Б.Батжаргал: Чихрийн шижингийн үндсэн гол эмчилгээ бол хоол

“Интермед” эмнэлгийн дотоод шүүрлийн булчирхайн эмч, Анагаах ухааны магистр Б.Батжаргал эмчтэй чихрийн шижин өвчний талаар ярилцлаа.
-Чихрийн шижин бол хүмүүст чимээгүй “ирдэг”, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдийн нэг. Юунаас болж энэ өвчнөөр өвддөг талаар яриагаа эхлэх үү?
-Чихрийн шижин эмгэг гэдэг нь нойр булчирхайн бета эс хангалтай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин даавар нь өөрийн бие махбодод  нөлөөлж чадахгүй болсноос  цусан дахь глюкозын хэмжээ ихсэж их уух , их шээх зэрэг шинж тэмдгээр илэрдэг архаг өвчин юм.
Чихрийн шижин хэв шинж 1 –н шалтгаан нь удамшлын шалтгааны улмаас инсулин даавар  дутагдлаас үүснэ .
Чихрийн шижин хэв шинж  2  үүсэхэд таргалалт ялангуяа хэвлийн хэсгээр таргалах, хөдөлгөөний хомсдол, тамхи архины хэтрүүлэн хэрэглээ,аав ээж нь ЧШ-тэй эсэх/ аль нэг нь ЧШ тэй байхад 40 %-ын магадлалтай/, жирэмсэн үеийн ЧШ тэй байсан зэрэг олон хүчин зүйлсээс  нөлөөлж үүснэ.
Тэгэхээр бид эн тэргүүнд глюкоз ер нь юу юм, хүний биед ямар үүрэгтэй юм, инсулин энэ хоёр яагаад хоорондоо холбоотой, энэ хоёрын холбооны өөрчлөлтөөс болоод яагаад энэ өвчин үүсээд байгаа юм бэ гэдгийг тайлбарлах нь зүйтэй.
Хүний идэж буй хоолны ихэнх нь бие махбодод глюкоз буюу сахар болон хувирч байдаг. Хүний бие хэдэн мянган эсээс тогтдог. Глюкоз нь хүний биеийн бүхий л эд эсүүдэд хэрэгцээт эрч хүч, энергийн эх үүсвэр болдог
-Тэгвэл бидний хоол тэжээлээр дамжин цусанд орсон глюкозыг инсулин тохируулж өгдөг гэсэн үг үү?
Тийм ээ. Бидний бие махбодийн хоол боловсруулах эрхтэн болох нойр булчирхай  нь гадаад шүүрэл, дотоод шүүрэл гэсэн хоёр үндсэн үйл ажиллагаатай. Гадаад шүүрлийн үйл ажиллагаа нь бидний хоол боловсруулах өөх тосыг задлах ферментийг ялгаруулдаг. Дотоод шүүрлийн үйл ажиллагааны хувьд бидний цусан дахь энергийн эх үүсвэрийг бий болгодог глюкозыг зохицуулдаг инсулин дааврыг ялгаруулдаг. Машин техник ямар нэгэн энергийн эх үүсвэргүй, бензингүйгээр ажилладаггүй шиг бидний бие организмд ч мөн глюкозгүйгээр төсөөлж болохгүй. Глюкоз нь нойр булчирхайгаас ялгардаг инсулин дааврын тусламжтайгаар эсрүү орж энергийн эх үүсвэрийг бий болгодог. Ингэснээр бидний амьдралын бодисын солилцоог ажиллуулж байна гэсэн үг.
-Зарим оронд энэ эмгэгийг “чимээгүй тахал” ч гэж нэрлэдэг юм билээ. Яагаад?
-2019 оны байдлаар дэлхий дээр 463 сая хүн энэ өвчнөөр өвдсөн байна. 2045 он гэхэд ихсээд, 700 саяд хүрнэ гэсэн статистик тоо байдаг. Тэгэхээр маш олон хүнийг хамарсан архаг өвчин эмгэг юм.Архаг эмгэг гэдэг нь эдгээд яг урьдынх шигээ хэвийн болно гэдэг магадлал байхгүй гэсэн үг. Тийм болохоор ийм өвчтэй гэж оношлогдсон л бол амьдралын турш зөв хоолны дэглэм , дасгал хөдөлгөөн, эмийн эмчилгээ,  эмчийн хяналтанд  байж эрүүл байхын төлөө  тэмцэнэ гэсэн үг.
