Барууны орнуудад эрт цагт амьтны эд эрхтнээр эм бэлдмэл бэлтгэх зэргийг “шулмын үйл” гэдэг байсан бол орчин цагт Хятадын уламжлалт анагаах ухаан эрэлттэй болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тооцооллоор Хятадын уламжлалт анагаах ухааны салбарт жилдээ 60 тэрбум ам.доллар эргэлддэг ба өнгөрсөн онд 11 хувиар нэмэгдсэн байна.
Олон улсад Хятадын зүүн эмчилгээ, ургамлын бэлдмэл зэрэг нь ихээхэн анхаарал татаж, эрэлттэй болжээ. ДЭМБ-аас Хятадын уламжлалт анагаах ухааныг ирэх тавдугаар сард албан ёсоор хүлээн зөвшөөрөх аж. Хятадын ардын эмчилгээ 2500 гаруй жилийн настай гэж үздэг. Тус улсын Төрийн зөвлөлөөс уламжлалт анагаах ухааныг сурталчлах төлөвлөгөөг баталснаар ардын эмчилгээний эмнэлэг, музей, ботаникийн цэцэрлэг төдийгүй амьтны хүрээлэн байгуулахаар ажиллаж байна.
Гэвч уламжлалт анагаах ухаанд ашиглагддаг амьтны эд эрхтний эрэлт нь хууль бус, хулгайн ан нэмэгдэхэд нөлөөлж байгааг байгаль хамгаалагчид шүүмжилж байна. Тухайлбал, энэ он гарсаар Хонконгийн гаалийн албаныхан хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан панголины 8,3 тонн хайрс, нэг сая ам.долларын үнэ хүрэх хирсийн эвэр зэргийг хураажээ.
Хятад руу зэрлэг ан амьтны эд эрхтэн тээвэрлэх гол зангилаа нь Хонконг болдог аж. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хонконгоор дамжин өнгөрсөн зэрлэг ан амьтны эд эрхтний 45 хувь нь Хятадын уламжлалт анагаах ухаанд ашиглагдах зорилгоор худалдаалагджээ. Ховор болон нэр ховордсон амьтны эд эрхтнээр бэлтгэсэн эм бэлдмэлүүд тамир тэнхээ сэргээх, шар тайлахаас эхлээд хорт хавдрын эсийг устгах хэмжээнд хэрэглэгдэж байна.
Хятадын албаныхан уламжлалт анагаах ухааны эмчилгээ нь хэрэглэж буй ан, амьтны төрөл зүйлээ устаж үгүй болох эрсдэлд оруулах ёсгүй гэж мэдэгджээ. Гэвч Хятадад хирсийн эврийг ашиглахыг хориглосон байдаг ч хар зах дээрээс хэрэглэгчид төвөггүй олох ба Ази, Европт нэн ховордсон зээр, гөрөөс, панголин зэрэг амьтны эд эрхтнийг их хэмжээгээр зардаг байна. Түүнчлэн хориотой амьтдын эд эрхтний найрлагатай эмийг үйлдвэрлэсээр байдаг аж.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд зэрлэг амьтдын тоо толгой цөөрсөөр байна. Тухайлбал, 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бөхөн 2017 оны гуравдугаар сарын байдлаар 4000 хүрэхтэй үгүйтэй байна. Зэрлэг амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа нэг том хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хууль бус худалдаа юм.
Амьтны эд эрхтэн хилээр хууль бусаар гаргадаг сүлжээ бий болоод олон жилийн нүр үзэж байгаа билээ. Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Сүхбаатар аймгийн Бичигт, Ховд аймгийн Булган боомтоор хууль бус ангийн эд эрхтэн их хэмжээгээр хилээр байнга гарч байгааг Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн онцлон хэлдэг.
Эх сурвалж:NEWS.MN