Урт удаан хүйтний улирал дуусахад сэтгэл санаа хэсэг тэнийн баясах боловч зуны сайхныг мэдэрч чаддаггүй зовлон нэгтнүүдийн маань тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөн нэмэгдэж байна. Фэйсбүүк дэх харшилтнуудын групп дотор жил бүр аврал хайн нэг нэгээсээ тусламж зөвлөгөө хүсэж байдаг 60 гаруй мянган хэрэглэгчдийн нэг нь би өөрөө юм.
Зогсоо зайгүй найтааж, нүдээ улайтал маажиж, нус нулимсандаа баригдан 2-4 сар зовдог нь энэ хүмүүсийн нийтлэг шинж. Зуны дэлгэр цагт гэрт, гадаа, хөдөө хотын хаана ч явсан энэ зовууриар шаналдаг бүх хүнд дахин нэг муу мэдээ дуулгах гэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр таны энэ зовуурь улам дордож, хугацаа нь уртасна гэнээ. Хот суурин газар амьдрагсдын хувьд тоосны дэгдэлт улам хүчтэй болсоор зовуурь нь бүр ч харгис болж байгааг бид өөрсдийн биеэр туулж яваа билээ.
Дэлхий дахинд 1970 оны үед 10 хүн тутмын нэг нь л харшил өвчнөөр шаналдаг байсан бол 2000 оны үед 10 хүн тутмын 3 нь харшилтай болжээ. Ургамлын тоосонцор, астматай иргэдийн тоо хот суурин газруудад илүү нэмэгдэж байна гэж судлаачид үзсэн. Манай нөхцөлд орчны бохирдол, тоосонцрын дэгдлийг намжаах ногоон байгууламж, ус чийг хангалттай байдаггүй нь зовуурийг улам дэвэргэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулаан өдрүүдийн тоо нэмэгдэж, хотын орчинд дулааны арал бий болсон учир ургамлын тоосонцроо хаях хугацаа уртсаад байгаа нь яалт ч байхгүй аймшигтай мэдээ. Харшлын зовуурьгүй ядаж нэг өдөр бүтэн амьсгалах нь маш үнэ цэнтэй байдаг гэдгийг харшилтнууд бид юунаас ч илүү сайн мэднэ.
Хэрэв дэлхийн дулаарал цаашид энэ хурдаараа үргэлжилбэл энэ зууны сүүлч гэхэд ургамлын харшил үргэлжлэх хугацаа дахин нэг сараар уртасна гэж АНУ-ын Астма, харшил судлалын хүрээлэнгээс сануулж байна. Харшил үүсгэгч тоосонцорт ургамал, моддын тархалт цаашид эрчимтэй нэмэгдэх бөгөөд төрөл зүйлийн хувьд ч олширч элбэгших нь. Ургадаггүй байсан хэсгүүдээр ч ургаж, амьдрах чадвар нь нэмэгдэнэ. Энэхүү эрчимт тархалт цор ганц дулаарлаас биш гэдэг нь мөн судалгаагаар нотлогдсон бөгөөд агаар мандалд ихээр ялгарч буй нэг төрлийн хүлэмжийн хий болох нүүрсхүчлийн хийгээр тэжээгдэн улам хүчирхэг болж байгаа аж. Нүүрсхүчлийн хийгээр тэтгэгдсэн харшил үүсгэгч ургамлын тоосонцрын сөрөг нөлөө хоёр дахин хүчтэй харшлуулдаг гэнэ. Нүүрсхүчлийн хий нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөгч гол хүлэмжийн хий билээ.
Харшил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аль алинд нь та гам барих хэрэгтэй болно.
Та харшлаас өөрийгөө хамгаалахын тулд маш нарийн дэглэм барих хэрэгтэй болдог. Гаднаас орж ирээд ургамлын тоосонцортой гадуур хувцас, гутал зэргээ үүдний хэсэгтээ эвхэн далд хийх, унтахаасаа өмнө усанд орж, үсээ угаах, дэгдэлт ихтэй үед цонхоо хааж байх, HEPA шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч ажиллуулах гэх мэт.
Үүний адил уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрийн гэсэн дэглэмтэй болж, хувь нэмрээ оруулж чадна. Таны харшлыг улам дордуулаад байгаа хүлэмжийн хий буюу нүүрсхүчлийн хийг бууруулах хамгийн энгийн арга зам бол эрчим хүчний хэрэглээгээ хасах юм. Хэрэглээгүй үедээ гэрлээ унтраах, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж хэрэглэх, нийтийн тээвэр сонгох, алхах, эсвэл дугуйгаар зорчих гэх мэт.
Эцэст нь хэлэхэд гэртээ цэвэрлэгээ хийхдээ HEPA шүүлтүүртэй тоос сорогч, агаар цэвэршүүлэгч аваад зовиураа дарах арга хэмжээ авахаас өөр сонголт одоохондоо байхгүй байна. Үр хүүхдүүдээ үүнээс ч дор зовууриар удаан зовоохгүйн тулд та уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар нэг дэглэм барьж эхлээрэй гэж захих байна. Зуны улиралд дэглэм гамаа сайн барьж, дархлаагаа хамгаалахгүй аваас залгуулаад утааны харшил таныг эзэлж мэдэх юм. Эвлэрэхэд хэцүү боловч харшил айсуй.
Э.ЗОЛЗАЯА
IKON.MN