Г.Байгалмаа: Нойргүйдэл, ажлын ачаалал нь харвахад хүргэдэг

Сүүлийн жилүүдэд цус харвалт залуужих болсон. Иймээс энэ талаар Улсын III төв эмнэлгийн тархины харвалтын ерөнхий эмч Г.Байгалмаагаас тодрууллаа.
-Цус харвалтын гол шалтгаан юу вэ?
-Манай иргэд цус харвалт гэж ярьж хэвшсэн. Энэ өвчний эмнэлгийн нэршил нь тархины харвалт юм. Тархины судас хагарч, тархины эд, бүрхүүл доогуур цус харвахыг харвалт, судас бөглөрөхийг тархины шигдээс харвалт гэдэг. Мөн тархины судсанд төрөлхийн болон олдмол эмгэгээр судасны цүлхэн байж байгаад хагарч, харвах ноцтой аюул үүсдэг. Энэ өвчний гол шалтгаан архи, тамхи хэрэглэх, илүүдэл жин, зүрх судас болон чихрийн шижин өвчин, цусны даралттай холбоотой. Архи хэтрүүлж хэрэглэснээр цусны бүлэгнэл алдагдан харвах эрсдэл нэмэгддэг. Цусан дахь  өөх тосны хэмжээ их байвал судасны дотор хана зузаарч, улмаар тархины судас бөглөрч харвадаг.
-Тархинд цус харвахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Удмаараа даралт ихтэй бол түүнийг эрт илрүүлж, даралтаа байнга хянах хэрэгтэй. Мөн эмчийн зөвлөсөн эмийг тогтмол ууж, таргалалтаас сэргийлж, зөв хооллох шаардлагатай. Хорт зуршлаа хаяж, идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийн, зүрх судасны үйл ажиллагаагаа хэвийн байлгах нь маш чухал. Зурагтаар архи дарсны зар сурталчилгаа явуулахын оронд харвалтын анхан шатны мэдлэг түгээх богино хэмжээний бичлэгийг цацаж, эрүүл мэндийн боловсрол олговол зүйтэй санагддаг.
-Сүүлийн жилүүдэд тархины харвалт залуужиж байгаа гэсэн?
-Манай эмнэлгийн харвалтын тасаг Монголд анхдагч. Үүсгэн байгуулагдаад зургаа дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд тархины харвалтаар судалгаа хийхэд  “Залуу насны харвалт” улсын хэмжээнд анхаарал татсан сэдэв болсон. Залуу насны харвалтанд 50-иас доош насны хүмүүсийг хамруулдаг.  Ид хөдөлмөрлөх насны хүнд тархины харвалт тохиолдвол цаашдын амьдралын хэв маяг, хөдөлмөрийн чадвар нь буурах аюултай. Мөн тэдний ар гэрийнхэн маш том цочролд  ордог. Олон улсад залуу насны харвалт 100 мянган хүн амд 7-15, зарим судалгаанд 15-44 байдаг. Манай судалгаан дахь тархины харвалтаар нийт хэвтэн эмчлүүлсэн 4715 хүний 20-26 хувь нь буюу 507 нь залуу насны харвалт байлаа. Дээр дурдсан хүчин зүйлээс гадна залуу насны харвалт их өвөрмөц шалтгаантай. Биеийн хүчний хэт их ачааллаас болж, тархины судас хууларч, харвах ховор тохиолдол бий. Фитнессээр хичээллэдэг зарим хүн булчингийн масс нэмэх уураг ихээр  хэрэглэх, эсвэл тураах бүтээгдэхүүн, жирэмснээс хамгаалах эм зэргийг ууснаар тухайн хүний бие цус бүлэгнэлтийн алдагдалд орж, тархины харвалт үүсэх цөөн тохиолдол бий. Мөн нойргүйдэл, ажлын ачааллаа зохицуулахгүй ядрах нь харвахад хүргэдэг. Манай хамт олон энэ талаар судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна.
-Жирэмсэн хүн энэ өвчнөөр өвдөх тохиолдол байдаг уу?
-Жирэмсний үед болон төрсний дараах 45 хоногт эх тархины харвалт болбол ноцтойд тооцогддог. Сүүлийн таван жилд 50 эх харвасан. Эх, үрийг хамт байлгах нь эмч бидний туйлын хүсэл. Энэ 50 эхээс өвчний хүндрэлийн улмаас хоёр эх эндсэн. Тиймээс ойрын хамаатанд нь саяхан харвасан хүн байгаа эсэхийг нягталж, жирэмслэлтээ зөв төлөвлөх хэрэгтэй. Жирэмсэн болсон бол цаг алдалгүй эмчийн хяналтад орж, эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамрагдаарай. 
-Хараахан харваагүй ч хэзээ мөдгүй харвахад бэлэн байгаа өвчтөнг танай эмнэлэг авалгүй буцаасан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Манай харвалтын тасагт харвасан хүмүүс хэвтдэг. Судсан доторх мэс засал, нээлттэй мэс засал, бүлэн хайлуулах эмчилгээ хийгдэхгүй, харвалт мөн биш нь тогтоогдоогүй тохиолдолд тухайн дүүрэг, аймагтаа нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байж, эмийн эмчилгээгээ хийлгэж байх хэрэгтэй. Эрчимт эмчилгээний зориулалттай маш хүнд, тархины мэс засал хийлгэх заалттай, амь тэмцсэн байдалтай хүмүүс манай хэвтэн эмчлүүлэх тасагт эмчлүүлнэ. Тухайн өдрийн харвалтын хүлээн авах эмч нар ирж буй хүний зовиурыг шинжиж авдаг. Улсын хэмжээнд ганцхан байгаа харвалтын тасгийн  20 орон дээр цаг тутамд ирж байгаа харвалттай бүх хүнийг авах ямар ч боломжгүй. Улсын том эмнэлгүүд, дүүргийн эмнэлгүүд бүгд харвалтын нэгжтэй болох хэрэгтэй байна. Ингэснээр бид харвалттай өвчтөнд эмчилгээ, үйлчилгээний доголдол үүсгэхгүй ажиллана. 
-Харвалт өгч буйг яаж урьдчилан мэдэх вэ? 
-Харвасан тохиолдолд өвчтөн, түүний гэр бүл, ажлын хамт олон харвалтын эхлэх шинжийг таньж, түргэн тусламжийн үйлчилгээнд шуурхай мэдээллэх нь маш чухал. Дэлхийн харвалт судлалын холбооноос уг өвчний  шинж тэмдгийг “Fast-хурдан, face-нүүр муруйх,  arms-гар сулрах, speech-хэл яриа өөрчлөгдөх, time-цаг алдалгүй” гэсэн  шинжээр яаралтай тусламжид ханддаг. Манай улсад “ХААН” гэсэн “хэл яриа ойлгогдохоо болих,ам уруулын нэг тал унжих, атгалт сулрах, нүүр царай муруйх” шинж тэмдгээр таньж ийм шинж илэрвэл нэн даруй 103 дуудах ёстой байдаг.
Үндэсний шуудан
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан