Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлтөөр олгодог эмийн жагсаалтад өөрчлөлт орсон нь иргэдийн хувьд дарамт болж байна гэж өнгөрсөн долоо хоногт эм импортлогч компаниуд мэдэгдсэн нь оргүй хоосон үг биш байжээ. ЭМД-аар олгодог эмийн жагсаалтын өөрчлөлт орсны улмаас Бөөрний архаг өвчтэй хүмүүс эмээ авч чадахгүйд хүрлээ тухай гомдлыг Монголын нефрологийн холбоо ЭМДЕГ-т албан бичиг илгээжээ.
Монголын Нефрологийн Холбоо нь монголын бөөрний эмч, эрдэмтэн багш нарын нэгдэн байгуулсан мэргэжлийн эмч нарын холбоо юм байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2019 оны 07 сарын 29-нд 12 тоот тогтоол гаргаж, ЭМД-аар олгодог эмийн жагсаалтыг шинэчилсэн бөгөөд үүнд иргэдийн эрүүл мэндэд чухал шаардлагатай гэж үзсэн 600 гаруй эм багтжээ.
Тэдний нэг нь бөөрний архаг өвчний хүндрэлтэй хүмүүс уудаг, бөөрний архаг өвчний хурдыг түргэсгэж диализын аппаратад орох хугацааг наашлуулдаг “Ноцид” бэлдмэл юм байна. Энэ бэлдмэлийг 2016 оноос Монфа трейд ХХК-аас албан ёсны зөвшөөрөлтэйгөөр оруулж эхэлсэн бөгөөд бөөрний архаг өвчтэй хүмүүс ууж, амьд явах хугацаагаа уртасгаж ирсэн аж.
Бөөрний өвчин Монгол Улсад тэргүүлдэг халварт бус таван өвчний эхний 3-т ордог. Бөөрний архаг өвчнөөр шаналсан хүмүүс насан туршдаа өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх хүнд сорилттой тулгарч, гадагшаа явж, өндөр үнэтэй эмчилгээ хийлгэдэг гэдгийг олон хүний жишээ гэрчлэх биз ээ.
Олон улсад өндөр үнээр худалдаалагддаг энэ бэлдмэл анх манай улсад Кетостерил нэртэйгээр орж ирж байжээ. Энэ эмийг ганзагын наймаачид 100 ширхэгийг нь 450 мянган төгрөгөөр, БНХАУ-аас оруулж ирсэн 100 ширхэг нь 200 мянган төгрөгөөр борлуулалж байжээ.
Харин 2016 оноос Монфа трейд ХХК-аас албан ёсоор “Ноцид” бэлдмэлийг оруулж ирж ЭМД-ын сангаас 60 мянга, иргэнээс 60 мянга, нийт 120 мянган төгрөг төлж, 50 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдаалж, бөөрний өвчтэй иргэн, бөөрний эмч нарын ачааг хөнгөлж байсан ч 12 сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлсэн ЭМД-аар үйлчлэх эмийн жагсаалтаар “Ноцит” бэлдмэлийн дээд үнийг 87.300 төгрөг болгочихжээ.
Өөрөөр хэлбэл ЭМДҮЗ энэ эмийг 120 мянга биш, 87 мянгаар зар хэмээн тулгаж эхэлсэн бөгөөд Монфа компанийн хувьд эмийг 87 мянган төгрөгт оруулж ирэх ямар ч боломжгүй, экспортоо зогсоохоос өөр сонголтгүй болгочихсон байх юм. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон энэ шийдвэрийн улмаас бөөрний архаг өвчтэй хүмүүс эмээр тасалдлаа шүү гэсэн сануулгыг бөөрний эмч, эрдэмтэд ЭМДЕГ-т өгчихөөд байгаа юм байна.
Ийм харалган шийдвэрээ ЭМДЕГ эргэн харахгүй бол бөөрний өвчлөл ихтэй Монгол Улс, бөөрний өвчтэй хүмүүст ойр ойрхон томоохон гарз тохиолдож эхлэхийг үгүйсгэхээргүй болжээ.