Монголчуудын хувьд, 20-79 насны хүмүүсийн дунд 5 хувийн тархалттай гэж үздэг.
-Чихрийн шижин үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь юу вэ?
Нас удамшил, жирэмсэн үедээ н чихрийн шижинтэй байсан эсэх, өндгөвчийн олон уйланхайт эмгэгтэй эсэх, биеийн жингийн илүүдэл  ялангуяа хэвлийгээр илүү таргалах, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, сахар ихэсгэдэг эмийн хэрэглээ, стресс,   Тамхи таталт , архи хэтрүүлэн хэрэглэх  зэрэг нь чихрийн шижин үүсгэх хүчин зүйлс  болдог. Тиймээс бид эн тэргүүнд өөрөө өөртөө бий болгоод байгаа хүчин зүйлс, муу зуршлуудаа арилгаж чадвал аливаа өвчин үүсэхээс сэргийлж чадна. Биднийг хэн таргалуулж байгаа юм, хөдөлгөөний хомсдлыг хэн бий болгож байна, хэн замбараагүй хооллож байна, хувь хүн өөрөө л шүү дээ. Тамхи татдаг хүнийг татдаггүй хүнтэй харьцуулахад чихрийн шижин үүсэх эрсдэл 30-40 хувь өндөр байдаг. Тэгэхээр бид чихрийн шижинтэй хүмүүст тамхинаас гарах зөвлөгөө өгдөг. Мөн хөлөө тайруулж байгаа хүмүүсийн 50 хувь нь тамхи татдаг хүмүүс байдаг.
-Тэгвэл илүүдэл жинтэй хүн бүр сахарын өвчтэй байх уу?
-Таргалалтын тухайд эрүүл таргалалт гэж бараг л байхгүй. Таргалалт гэдэг өөрөө эмгэг, олон өвчний суурь болдог. Зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэх, элэгний өөхжилт, хатуурал, улмаар хавдар үүсгэх гээд маш олон эрсдэлийн хүчин зүйлс болж байдаг.
-Сахарын өвчний үед илрэх гол шинж тэмдгүүд юу вэ?
-Ам цангах, цангасныхаа хирээр их уух, их шээх, ядарч сульдах, арьсан дээр янз бүрийн тууралтууд гарах, шарх удаан эдгэх, мөн эмэгтэй, эрэгтэйд аль алинд нь мөөгөнцрийн хүндрэлүүд гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл заавал эмчид хандаж, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлуулж оношилгоо хийлгүүлэх хэрэгтэй
-Өөр нэг шинж тэмдэг нь турах биз дээ?
-Чихрийн шижин хэв шинж 2 нь  таргалалт, биеийн жингийн илүүдэлтэй  холбоотойгоор анх үүсдэг боловч глюкозын  хяналт муу, чихрийн шижингийн олон эрхтэн системийн хүндрэлүүд үүсээд ирэхээр турна гэсэн үг. Турж байна гэдэг нь чихрийн шижингийн хүндрэл болж байна гэсэн үг.
-Чихрийн шижин өвчнийг хэд ангилдаг вэ?
-Чихрийн шижин өвчнийг дөрвөн хэлбэрт ангилдаг. Нэгдүгээр хэлбэр гэж байгаа нь удмын болон дархлаа тогтолцооны алдагдлын улмаас инсулин дааврын ялгаралт багассантай холбоотой ихэвчлэн хүүхэд, залуу насныханд тохиолддог хэлбэр ба нийт оношлогдож байгаа чихрийн шижинтэй хүмүүсийн 10 орчим  хувийг эзэлдэг. Ийм хүмүүс инсулин даавар нь ялгардаггүй учраас шууд инсулин эмчилгээнд орж, насан туршдаа тариулдаг. 
Чихрийн шижин хэв шинж 2  нь инсулин дааврын дөжрөлөөс болдог ба  үүнд биеийн жингийн илүүдэл, таргалалт, удмын нөлөөллөөс шалтгаан
Хэв шинж 3 нь жирэмсэн үеийн чихрийн шижин. Тэр нь зөвхөн жирэмслэлттэй холбоотойгоор цусан дахь сахарын хэмжээ ихсээд төрсний дараа хэвийн хэмжээнд ордог ба цаашид Чихрийн шижин үүсэх эрсдэл 50 хувьтай байдаг тул анхаарч урьдчилан сэргийлэх  хэрэгтэй .
Хэв шинж 4 нь бусад өвчлөлүүдийн улмаас цусан дахь глюкозын хэмжээ ихсэж илэрдэг ба бусад дотоод шүүрлийн эмгэгүүд болох  /бамбай, бөөрний дээд булчирхайн өвчнүүд/,  глюкозын хэмжээг ихэсгэдэг эмийн бэлдмэлүүдийг удаан хугацаагаар хэрэглэх, үүнд эд эрхтэн шилжүүлэн суулгасны дараах эмүүд, стеройд эмчилгээ зэрэг ордог.  .
-Чихрийн шижин буюу сахарын өвчнийг энгийнээр бодоход цусанд сахар ихэдсэнээс цус өтгөрч, судсан дотор зунгааралдаад гүйхэд хэцүү байдаг гэж ойлгож болох уу?
-Бид чихэртэй цай уух гээд нэг халбага тос, халбага сахар хийгээд усанд найруулаад үзэхээр зунгааралдсан шингэн болно оо доо. Яг л тэрэн шиг цусан дотор хэрвээ глюкозын өөхний хэмжээ ихэсвэл тус цусанд байгаа эд зүйл ерөнхий байдал нь тиймэрхүү л төсөөллөөр зунгааралдсан шингэн болно гэсэн үг. Тэгэхээр судасны ханыг гэмтээж  үрэвслүүдийг бий болгоно , очиж байгаа бай эрхтнүүдийн цусан хангамж тэжээл удаан очино, судасны нарийсал үүснэ гэсэн үг.  Гэмтээхгүй эрхтэн гэж байхгүй гэсэн үг.
Хамгийн түрүүнд бидний нүдэнд харагдахгүй, жижигхэн, хялгасан судсуудыг гэмтээж эхэлнэ. Бидний хамгийн жижиг хялгасан судсуудтай эрхтэн болох нүд, бөөрний судсуудыг эхлээд гэмтээснээрээ нүд, бөөрний гэмтлүүд хүндрэл учруулдаг. Дараа нь том судасны гэмтлүүд гарч ирнэ. Ингэснээр зүрхний эмгэг, тархины цус харвалт юм уу, улмаар хөлийн хүндрэл үүсгэж, хөл тайруулах хэмжээнд хүргэх ч аюултай.
-Захын мэдрэлийн системүүд гэмтдэг гэдэг нь ийм учиртай байх нь ээ?
-Чихрийн шижингийн хүндрэлүүдийг хоёр хувааж үздэг. Нэгд, эрт  үеийн хүндрэл. Үүнд цусан дахь глюкозын хэмжээ  бууралт , глюкозын хэмжээ ихсэж кетоацидозын комд орох  улмаар амь насанд аюултай байдалд орж болно.
Хожуу үеийн хүндрэл үүнд:
Нүдний хүндрэл Нийт хараагүй болсон тохиолдлын 25 хувьд нь чихрийн шижингийн гаралтай гэж оношлогдсон байдаг.
Бөөрний хүндрэл Бөөрний судсуудыг гэмтээснээр бөөрний шүүдэг үйл ажиллагаа алдагдана. Артерийн даралт ихсэх, шээсээр уураг алдагдах, хавагнах зэрэг олон шинж тэмдэг илрэхээс гадна бөөрний дутагдалд хүргэдэг. Ер нь нийт бөөрний дутагдалд орж байгаа хүмүүсийн 50 хувь нь чихрийн шижингийн гаралтай байдаг.
Мэдрэлийн хүндрэл. Ихэвчлэн хөл тавхайн мэдрэлүүд гэмтдэг ба хоол боловсруулах, шээс бэлгийн зам, бусад эрхтний талаас илэрдэг. Цусанд глюкоз өндөр тогтмол байснаас  мэдрэлийн эсүүд гэмтсэнээс  хөл даарах, гар хөлийн үзүүрүүд нь бадайрах, хөрөх, хөлийн үзүүрүүд чимчигнэх, өвдөх, шархлах зэрэг шинжээр илэрдэг. Хөл бол бидний зүрхнээс цус очиж байгаа хамгийн зах хязгаарын эрхтэн. Тэнд очиж байгаа цусан хангамж муудаж, судаснууд нь нарийсаад ирэхээр очиж байгаа тэжээл нь хомстож, тэжээлгүй болчихно. Тэгэхээр ямар нэгэн гэмтэл авах,цохих,  бариу гутал өмсөх, холголт үүсэх,шархаа өөрөө  оролдох, хумс шигдэх  зэргээс нянгийн халдвар болно. Үүнээс болоод хүмүүс хөл тайрагдах хэмжээнд хүртэл хүндэрч болдог.
