ХӨСҮТ: Эмчилгээнд 114 хүн байна


ЭМЯ  11:00 цагийн хэвлэлийн хурлаа хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ”Коронавируст халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдэж, 4.8 сая хүн халдвар авч, 380 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт 84 мянган хүн халдвар авч, 3000 гаруй хүн нас барлаа. ОХУ-д 24 цагийн дотор 8000 гаруй тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн хурд эрчтэй тархаж байна.  Өнөөдөр өглөөний 08:00 цагт ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын 73 дугаар чуулганд цахимаар оролцож, илтгэл тавьсан. Энэ удаагийн хурлаар зөвхөн коронавирусийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна.
ДЭМБ-аас хүүхдийг гадуур дагуулж явахгүй, шаардлагатай бол амны хаалт зүүлгэхийг сануулж байна. Цахимаар гадаадаас 4 хүн холбогдож, зөвлөгөө авсан. Иргэд худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ зай барихгүй байна. Европын олон орнуудад хөл хориог сулруулж байгаа. Гэхдээ хоёр шаардлага тавьж байна. Амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайг 1.5-2 метрийн зайг барихыг сануулж байгаа юм.  Манай үйлчилгээний байгууллагууд ч үүнийг анхаарах хэрэгтэй байна” хэмээлээ.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал ”Өнөөдрийг хүртэл тусгайлан ажиглах байранд 7800 хүнийг байрлуулж, тандалт судалгаа авсан. Одоогоор 1769 хүн тусгайлан ажиглах байранд байна. Мөн Сэлэнгэ, Орхон, Дархан, Баян-Өлгий аймагт хүмүүсийг тусгаарлан ажиглаж байгаа. Тусгаарлан ажиглалтад байгаа хүмүүсээс бүх төрлийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах, үзүүлэх тохиолдол өдөр бүр гарч байна. Очиж үйлчилж байгаа эмч нар бүх дэглэмийг барьж ажиллаж байгаа. Одоогоор 15 хүүхэд тусгаарлан ажиглах байранд бий. Мөн жирэмсэн эмэгтэй 67 эмэгтэй байна. Архаг, хууч өвчтэй иргэд ч цөөнгүй бий.
Цэргийн төв эмнэлэгт маш хүнд оноштой гурав, тархины хавдартай нэг, нийт дөрвөн хүүхэд эмчлүүлж байна. Вирусгүй, үндсэн өвчнөөсөө болоод хүнд байгаа юм. Өнөөдөр өглөө Делигээс онгоц бууж, 158 хүнийг хүлээж авсан. 5 хүнийг Цэргийн төв эмнэлэгт хүлээж авсан. Хүнд өвчтэй хүмүүс байгаа. Энэтхэгт маш хүнд хагалгаанд орсон, эмчлүүлж байсан хүмүүс юм. Бусад хүмүүсээс шинжилгээ авсан, шаардлагатай газруудад тусгаарласан.  Тусгаарлан ажиглалтад 186 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээд явж байна. Орон нутгийн галт тэргэнд 3537 иргэнийг үзэж, асуумж авч, зөвлөгөө өгч ажилласан” хэмээлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  “2020 оны тавдугаар сарын 18-нд нийт 4 лабораторид 367 хүнд давтан шинжилгээ хийсэн, бүгдэд нь сөрөг гарсан.  17 хүнээс тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. Өнөөдөр 2 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналт руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 140, эдгэрсэн 26 боллоо. Эмчилгээнд байгаа 114 хүн байна.  ХӨСҮТ-д одоогоор 182 хүн эмчилгээ, хяналтад байна.
Тагнуулын Ерөнхий газрын хамт олноос оношлуур хандивласан. Та бүхэн ХӨСҮТ-ийн нийт ажилчдын урмыг сэргээж өглөө. Дэмжиж байгаад маш их баярлаж явдаг шүү, баярлалаа” хэмээлээ.
Шууд үзэх:
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан