Томуу, томуу төст өвчин дахин газар авч байгаатай холбогдуулан Нийслэлийн дүүргүүдийн эмнэлгийн Хүүхдийн кабинетуудыг уртасгасан цагаар ажиллах тушаал гарсан. Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр өмнөх тушаалын хугацаа дууссан хэдий ч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уг тушаалыг дахин нэг сарын хугацаагаар сунгах шийдвэр гаргалаа. Учир нь томуу, томуу төст өвчний өвчлөл харьцангуй буурсан хэдий ч бага насны хүүхдийн өвчлөлийн тоо хэвийн хэмжээнд хүрэхгүй байна. Иймд дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг энэ сарын 01-нээс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, эмч ажиллагсдын илүү цагийн цалин хөлсийг зохих ёсоор шийдвэрлэхээр болжээ.