, эсрэгээрээ хүн амын цөөн хэсэг нь вакцин хийлгэсэн байвал халдвар намар хүртэл аажмаар тархаж, өвөл нь томуутай андуурагдаж, хавар гэхэд тархсан хэвээр л байх болно хэмээн хэлжээ. Мөн дэлхий нийт ойрын жилүүдэд вакцинд хамрагдаж чадахгүй бол шинэ хувилбарууд үүссээр байна гэдгийг анхааруулсан байна.
АНУ-ын муж улсуудын хувьд бусад хувилбараасаа хавьгүй илүү хурдан халдварладаг гэж үзэж буй “Дельта” хувилбарын тархалтын эсрэг хэдийнээ тэмцэж эхлээд байгаа юм. Тодруулбал, 47 муж улсад долоо хоногт илэрсэн халдварын дундаж тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоосоо дор хаяж 10 хувиар өсжээ.
Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллэээр, АНУ-д өдөрт дунджаар халдварын 100 мянга гаруй тохиолдол шинээр илрэх болсон нь сүүлийн зургаан сар орчмын хугацаанд бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг