Сэтгэцэд үйлчлэгч бодистой “Анданте” эмийг мансуурах зорилгоор ашиглах болжээ

Монгол Улсад “Анданте” буюу нойрсуулах үйлчилгээтэй эмийг эмчилгээний зориулалтаар 2009 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс худалдаалж эхэлсэн байна. Гэвч сүүлийн жилүүдэд уг эмийг зохисгүй хэрэглэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залуучууд мансуурах зорилгоор хууль бусаар олж авах, бусдад зарж борлуулах, хэрэглэх явдал ихээр гарах болжээ.
Тиймээс “Залеплон” гэх сэтгэцэд үйлчлэгч бодистой “Анданте” эмийг Хүний эмийн зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын эмийн бүртгэлээс хасаж, Эрүүл мэндийн сайдын 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаар тушаалаар Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад оруулсан байдаг.
Гэтэл өнөөдрийн байдлаар уг эмийг зохион байгуулалттай бүлэг этгээдүүд ОХУ-аас хууль бусаар хил нэвтрүүлэх, тээвэрлэх, бусдад дамлан борлуулах замаар  өсвөр насны хүүхэд, залуучууд, тогтмол орлоготой иргэдийг сэтгэцийн болон биеийн хараат байдалд оруулж, хэрэглэгчдийн тоо нэмж байна.
Эмийг хууль бусаар хэрэглэгчид нь өөрсдийн найз нөхөд, ойр дотны хүрээлэлд эм хэрэглэж, мансуурснаар сэтгэл хөөрч баясдаг, дуу хөгжим сонсоход мэдрэмтгий болдог гэх зэргээр сурталчлан, уруу татах, хүүхэд, залуучууд гэнэн итгэмтгий зангаасаа бусдыг дагаж дууриан хэрэглэснээр “донтох эмгэг" үүсч хараат байдалд орох явдал их байна.
ИЙМД ЭЦЭГ ЭХ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ИРГЭД ДАРААХ ЗҮЙЛСЭД АНХААРАЛ ХАНДУУЛНА УУ!
1.  Өсвөр насны хүүхэд, залуучуудад тавих хараа хяналт, анхаарлыг сайжруулах, тэдэнтэй ойр дотно харилцан, чөлөөт цагийг гэр бүлээрээ зөв боловсон өнгөрүүлж, зөв төлөвшлийг суулгаж, үлгэр дуурайл үзүүлэх;
2.  Монгол Улс болон гадаад орнуудад зорчих, тэр дундаа ОХУ-руу тээврийн хэрэгслээр орж, гарах үед бусдаас дайвар ачаа бараа авахгүй байх, авсан тохиолдолд тухайн ачааг зайлшгүй үзэж шалгаж авах, өөрийн ачаа тээшийг хяналтгүй орхихгүй сонор сэрэмжтэй байх, мөн энэ талаар өөрийн ойр дотны хүн, гэр бүлийн гишүүдэд анхааруулах;
3.  Сэтгэцэд нөлөөт эмийн нэг удаагийн хэрэглээ, хүсэл сонирхлоос болж дараах хор уршиг, хөнөөл авчрах талаар сайтар ойлгуулж сэрэмжлүүлэх:
-  Сэтгэцийн болон биеийн хараат байдалд орж донтох өвчтэй болж, эрүүл мэндээрээ хохирох,
-  Улмаар сургуулиас завсардах, ажилгүйдэл үүсэх, гэмт хэрэгт холбогдож, түүний золиос болж, гэр бүл эдийн засгийн хувьд ядууралд өртөх,
-  Ургийн гажиг үүсч, Монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөх, эмийг зарж борлуулдаг этгээдүүд, гэмт бүлэглэл, сүлжээнд татан оруулах зэргийг;
4. Нэг удаагийн хүсэл сонирхол нь тоглоом, зугаа цэнгэл биш гэдгийг ухуулан таниулж, хүүхэд, залуучуудын үүрэг оролцоо гэр бүл, төр нийгэм, эдийн засагт ямар чухал болохыг ойлгуулан, ярилцаж эрүүл сэтгэхүйг суулгаж, буруу хандлагаас ангид байхыг ятгах;
5.   Энэ төрлийн эмийг зүй бусаар хэрэглэгчдийн хамраас ногоон нус гойжих шинж илэрдэг, нөгөө талаар өрөө, тасалгаа, эд зүйл, хогийн савнаас цэнхэр өнгийн бохирлогдсон салфетик, хуйлсан мөнгө, ундааны соруул, ариун цэврийн цаас, хоосон капсул, хамрын дусаагуур зэрэг илрэх магадлалтай тул анхаарал хандуулж, сонор сэрэмжтэй байх;
6.   Хүүхэд, залуучууд, найз нөхөд болон өөрсдийнх нь хүсэл эрмэлзэл зөвхөн мансуурах хүслээр солигдсоноор ирээдүйн эрүүл, зөв хандлагатай хүн, гэр бүл, төр, нийгэм эдийн засагт дутагдаж, их гарз хохирол учруулахыг ухуулах.
Мөн эмийн хууль бус худалдаа, хэрэглээний талаар ямар нэгэн сэжигтэй зүйл мэдсэн бол иргэний үүргээ биелүүлж цаг алдалгүй мэдээлнэ үү.
Эх сурвалж:ТЕГ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан