Б.Намуунбайгаль: Бөөрний дутагдлын сүүлийн шатанд оюун санааны байдал хэвийн бус болдог...

Бөөрний өвчлөл, урьдчилан сэргийлэх арга замын талаар Хан-Уул эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээний эмч Бямбадоржийн Намуунбайгальтай ярилцлаа.
-Бөөр ер нь ямар үүрэгтэй эрхтэн юм бэ?
-Бөөрний өвчлөлийн голлох шалтгаанд амьсгалын замын өвчин, ханиад томуу, хоолойны ангина, шүдний өвчин их нөлөөлдөг. Мөн амьдралын буруу хэвшил, урьдчилан сэргийлэх арга хэмжээ дутуу авснаас бөөрний өвчлөл нэмэгдэж байна. Зарим хүний дархлаа сул байдагтай ч холбоотой. Амьдрах орчин, хоол тэжээлээс шалтгаалж дархлаа сулардаг. Бөөр бол маш чухал эрхтэн. Учир нь хоол хүнстэй хамт амаар орж байгаа хортой бодисуудыг цуснаас гадагшлуулах үүрэгтэй, ялгаруулах эрхтэн юм. Тиймээс бөөрний үйл ажиллагаа ямар нэг байдлаар алдагдсан тохиолдолд заавал хүний бие организмд муугаар нөлөөлдөг. Жишээлбэл, бөөрний үйл ажиллагаа муудах нь элэг, нойр булчирхай, зүрх, тархи гэх мэт эрхтнүүдэд сөргөөр нөлөөлнө.
-Монголд бөөрний ямар төрлийн өвчлөл түгээмэл байна вэ?
-Ер нь өвчлөл их байгаа. Өнөөдрийн байдлаар бөөрний тэвшинцэр болон түүдгэнцрийн гэсэн хоёр төрлийн хүнд өвчин давамгайлж байна. Ялангуяа түүдгэнцрийн архаг дутагдлаар 45-аас доош насныхан ихэвчлэн өвдөх боллоо. Улмаар бөөрний дутагдал болох эрсдэлтэй. Энэ нь архи, тамхины хэрэглээ болон хоол хүнсний буруу зуршил зэргээс шалтгаална. Тэвшинцрийн үрэвсэл нь бөөрний өөрийнх нь үрэвсэл бөгөөд гадны янз бүрийн бактераас шалтгаалах буюу өгсөх замын халдварын нөлөөтэй үүсдэг. Харин түүдгэнцрийн үрэвсэлд нь бөөрний өөрийнх нь нөөц болон шүүлтийн хурд багассанаас үүдэлтэй.
-Өгсөх замын халдвар гэж юуг хэлж байна вэ?
-Янз бүрийн  бактер, хоолой өвдсөнөөс үүдэлтэй бактер зэрэг олон төрлийн бактер цаашлаад эмэгтэй хүнд дийлэнх тохиолддог бөөр, шээсний замын үрэвсэл, нянгуудаас үүдэлтэй халдвар юм. Хамгийн гол нь нэг үрэвсчихээд давтагддаг. Нөгөө үрэвсэл нь дарагдахад дахиад тэвшинцрийн үрэвсэл болох, эсвэл дахиад идээт үрэвсэл болох зэргээр давтагдах тоолонд хүндэрдэг аюултай.
-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Урьдчилан сэргийлэх арга зам олон бий. Хоол хүнсээ зохимжтой хэрэглэх, архи, тамхины хэрэглээг багасгах, цаг агаар, уур амьсгалдаа тохируулан хувцаслах зэрэг нь маш чухал юм. Мөн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд заавал хамрагдах нь зүйтэй. Улиралд нэг биш юмаа гэхэд жилд хоёр удаа хамрагдвал үр дүнтэй.
-Бөөр өвдөхөд ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Бөөр бол айхтар хүчтэй өвдөлт өгөхгүй. Дандаа нурууны өвдөлттэй андуурагддаг. Шөнөөр шээх, хөөстэй шээх, өтгөн гарах, хэт цайвар цагаан өнгөтэй гарах эсвэл ам цангах, эрэгтэй хүмүүс ялангуяа гүйцэд шээж чадахгүй байх, шээс дандаа үлдэх зэрэг асуудал байвал шууд эмчид хандах хэрэгтэй. Бөөрний дутагдал бол таван үе шаттай. Үүнээс гурав дахь үе шат дээр нь л шинж тэмдэг илэрдэг. Нэгээс гуравдугаар үе хүртэл ямар ч шинж тэмдэггүй явж болно. Харин гурваас дээш шат болоод ирвэл бөөрний өвчлөлийн төгсгөлийн шат болох юм.
-Бөөрний дутагдал үүсэх шалтгаан, хүний биед ямар өөрчлөлт гарах вэ?
-Бөөрний дутагдлын сүүлийн шатанд оюун санааны байдал хэвийн бус болдог. Учир нь ялгаруулах эрхтний үйл ажиллагаа алдагдах учраас биеэр хор тарж ухаан санаанд нөлөөлнө. Зүрхний үйл ажиллагаа шууд алдагддаг. Жишээлбэл, зүрх томрох, бай эрхтэний дутагдалд орох гэх мэт. Мөн уушгины үйл ажиллагаа алдагдаж, хавагнадаг. Шээс гарахаа болиод ирэхээр элэгний үйл ажиллагаа маш их алдагддаг.
-Уншигчдад зориулж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Бөөрөө эрүүл байлгахын тулд зөв зохистой хооллох, идэвхжүүлэх үйлдэлтэй, өндөр антиоксидант агуулсан бүтээгдэхүүнийг бага хэрэглэх, хэт их таргалалтаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг зөвлөе. Өндөр антиоксидант агуулсан бүтээгдэхүүн хэрэглэсэн эхний үед эрхтэн системийг сэргээж, сайхан болгож буй мэт боловч дараа нь биед хуримтлагдаад /кумуляци/ болоод хордлогын байдалтай болгодог. Сүүлийн үед үүнээс болоод бөөрний дутагдалтай болох магадлал өндөр болж байгаа.
-Илүүдэл жин бөөрөнд ямар нөлөөтэй юм бэ?
-Илүүдэл жин нь бөөрний өвчлөлд хамгийн их нөлөөлдөг. Учир нь жин нэмэгдэхэд цусан дахь холестрин нэмэгдэж, түүгээр ирж буй цусан хангамж багасдаг. Бөөр өөрөө маш их нарийн хялгасан судастай эрхтэн юм. Тэр нарийн судсаар очих цусан хангамж бүр их багасаад ирэхээр бөөрний үйл ажиллагаа алдагддаг. Улмаар бөөрний ишеми, бөөрний цусан хангамж дутагдах зэрэг хүндрэлүүд үүсдэг.
-Дүүргийн эрүүл мэндийн төв энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар ажлыг хийж байна вэ?
-Манай Хан-Уул эрүүл мэндийн төв урьдчилан сэргийлэх үзлэгийг өрхүүдэд тогтмол хийж заншсан. Мөн эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж, өрх болон дүүрэгт хэвтэн эмчлүүлэгч, амбулаториор үзүүлж буй бүх үйлчлүүлэгч нартаа ТВ хичээл болон сургалт зохион байгуулж, эрүүл мэндийн боловролын дээшлүүлэх зорилготой хүргэдэг. Ингэснээр иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдаж, хавдар, бөөр болон зүрхний дутагдал зэргийг эрт оношилж, эмчлэх боломжтой болсон.
Нийтэлсэн: Ч.Өлзийсайхан

MNB.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан