Ирэх намар коронавирусийн халдвар ханиад, томуугийн улиралтай давхцах эрсдэлтэйг олон улсын эрдэмтэд анхааруулсаар буй. Манай улсын хувьд 10-4 дүгээр сард нийтээрээ шахам томуунд дарлуулж, эмнэлгүүд хонгил, шалаараа үйлчлүүлэгчдээ “зулдаг”. Өнөө жилийн хувьд ингэж хэвтүүлэн эмчлэх боломжгүйгээс гадна “Ковид-19” хүн амын дунд тархвал ханиад, томуутай хавсран, гамшиг болно гэдгийг албаныхан анхааруулсан. Тиймээс улирлын томуугаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь нэн чухал болоод байна. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн жилүүдэд өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, онцгой байдлын алба хаагчид, цэрэг, цагдаагийнхан, гэр хорооллын цэцэрлэгүүдийн хүүхдүүдийг гэхчлэн эрсдэлт бүлгийнхнийг томуугийн вакцинд хамруулж ирсэн. Энэ жилээс уг ажлыг өргөжүүлэх, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Мөн иргэд амны хаалт зүүж, гарын ариун цэврийг үргэлжлүүлэн сахих шаардлагатай. Эмийн сангуудад амны хаалтын хүрэлцээ, хангамж сайн байгаа. Томуугийн үндэсний төвийн мэдээллээр, өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд томуу төст өвчин 0.8 хувиар нэмэгдсэн. Ялангуяа бага насны хүүхдүүдэд аденовирус (амьсгалын зам, нүд, ходоод үрэвсүүлдэг)- ийн халдвар бага зэрэг нэмэгдэх хандлагатай байна. Уг вирусээр халдварласан үед тууралт гарах, заримдаа суулгах шинж тэмдэг ч илэрдэг” гэсэн юм.
Бэлтгэсэн: О.Бат