Ер нь бол чихрийн шижин  нь  олон эрхтнийг гэмтээдэг байнга судлагдсаар байдаг өвчин юм. Жишээ нь тархины цус харвалт,  зүрхний титэм судасны нарийслууд, зүрхний шигдээс гээд хүндрэлүүд нь дандаа амь насанд аюултай хүндрэл үүсгэдэг хөнөөлтэй өвчин юм. 
-Эмчилгээний тухайд насан туршийн эмчилгээтэй гэлээ. Хоол, хөдөлгөөн, дэглэмээ л зохицуулж байвал болох нь ээ дээ?
-Эмчилгээний тухайд гол нь амьдралын зөв хэв маяг маш чухал. Тухайн хүнд зөв хооллолт, хөдөлгөөний ач холбогдлыг маш сайн ойлгуулах ёстой. Хөдөлгөөний тухайд өдөр бүр 30 минут, эсвэл 7 хоногийн 150 минутын идэвхтэй хөдөлгөөн хийх, зөв хооллолт, глюкозын өөрийн хяналт, эм болон инсулин эмчилгээг эмчийн хяналтад хийж  нь амьдралын турш л зохицуулна гэсэн үг юм.
-Сахарын өвчин гэхээр, цусан дахь глюкоз ихэсдэг шигээ багасах тохиолдол бас бий биз?
Тийм ээ. Дээр яригдсан эрт үеийн гол хүндрэл бол глюкоз бууралт.Шалтгаан нь тухайн хүн биеийн хүчний хөдөлгөөн их хийсэн үү, эмийн хэрэглээ тунгаа ихдүүлсэн үү, инсулинийхээ тунг ихдүүлсэн үү, эсвэл хооллолтынхоо тунг инсулин, эмэндээ дүйцэхүйц тохируулаагүй, хоолоо бага идсэн зэргээс хамаараад глюкоз багасалтын байдалд орж болно.  Энэ нь ямар шинж тэмдгээр илрэх вэ гэхээр, өлсөнө, гол харлана, чичирнэ, хүйтэн хөлс цутгана, гар, хөл чичигнэж салгална, мөн ойр орчиндоо анхаарал суларна, уур уцаартай болно, бүр хүндэрвэл комд орно. Энэ тохиолдолд яаралтай тусламж үзүүлэхгүй бол амь нас нь аюултай байдалд орно. Тэгэхээр эмчлэгч эмч л үүнийг анхнаас нь хэлж өгч анхааруулдаг.
Цагаан гурил, цагаан будаа, элсэн чихрийг хориглодог байх аа?
– Монголчууд 3 цагаан хор гэдэг. Дээрх хоолнууд нь түргэн шимэгддэг  нүүрс ус юм. Өөрөөр хэлбэл идэнгүүт хурдан цусан дахь глюкозын хэмжээ хурдан ихээс ихэсгэнэ гэсэн үг. Тиймээс дээрх хоолыг хязгаартай хэрэглэж, харин  удаан шимэгддэг нүүрс ус буюу эслэг ихтэй  бүхэл үрийн хоол хэрэглэвэл глюкозын хэмжээг огцом ихэсгэхгүй, шимт бодисоор баялаг таргалахгүй гэсэн давуу талтай .
-Стресс бас нөлөөлөх үү?
-Нөлөөлнө. Тэгэхээр аль болох стресс менежмент хийж, ажлаа зохицуулж, амьдралын хэв маягаа зөв болгож, дасгал хөдөлгөөнөө зөв хийж байхыг л зөвлөдөг дөө.
Ер нь чихрийн шижин нөлөөлөхгүй эрхтэн систем гэж байхгүй. Хүний толгойны оройгоос хөлийн эрхий хурууны үзүүр хүртэл хор хөнөөл тарьдаг.
-Удамшдаг уу?
– Аав ээжийн аль нэг нь Чихрийн шижинтэй байхад хүүхдүүдэд 40% удамших магадлалтай гэж үзлэг. Нэг өндгөн эсийн ихрүүдэд 90% удамшдаг.  Гэхдээ гэр бүлийн буруу  хооллолт, хөдөлгөөний хомсдлоос хүүхдүүд таргалалт чихрийн шижингээр өвдөх эрсдэл нь ихсэж байна.. Тиймээс яаж урьдчилан сэргийлэх вэ? Ердөө л хүүхдээ таргалуулахгүй, анхнаас нь амьдралын дэглэмд зөв суралцуулах ёстой гэсэн үг.
