Өдөр бүр чидун жимсний тос хэрэглэх нь артерийн даралтыг бууруулахад тустай гэж Мельбурны Ла Тробын их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ. Тэдний судалгааны үр дүнг MedicalXpress шинжлэх ухааны сэтгүүл нийтэлсэн байна.
Эрдэмтдийн хийсэн судалгаанд сайн дурын 50 хүн оролцсон бөгөөд тэднийг хоёр бүлэг болгон хуваажээ. Нэг бүлгийнхэнд өдөр бүр анхны шахалтаар гарган авсан тос гурван долоо хоногийн туршид, нөгөө бүлгийхэнд тунгаасан тос өгдөг байжээ. Гэхдээ энэ үеэр туршилтад оролцогчид ямар ч эм уух ёсгүй байсан гэнэ.
Ингээд туршилтын явцад эхний бүлгийн хүмүүсийн артерийн даралт 2,5 хувиар буурч байгаа нь тогтоогдсон байна. Чидун жимсний тосонд полифенол зэрэг олон идэвхитэй нэгдэл агуулагддаг бөгөөд тэдгээр нь антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул ийнхүү даралт буурахад нөлөөтэй гэж эрдэмтэд тайлбарлажээ.
Г.Бямбасүрэн