Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 116 цэгт 302 багийн 2346 эмч, ажилтан ажиллан, нийт 75149 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөжээ.
Нийслэлд өчигдөр (2021.05.04) 46321 иргэн Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 69.1 хувь буюу 789756 нь нэгдүгээр тунд, 38 хувь буюу 438230 нь хоёрдугаар тунд хамрагдаад байгааг албаны эх сурвалж мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газраас иргэдээ вакцинжуулах боломжит хувилбаруудыг судалж, вакцинжуулалтыг идэвхжүүлж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон. Тэрбээр зургадугаар сарын 1-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдээ Covid-19-ийн эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөснөө мэдэгдсэн юм.
Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр вакцинжуулалтын цэг, эмч эмнэлгийн ажилчдын тоог нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд вакцинд хамрагдах идэвхи суларч, вакцинжуулалтын цэгүүд ямар ч ачаалалгүй болсныг эрүүл мэндийн салбарынхан хэлж байгаа юм. Иймд иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриалсаар байна.