БНХАУ хөгжиж буй орнуудад коронавирусний вакцин хандивлана

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ивээл дор хэрэгжүүлж буй олон улсын “COVAX” хөтөлбөрт БНХАУ 10 сая тун коронавирусний вакцин нийлүүлэхээр болжээ.

“Бид “COVAX” механизмд учирсан бэрхшээлийг шийдвэрлэхэд ихээхэн анхаарна. Энэ нь 2, 3-р саруудад вакцины нийлүүлэлтэд гарсан томоохон саатал юм. ДЭМБ-ын хүсэлтээр БНХАУ "COVAX"-ыг 10 сая тун вакцинаар хангахад бэлэн байна. Тэдгээрийн ихэнхийг хөгжиж буй орнуудын хэрэгцээг хангахад ашиглана” гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Энэхүү арга хэмжээ нь бүх улс оронд вакциныг хямд үнээр нийлүүлэх, дэлхийн эрүүл мэндийн системийн үйл ажиллагааг зохион байгуулахад Хятадын оруулсан чухал хувь нэмэр болно гэж тэрбээр онцлон тэмдэглэв. Ван Вэньбинь мөн онцгой байдал үүссэн үед хэрэглэх эм бэлдмэлийн жагсаалтад Хятадын вакциныг бүртгэх хүсэлтийг ДЭМБ судалж эхэлсэн болохыг мэдээлжээ.

“COVAX” нь коронавирусний вакциныг баян чинээлэг, ядуу буурай орнуудын аль алинд шударга хуваарилах зорилготой олон улсын механизм юм. Энэхүү санаачилгад 190 улс нэгдсэн байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан