Хүйтний эрч чангарч, томуугийн дэгдэлтийн үе эхэлж байгаа тул дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжихийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд амбулаториор 200 мянга орчим хүн үйлчлүүлсний 4.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бол нийслэлд 3.6 хувьтай байгаа аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад бага үзүүлэлт боловч цаашид нэмэгдэх хандлагатай талаар мэргэжилтнүүд анхаарууллаа. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Томуугийн тандалтын 45 дахь долоо хоногийн мэдээгээр 50 сорьц шинжлэхэд хоёрт нь В вирус илэрсэн. Тиймээс энэ жил томуугийн В хүрээний вирус гарах хандлагатай байна” гэв. Томуу нь амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм. Томуугийн үүсгэгч нь А, В, С гэсэн үндсэн гурван хэв шинжид хуваагддаг. В вирус нь улирлын томуугийн дэгдэлтийн үндсэн шалтгааны нэг болдог ч хувьсан өөрчлөгдөх шинж чанар багатай. Халдвар нь агаар дуслын зам (халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирус шүлсний дусалтай хамт агаарт цацагдах), бохир гар (халдвартай хүний нус, шүлсээр бохирлогдсон эд зүйлст хүрэх)-аар дамжин халдварлана. Томуу өвчний үед илрэх үндсэн шинж тэмдэг нь халуурах. Томуугийн В вирусийн халд-варын үед гэнэт өндөр халуурах боловч А вирусийн халдварын үеийн халууралтаас бага зэрэг хөнгөн байна. Насанд хүрэгсэд бага насны хүүхдүүдийг бодвол бага зэрэг халуурдаг тул бие сульдах, ядрах, биеэр шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэн халуун буурах үед ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх шинж илрэх бөгөөд зарим тохиолдолд маш хурдан хүндэрч, уушгины хатгалгаа болдог. Эмнэлзүйн шинж тэмдгүүд ихэнхдээ нэг долоо хоногийн дараа арилах хэдий ч, ханиалга намдахгүй 2-3 долоо хоног үргэлжилж болно. Мөн дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг ходоод гэдэсний хямралын шинж тэмдэг илэрч болох юм. Үүнээс гадна риновирус, короновирус, бокавирус, аденовирус зэрэг томуугийн вирусүүд давхар эргэлтэнд байдаг. Эдгээр вируст бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд илүү их өртөх эрсдэлтэй.
ЗГМ