"БНХАУ-д хүнээс хүнд дамждаг хантавируст халдварт өвчин дэгдсэн" тухай мэдээлэл сошиал сүлжээнд тархжээ.
Үүнтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс дараах тайлбарыг өглөө.
Тайлбарт "Хантавируст халдвар нь дэлхий дахинд өргөн тархсан, мэрэгч амьтнаас хүнд халдварладаг, хүнээс хүнд халддаггүй өвчлөл бөгөөд БНХАУ, Европ болон Дунд азийн орнууд, Америкт голомтлон тархсан зоонозын халдварт өвчин юм.
Голомтлон гардаг улс орнууд уг халдварыг хяналтдаа бүрэн оруулж, байнгын тандалт хийж мэдээлдэг.
Цахимаар явж буй мэдээллүүдийг цочирдож хүлээж авахгүй байх, байнгын бүртгэгддэг, хяналтад авсан өвчлөлийн албан бус мэдээллийг түгээж, нэгнийгээ түгшээхгүй байхыг хүсье.
Мэргэжлийн байгууллагууд олон улсад бүртгэгдэж буй нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болохуйц үйл явдал, өвчлөлийн мэдээллийг тандаж, сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хийж ажиллаж байгаа" гэжээ.
Эх сурвалж: ЗӨСҮТ