Халгай биеийн дархлаа тэтгэж, гоо сайхныг жавхаажуулах шидтэй Дэлхийн ихэнх ногоон бүсэд ургадаг, түгээмэл өвслөг ургамал бол халгай. Халгай нь дотроо таван дэд төрөлтэй. Халгайг эртнээс хүмүүс эмийн ургамал ба хүнсний зориулалтаар ашиглаж иржээ. Одоогоос 3000 жилийн тэртээ буюу хүрэл зэвсгийн үеэс Их Британичууд хоол хүнсэндээ халгай хэрэглэдэг байсан талаар эх сурвалжид өгүүлсэн байдаг. Монголчууд ч эрт дээр үеэс халгайг хүнс болон гоо сайхандаа хэрэглэж ирсэн туршлагатай ард түмэн. Эрүүл амьдралын нэг үндэс гэгдэх халгай ургамлын талаарх ашиг тустай мэдээллээс та бүхэндээ сонирхуулъя.
Тавдугаар сарын халгайг ардын уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Тодруулбал, тавдугаар сарын дунд үеэс ойн зах, эсвэл цэвэр хээрийн гуу жалгаас түүж болно. Энэ үед халгай 25-30 см ургасан байдаг. Ингэж түүсэн халгайгаа хатааж эсвэл шууд хэрэглэж болно. Халгай нь амин дэмээр баялаг тул биеийн дархлаа тэтгэх, гоо сайхныг жавхаажуулах шидтэй. Хоол хүнсэнд эмчилгээний журмаар, мөн гадуур угааж шавшиж хэрэглэж болно.Тавдугаар сарын халгайг түүж, шөл, хуушууранд хийж идэхэд ядаргаа тайлагддаг гэж үздэг. Халгайг 8-9 дүгээр сард түүн авч, хатааж хэрэглэх нь бас элбэг. Халгай К болон С витаминаар баялаг, уураг, төмөр зэрэг элементүүдийг их хэмжээгээр агуулсан байдаг.
Хог хаягдалгүй газар, гуу жалга, зуслангийн орчмоос зургаадугаар сарын дунд үе хүртэл 20-25 см өндөр ургасан халгайг түүх нь хамгийн чанартай, шим тэжээлтэй байдаг байна. Түүсэн халгайгаа бүлээн усаар 2-3 удаа зайлж, усны өнгө хувирахгүй болтол угаана. Халуун усаар угаах нь шим тэжээл алдагдах муу талтай. Халгайгаа сүүдэр газар хатаах эсвэл давслан даршлaх байдлаар хадгалж, бүтэн жилийн турш хэрэглэж болно.
Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм халгайг хатааж нунтаглан хийж найруулаад хоолны дараа өдөрт амны халбагаар гурван удаа ууна.
Элэг, цөс, ходоод, шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэдэг байна. Үүний тулд 200 мл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөрт гурав хуваан хоолны дараа ууна.
Арьс жавхаажуулахад хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлнэ. Халгайны бүлээн каш /зутан/-аар нүүр болон хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаана. Энэхүү нялх халгайны маскийг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл өгөх сайн талтай.
Тархины судасны нарийсал, үс уналтыг зогсоох зорилгоор халгайн хандаар угааж шавшиж хэрэглэж болно. Судасны нарийслын үед бигнүүр тавих ба 200 грамм халгайг ууранд жигнэж биеийн дулаантай ижил болгон толгойд бигнүүр тавина. Мөн 200 грамм хатаасан халгайг 300 мл усанд хийж буцалган 200 мл хүртэл идээшүүлээд шингэнээр нь үс болон хуйхандаа шүршиж, шавшиж хэрэглэнэ. Судасны нарийслын үед эмчилгээний тун нь өдөрт 3 цагаар 15 минут тутамд хуйханд шүршиж, 7 хоног хэрэглээд 14 хоног амарна. Эмчилгээг үр дүн гартал үргэлжлүүлнэ.
Долоо хоногт 2-3 удаа үсэндээ шүршиж хэрэглэвэл сайн.