Шинжлэх ухаанд одоогоор 1000 орчим халдварт өвчин байдаг нь мэдэгдээд буй. Үүний 16 нь хөл хорио тусгаарлалт хийж байж тархалтыг нь зогсоодог, эрсдэл өндөртэй өвчнүүд аж. Тэдэн дотроо халдварлахдаа хамгийн амархан, цар хүрээ нь огцом нэмэгддэг нь томуу, томуу төст өвчнүүд ажээ. Хэтэрхий түгээмэлээсээ болоод “Нийгмийн” гэх тодотгол авсан эдгээр өвчнөөр жилд маш олон хүн нас бардаг ч төдий л анхаарал татахгүй өнгөрөх нь элбэг. АНУ-д гэхэд л ханиадны хүндрэлээс үүдэлтэй уушгины хатгаагаар зөвхөн өнгөрсөн оны аравдугаар сараас хойш 15 сая хүн өвчилж, 8200 нь нас бараад буй. Ийм
хурдан тархдаг томуугийн вирус хор хөнөөл ихтэй (үхлийн хувь өндөртэй), эмчилгээгүй болчихвол учруулах аюул нь төсөөлшгүй. Чухам тийм учраас корона вирусын шинэ төрлийн халдварыг хүн төрөлхтний өмнө тулгарсан шинэ сорилт гэж нэрлэж байгаа юм.
Уханийн дэгдэлт SARS-аас илүү хохирол учруулна
Олон улсыг хамарсан өвчин тахал нь эдийн засгийн ул мөр заавал үлдээж байдаг. Тухайлбал, эбола вирусийн халдвар дэгдсэнээс болж Африк тив 53 тэрбум ам.долларын хохирол амссан гэсэн статистик бий. Аялал жуулчлал, бусад салбараас олох байсан орлогоо алдаж, голомт болсон Конго улсад одоо ч байдал хүн байна. Хятадын корона вирусийн дуулианд дарагдсан л болохоос эбола вирусийн халдвар авсан хүний тоо эрчимтэй өсч буй. ДЭБМ аль өнгөрсөн оны долдугаар сард эбола вирусийн тархалтаас сэргийлэхээр олон улсын түвшинд түгшүүртэй байдал зарлах шийдвэрийг гаргасан.
Корона вирусийн дэгдэлт ч гэсэн дэлхийн эдийн засаг, ялангуяа аялал жуулчлалын салбарт нөлөөлөх нь тодорхой байна. БНХАУ-ын иргэд аялал жуулчлалд хамгийн их мөнгө зарцуулдаг. 2015 онд 100 сая хүн нь гадаад улс оронд аялсан бол 2018 он гэхэд 160 саяд хүрч, 288 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо бий. Хятад жуулчид хүлээж авдаг улсууд энэ хэмжээний мөнгө олох боломжоо алдана гэсэн үг. Үүнээс болж маш олон улсын аялал жуулчлалын салбарт доргилт үүсэх гэнэ.
Бизнес, эдийн засгийн “Atlantic Council” байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан Хун Тран “2002 онд дэгдсэн SARS буюу амьсгалын замын цочмог халтай хам шинж өвчний дэгдэлтийн үед дэлхийн эдийн засагт 50-10 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж тооцдог бол энэ удаа хохирол тэрнээс ч их гарах нь тодорхой” гэжээ. Түүнийхээр бол зочид буудлын бизнес, жижиглэн худалдаачид аль хэдийнэ вирусийн
нөлөөлөлд өртөн хохирч эхэлжээ.
Өөр эх сурвалжийн мэдээлэл буюу эсрэг тэсрэг таамаглалууд
Сүүлийн үед корона вирусийг биологийн зэвсэг байж магадгүй гэсэн таамаглал ихээр гарч байна. Ази, барууны орнуудын аль алинд иймэрхүү мэдээлэл гарч байгаа бөгөөд таамагласан шинжтэй эдгээр
мэдээллүүд нь биологийн зэвсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн, харин хэн бүтээсэн бэ гэдэг дээр л ялгаатай буюу өрсөлдөгч талуудаа буруутгасан дүгнэлт хийж байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Америк хувилбар: “Корона вирусийн шинэ төрлийг хятадууд өөрсдөө бүтээсэн ч санамсаргүй тохиолдлоор гадагш алдсан” гэсэн агуулга бүхий нийтлэл “Вашингтон таймс” сонины өнгөрсөн долоо хоногийн дугаарт гарчээ. Сонины редакц биологийн дайны чиглэлээр мэргэшсэн Израилийн шинжээч Дэни Шохам гэгчийн өгсөн мэдээлэлд үндэслэн уг нийтлэлийг бэлтгэсэн байв.
Нийтлэлийн агуулгыг товчилбол, вирусийн халдвар Ухань хотоос эхэлсэн. Тэгвэл БНХАУ-ын хэмжээнд ганцхан байдаг вирус судлалын лаборатори, эрдэм шинжилгээний хүрээлэн болох “Wuhan Institute of Virology” Уханьд байдаг аж.
Энэ хүрээлэн корона вирусийг судалдаг нь үнэн бөгөөд албан ёсны цахим хуудастаа “Шинээр гарч буй халдварт өвчний судалгаа нь үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг. Корона вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог үрэвсэл (SARS Cov), шувууны ханиад зэрэг өвчнийг үүсгэгчийг судалж өндөр амжилтад хүрсэн юм” хэмээн бичжээ.
“Вашингтон таймс”-ын олж мэдсэнээр бол АНУ-ын Төрийн Департментад БНХАУ цэргийн зорлготой биологийн төслийг нууцаар хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээлэл тагнуулын чиглэлээр байнга орж ирдэг аж. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны дундуур ийм мэдээлэл ирж байжээ.
Хятад хувилбар: Шанхайн блогеруудын бичиж байгаагаар бол, эрх баригчид вирусийн тархалтыг гаднын нөлөөтэй гэж үзэж, эх сурвалжийг нь олохоор эрчимтэй ажиллаж байгаа гэжээ. Хятадын цэргийн шинжээчид вирусийн геномыг нарийвчлан судалж байгаа аж. Вирусийг хэнд зориулж, хэрхэн бүтээсэн нь чухам эндээс тодрох бөгөөд биологийн зэвсэг үү гэдэг нь ч мэдэгдэх юм байна.
Блогерууд маш чадварлаг задлан шинжээч, нэгтгэн дүгнэгчид байдаг бөгөөд баримтуудыг учир шалтгааны маш гүнзгий үндэслэлтэйгээр холбон уншигчдыг итгүүлж чаддаг онцлогтой. Тэнд бичсэнээр бол АНУ-ын компаниуд дэлхийн олон оронд эмийн үйлдвэрлэл, биологийн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр компаниуд бактерологийн зэвсэг үйлдвэрлэх чиглэлээр судалгаа явуулж байгаа гэсэн
мэдээлэл өмнө нь нэг бус удаа гарч байжээ. Тухайлбал, 2018 оны есдүгээр сард Гүржийн Улсыг аюулаас хамгаалах яамны сайд асан Игорь Георгадзе Тбилисийн ойролцоох Алексеевка тосгонд байрладаг Лугарын нэрэмжит судалгааны хүрээлэнд АНУ-ын мэргэжилтнүүд биологийн зэвсэг бүтээж, хүн дээр туршилт хийсэн, 30 хүн дээр туршихад 24 нь тэр өдөртөө нас барсан ноцтой баримт олж авсан гэж мэдээлэл хийж байсныг жишээ болгож авсан байна.
Бүх зардлыг нь Пентагоноос гаргадаг энэ хүрээлэнг 2013 онд “Аллахын нулимс” гэж нэрлэсэн маш хүчтэй шингэн героин гаргаж авсан хэрэгт буруутгаж байсан. 2016 онд Абхаз болон ОХУ-д нэгэн зэрэг дэгдсэн гахайн халдварт өвчинд ч эднийхийг холбоотой гэж харддаг. Ричард Лугарын нэрэмжит хүрээлэн Пентагоноос 300 сая ам.долларын санхүүжилт авсан бөгөөд харийн улс гүрж хүний эрүүл мэндэд санаа зовсондоо ийм их хэмжээний мөнгийг зарсан гэдэгт итгэх хүн ховор байдаг аж. Лаборатори руу орж, гарч байгаа бүх ачаа Гүржийн хилийн хяналтаас гадуур явдаг гэхээр цаана нь ямар нэг нууц байгаа гэж
харддаг байна.
Орос хувилбар: Шинэ төрлийн корона вирусийн халдварыг оросууд ч ханиад гэдэг өнцгөөс харахгүй байна. Тухайлбал, Төрийн Думын гишүүн Евгений Фёдоров вирусийг Хятадыг онилсон биологийн
зэвсэг гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Вирус нь Хятадуудыг онилсон биологийн зэвсэг байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ анзаараад үзэх юм бол одоогоор хятад биш хүн нас барсан тохиолдол гараагүй байгаа. Генийн бүтцийн хувьд. Энэ нь вирусийн үйлчлэлийг хятад хүнд зориулж тусгайлан бүтээсэн байж болохыг харуулж байна. Дараагийн бай нь Орос. Хэдэн сарын дараа ч юм уу манайх руу чиглэх нь гарцаагүй” хэмээн ярьжээ.
Цэргийн шинжээч, тагнуулын ахмад ажилтан, ОХУ-ын баатар Рустем Клупов энэ талаар “Хэрвээ халдварыг АНУ зохион байгуулж тараасан гэж үзэж байгаа бол халдвар авсан, нас барсан бүх хүнийг нэгбүрчлэн ДНХ шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Шинжилгээ хийгээд зөвхөн нэг үндэстэнд нөлөөлдөг нь тогтоогдох юм бол “Үнэхээр халдлага байжээ” гэж дүгнэж болно. Яагаад гэвэл бактерологийн зэвсгийг үндэстнүүдийн генийн бүтцийн ялгаан дээр суурилж хийдэг. Ингэж байж тодорхой нэг үндэстэнд хөнөөл учруулдаг юм. Жишээ нь, америкчууд индианчуудын эсрэг бактерологийн зэвсэг хийлээ гэж бодъё. Энэ тохиолдолд индианчууд л сүйрч бусад нь яах ч үгүй. Гэтэл яг бодит амьдрал дээр АНУ ямар улс билээ. Маш олон үндэстэн олон зуун жил холилдож эрлийзжсэн улс шүү дээ. Гаднаас нь харахад цэвэр европ зүстэй ч индианчуудын генийг хадгалсан хүн байж болно.
Хятад ч бас адилхан. Москвагийнхан бидэнд хятадууд бүгд адил мэт харагдаж байж болно. Үнэндээ бол тэд бас л олон мянган жилийн турш цус холилдсон үндэстэн. Хойд талд нь тунгус, манж, монголчуудын удам, баруун хойно нь турк, өмнөдөд лаос, кампучиудын ур сад бий. Цэвэр цусны хятад гэж Бээжин, Шанхайд л байж магадгүй. Хэрвээ үнэхээр тэгж хардаад байгаа бол судалгаа шинжилгээгээ хийж тогтоочхоод үр дүнг нь дэлхий нийтэд харуулах хэрэгтэй” гэсэн байна.
Eagle.mn