-Түрүүнд Та хэлсэн, жирэмсний чихрийн шижин гэдэг нь хүүхэд том гарах эрсдэлтэй. Дөрвөн кг-аас дээш жинтэй хүүхэд төрвөл чихрийн шижинтэй гэж үзэж болно гэж?
-Жирэмсэн үеийн чихрийн шижин нь төрсний дараа хэвийн болдог. Харин цаашид эмгэг болох магадлал 50% тиймээс ээж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хүүхэд 4 кг-аас дээш гарах нь ээжийн чихрийн шижингийн эрсдэлийг үнэлж байгаа юм.  Том жинтэй хүүхэд цаашдаа ирээдүйд чихрийн шижинтэй болох магадлал бага ч  хүүхдүүдээ анхнаас нь таргалуулахгүй байхад анхаарах хэрэгтэй байна. Хүүхдэд хүртэл таргалалтаас болсон хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижин ихсээд ирсэн. Буруу хооллолт, түргэн хоол, хөдөлгөөнтэй холбоотой. Хүүхдээ таргалуулна гэдэг бол маш буруу. Ирээдүйн өвчлөлийн суурийг тавьж өгч байна гэсэн үг. Хүүхэд аль болох амттай шимтэй хоол идэхийг хүсдэг. Эрүүл ногоо зэрэг нь жаахан амтгүй талруугаа болчихдог учраас голоод идэхгүй. Тэгэхээр аль болох хурц амттай хоол идэж, тэр нь хоолны дуршлыг улам нэмэгдүүлэн, тэр хоолоо л идэхийг хүснэ.
-Инсулинд орох нь хамгийн сүүлийн арга хэмжээ гэж хүмүүс айдаг. Ямар үед инсулинд ордог вэ?
-Энэ эмчилгээнд тодорхой заалтаар ордог. Нэгдүгээрт, инсулиний ялгаралт багатай тохиолдолд инсулин эмчилгээ хавсарна. Мөн түрүүний хожуу, хурц үеийн гээд байгаа чихрийн шижингийн хүндрэлүүд гарч байвал инсулин эмчилгээтэй хавсарч болно. Бусад өөр өвчинтэй хавсрах, элэгний эмгэг, хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг, эм уух боломжгүй, ходоодны шархтай, элэгний дутагдалтай, хатууралтай хүмүүст эмийн эмчилгээ илүү аюултай учраас хамгийн аюулгүй эмчилгээ болох инсулин эмчилгээнд оруулдаг. Уг эмчилгээ тохироод, эрхтэн систем эдгэрээд, хүндрэл багасаад ирвэл инсулиний хэмжээг багасгаж болно.
-Чихрийн шижинг эмч нар багаар ажиллаж эмчилдэг юм билээ. Танай эмнэлгийн хувьд бас тийм үү?
-Чихрийн шижин дандаа багийн үйл ажиллагаа шаарддаг. Дотоод шүүрлийн эмч дээр очлоо гэхэд эмч нь ямар хүндрэлүүдийг илрүүлж тухайн хүндрэлийн голчлон илэрч байгаа эрхтнийг хариуцсан мэргэжлийн эмчээс / үүнд бөөр, мэдрэл, мэс засал, нүд, зүрх судасны эмч, хоол зүйч, хөдөлгөөн засалч/ зөвлөгөө авч шаардлагатай шинжилгээ, эмчилгээг зөвлөдөг.
Тэгэхээр бид яаж үүнээс өөрийгөө хамгаалах вэ, яаж бид чихрийн шижингээс сэргийлэх вэ, өвдсөн бол хэрхэн хүндрэлээс сэргийлэх вэ гэж л энэ олон эмч нар ажилладаг. Чихрийн шижинтэй хүн нь энэ багийн гол хүн, тиймээс тэд бас  өөрсдөө ойлгож, энэ эмгэгтэй тэмцэх  хэрэгтэй.
-Эцэст нь асуухад, сүүлийн үед хүмүүс янз бүрийн дэглэм их барьдаг болсон л доо. Энэ нь хэр их тусалдаг юм бол?
– Илүүдэл жинтэй бол жин хасах нь  нь гол эмчилгээ  мөн боловч хүн болгоны биеийн онцлог, архаг өвчтэй эсэх зэргээс хамааран хоолны дэглэмүүд өөр байдаг.Тиймээс мэргэжлийн хоол  зүйчийн зөвлөгөө авах нь илүү аюулгүй, үр дүнтэй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан