“ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяны нээлт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багын “Тайван” авто зогсоол цогцолборт /2020.10.18/-нд болж байна.
Нээлтийн арга хэмжээнд ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн салбарын захирал Н.Эрдэнэхуяг, Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын Орон нутгийн замын хяналтын хэлтсийн гэрээт цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа С. Батсүх “Түгээмэл түмэн хишиг “ ХХК-ийн дотоод хяналт шалгалтын албаны дарга Ч.Пүрэвсүрэн, “Баян зам тээвэрчдийн холбоо”-ны үйлдвэрчний хороон дарга П.Баярхүү болон бусад аж ахуйн нэгж байгууллага, нүүрс тээвэрлэгч жолооч нарын төлөөлөл оролцож байна.
Аяны хүрээнд Тавантолгой уурхайгаас Гашуун сухайт боомт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 600 гаруй жолоочийг мэргэжлээс шалтгаалсан өвчнийг тандах, эрт илрүүлэх нарийн мэргэжлийн үзлэгт 2020 оны 10 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд хамруулж, мөн 400 гаруй нүүрс тээвэрлэгч жолоочийн ажлын байранд цулцанд нэвтэрдэг тоос, хүнд металлын хэмжилт хийх юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй тээвэрчдийн тоос, хүнд металлын өртөлт, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд аяны гол зорилго оршиж буй.
Аяныг ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Авто тээврийн үндэсний төв, Эрдэнэс тавантолгой ХК, Тээврийн цагдаагийн алба, “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Баян зам тээвэрчдийн холбоо”, “Тээвэрчдийн зөвлөл” хамтран 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны хооронд зохион байгуулна.