Монголд Шинжлэх ухааны доктор гуравхан эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор, Монгол улсын хүний гавьяат эмч О.Сэргэлэн юм.
Тэрээр өнгөрсөн онд дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан билээ. Ингээд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголд элэг шилжүүлэх, дурангийн мэс засал, яаралтай түргэн тусламжийг нэвтрүүлж, анх нутагшуулсан МУ-ын гавьяат эмч О.Сэргэлэнтэй ярилцсанаа та бүхэнд хүргэе.
Таныг Монголд анх элэг шилжүүлэн суулгах ажилд хувь нэмрээ оруулсан хүний нэг гэдэг.Энэ талаар яриагаа эхлүүлье.
Би анх 1991 онд Москвагийн Анаагаах ухааны их сургуулийн мэргэжил дээшлүүлэх институтид нэг жилийн хугацаатай суралцсан юм. Яг тэр үед ОХУ-д доктор, профессор академич Реншанцев гэдэг хүн их том хүн байсан. Тэр хүн анх ОХУ-д элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэх тэр нүсэр ажлыг хийсэн буянтай хүн байсныг би тухайн үед харж байсан юм. Тухайн үед намайг тэнд байх үед тэр сургууль дээр ОХУ-д анх удаа тархины өвдөлттэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн. Тэгэхэд 24 цагийн мэс засал явагдаж байсан юм. Би тухайн үед тэр мэс заслыг маш их сонирхож байлаа. Гэхдээ мэдээж тэр үед биднийг мэс заслын танхимд оруулахгүй учраас шилэн хананы цаанаас харж зогсдог байв. Тэгэхэд би “Энэ ёстой их хэцүү мэс засал байна, энэ мэс заслыг монголд нэвтрүүлэх арай болоогүй юм байна даа” гэж бодож байлаа. Гэхдээ л тэр үед миний цээжин дотор үүнийг эх орондоо нэвтрүүлчих юм шүү гэсэн бодол төрж байсан юм. Тэр үед би гэдэг хүн 30 нас ч хүрээгүй шахуу байсан юм шүү дээ. Тэгээд дараагаар нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал Монголд анх бөөр шилжүүлэн суулгах мэс заслаар эхэлсэн. 1996 онд анхны амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдээд тэрний дараагаар 10-ад жил завсарласны эцэст 2005 онд эргэж эрчимжээд ингэж хөгжих эхлэл нь тавигдсан юм.
Энэ хооронд 1998 онд Монголд Швейцарийн мэс заслын том баг ирж 21 хоногийн хугацаатайгаар ирж ажилласан. Тэр багийн нэг гишүүн профессор Жилэ гэдэг Швейцарийн Лозанны их сургуулийн их том эрдэмтэн профессор байсан юм. Тэр хүн бидэн дээр ирээд Монголд элэг тайрах мэс заслыг хавдар судлалын үндэсний төвийн эмч нарт зааж өгсөн. Тухайн үед би ч бас тэр профессорт хүсэлт тавьж байсан. Яагаад гэвэл би тухайн үед тэр багийг Монголын талаас ахалж удирддаг байсан учраас манай улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал бий болгоход та туслах уу гэсэн хүсэлт тавихад тэр хүн бодож бодож 2 хоногийн дараа надад бүтэн хоёр хуудас дүүрэн захиа ирүүлсэн. Тэр захианд юу гэж бичсэн байсан бэ гэхээр бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд эхэлж бий болгох ёстой. Түүний дараа элэг шилжүүлэн суулгах тухай ярих хэрэгтэй гэж бичсэн байлаа. Тэгээд 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ маань амжилттай болсны дараа элэг шилжүүлэн суулгах дараагийн шатны ажил руугаа орох шаардлагатай юм байна гэдгийг бид ойлгосон. Гэхдээ бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд анх эхлүүлж багийг нь удирдсан хүн бол Английн профессор Маурис Слопак гэдэг хүн байдаг. Тэр хүн 2007 онд улсын нэгдүгээр эмнэлэгийн 2 эмчийг ХБНГУ, Финланд улсуудад элэг шилжүүлэн суулгах чиглэлээр сургаж өгье гэж санал тавиад нэгдүгээр эмнэлэгийн их эмч Батчулуун бид хоёр сонгогдож Финландад 3 сар, Германд 1 сар энэ чиглэлээр суралцсан юм. Үүний дараа мөн манай гастрологийн их эмч Даваадорж бас энэ чиглэлээр 14 хоног суралцсан.
Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэхэд тухайн үед бид гурав бие биендээ тангараг тавьсан юм. Энэ нь ямар тангараг байсан бэ гэхээр Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшүуулхад гурвуулаа нэг цуг баг болж ажиллана гэсэн тангараг байлаа. Тэгээд 2010 онд Бээжин хотод дэлхийн мэс засалчдын их хурал болох тул та бүхэн ирж оролцоно уу гэсэн урилга бидэнд ирсэн. Тэр үед тэр урилга дээр миний бүх зардлыг даана гэсэн байсан. Би өмнө нь БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн эрдэмтэн, эмч, захирал Сан Гю Ли гэдэг эрдэмтэнг таньдаг байсан юм. Тэнд бас манай гурав дөрвөн багш мэс заслын чиглэлээр сургалтанд хамргадаад ирсэн байлаа. Тийм сайн харьцаатай байсан учраас бидний сайн мэдэх Ли профессор тэр хуралд оролцох юм байна гэдгийг тэр урилгаас олж мэдсэн юм. Тэгээд би Батчулуун эмч манай багийн Эрдэнээ багш хоёрыг тийшээ явья гэж ятган Ли профессортой уулзая гэж бодсон. Тэрний дараа бид тэр хуралд очин хурлын завсарлагаанаар Ли профессортой уулзаж, бид нарыг өөрийн Асан мэс заслын төв дээрээ сургаж өгөөч гэж хүссэн юм. Тухайн үед Солонгос эрдэмтэн маань “Би энэ талаар сайн бодьё” гэж бидэнд хэлсэн. Үүний дараа уг хурлаас хойш 7 хоногийн дараа тэр хүнээс захиа ирж, танай багийг дөрөв дөрвөөр нь хуваагаад сургаж өгөхөөр шийдлээ гэж мэдэгдсэн. Ингээд бид нар Эрүүл мэндийн сайд дээрээ орж дэлхийн номер нэг эрхтэн шилжүүлэн суулгах Асан төв бид нарыг сургахаар боллоо гэхэд эдийн засгийн хямралтай учир хөрөнгө мөнгө олгож чадахгүй гэсэн хариу өгсөн юм. Үүнийгээ бид Солонгос эрдэмтэндээ хэлэхэд тэндээс та нарын нөхцөл байдлыг сайн ойлгож байна, та бүхнийг өөрийн сангаасаа санхүүжүүлж сургаж өгье гэсэн юм.
Тэгээд л бид анх БНСУ-ын Асан төвд очиж анх амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэж юу байдгыг харж сурч ирсэн юм. Тэгээд 2010 оноос хойш АШУИС-тай, 2011 оноос Улсын нэгдүгээр эмнэлэгтэй гэрээ байгуулаад энэ мэс заслыг хийж ирлээ. Энэ бүх хугацаанд бидний бүх зардлыг БНСУ-ын Асан төвөөс санхүүжүүлж өнөөдрийг хүрсэн. Одоо манай багийнхан жил бүр тийшээ явж суралцаж байгаа. Нэг үгээр хэлбэл энэ нь сурсан мэдсэнээ баталгаажуулдаг гэсэн үг юм. Харин Солонгос улсын баг манай улсад жилд хоёр удаа ирж, 4 хүнд хамтарсан мэс засал хийдэг. Иймэрхүү маягаар явсаар бид 2016 оны сүүлээр бие дааж хагалгаа хийх хэмжээнд хүрж чадлаа. Ингээд бодохоор бид энэ мэс заслыг хийхэд бүтэн 5 жил суралцсан байна. Ингэж л анх энэ мэс заслыг бид өөрийн эх орондоо нутагшуулсан түүхтэй юм даа. Одоо бид 2011 оноос хойш нийтдээ 43 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна. Энэ 43 хүний 9 нь элэгний хорт хавдартай хүн байсан. Гэхдээ харамсалтай нь сүүлийн үед олон нийтийн мэдээллийн сүлжээгээр Хавдар судлалын үндэсний төвийнхөн анх удаа хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгасан гэж яриад байгаа. Үүнд би бас хариулт өгмөөр байна. Яагаад гэвэл энэ хагалгааг бид нар 2013 оноос эхлээд нийтдээ 9 хавдартай хүнд хийсэн гэдгээ хэлье. Одоо энэ 43 хүнээс 9 нь хавдартай тэднээс 3 нь хүүхэд, элэгний С вирустай хүмүүс, элэгний Б, Д вирустай хүмүүс байсан юм. 2016 ны сүүлээс манай баг бие дааж мэс засал хийж эхэлсэн. Нийтдээ одоогийн байдлаар 12 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна. Эдгээр хүмүүс маань одоо бүгд эсэн мэнд явж байгаа. Энэ 12 хүний 2 нь бас л хавдартай хүн байсан. Мөн сүүлийн 4 хагалгааг манай залуучууд бие даан хийсэн.
Танай баг нэг ойтой хүүхэдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн гэсэн. Энэ талаараа ярьж өгнө үү?
Элэгний төрөлхийн цөсний зам нь битүү ой хоёр сартай охинд бид нар гурван жилийн өмнө хагалгаа хийсэн. Хүүхдийн биеийн байдал одоо сайн байгаа. Одоо тэр хүүхэд 4 нас хүрч байна. Мөн 4 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Энэ хүүхэд маань одоо сургуульд орчихсон бие нь элдэв зовиургүй сайн яваа. Өнгөрсөн хавар 7 настай нэг охинд элэгний Б вирусны гаралтай элэгний хатууралтай элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийлээ. Одоо тэр охины биеийн байдал бас сайн байгаа . Бид одоо энэ 4 –р сард ахиад хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр төлөвлөж байна. Нэг нь ой хоёр сартай, нэг нь 7 настай хүүхэд байгаа. Мөн үүний цаана 50 гаруй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байна. Тэгэхээр бид энэ жилд 4-5 хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ гэсэн үг. Гэхдээ хамгийн сайхан юм нь юу вэ гэвэл нэгдүгээрт донорын тухай хууль маань батдлагдчихлаа, энэ хуулинд тархины үхэлтэй холбоотой олдоцийг нэмэгдүүлэх зорилготой алба байгуулах заалт орсон байгаа. Энэ алба маань саяханаас л зохион байгуулагдаж байна. Уг асуудал өмнөх засгийн газрын үед яригдаж байсан гэдгийг дурьдах нь зүйтэй. Өнгөрсөн онд 2 хүнд үнэ төлбөргүй элэг шилжүүлэн суулгасан. Харин энэ онд 18 хүнд үнэ төлбөргүй элэг шилжүүлэн суулгахаар болсон байгаа. Одоо эхний 6 хүнд энэ хагалгааг хийчихээд байна.
Өнөөдөр манай улсын эрүүл мэндийн салбарыг та юу гэж дүгнэж байна вэ? Техник тоног төхөөрөмж болон бусад хангамжийн хувьд хэр хангагдсан гэж та үздэг вэ?
Яг элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмжийн тухайд яривал Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад бид энэ элэг шилжүүлэн суулгах мэс заслын төслөө анх танилцуулж 1.6 тэрбум төгрөгөөр энэ асуудлыг шийдүүлж байсан. Тухайн үед мөн хотын дарга байсан Мөнхбаяр дээр бас орж энэ асуудлаар уулзаж, асуудлаа шийдүүлж авч байлаа. Харамсалтай нь 2011 оноос хойш тоног төхөөрмжийн шинэчлэл ганц ч хийгдсэнгүй өдийг хүрлээ. Одоо бид нарын урьд нь авч байсан тоног төхөөрөмж бүгд хуучирсан байгаа. Бас дээрээс нь өвчтний аюулгүй ажиллагаанынхаа талаас тоног төхөөрмжөө зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарч байна. Тийм учраас энэ тал дээр төр засгаас анхаарч бидэнд тусалж дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ер нь бол Монгол улсын мэс заслын алба гээд нийтэд нь яривал миний бие 2001 оноос эхлээд Монголын мэс засалчдийн холбооны нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч, эрүүл мэндийн яамны мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүн болон ерөнхий мэргэжилтэн зэрэг албан тушаалуудыг бүтэн 17 жилийн турш хашиж яваагийн хувьд яривал манай улсын мэс засал хөгжсөн үү гэвэл хөгжсөн, өнөөдөр Монголын мэс засал дэлхийн түвшинтэй тун ойролцоо дөхөж очсон гэдгийг хэлэх нь зүйтэй байх.Мөн Монголын мэс заслыг хөгжүүлхэд үнэтэй хувь нэмэр оруулсан улс бол АНУ-ын Свансений гэр бүлийн сан, АНУ-ын дурангийн мэс заслийн нийгэмлэг юм. Тус байгууллагууд бидэнд маш их тусалсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүний үр дүнд манай улсын мэс засал болон хагалгаа өнөөдрийг хүртэл маш өндөр түвшинд хүрээд байгааг онцлон хэлмээр байна. Өнөөдөр манай улсад гуравхан аймаг дурангийн мэс засалгүй, бусад бүх аймаг дурангийн мэс засалтай болсон. Бид 2005 онд дэлхийн эрүүл мэндийн байгуулалгад мэс заслын яаралтай тусламжийн талаар туслалцаа үзүүлж өгөх хүсэлт илгээн төсөл бичиж илгээсэн бөгөөд түүний дараа тус байгууллагаас бидэнд тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлж, энэ яаралтай мэс заслын багийг манай улсад бий болгож өгч, 320 суманд мэс заслын багаж бэлэглэсэн. Үүний үр дүнд 2009 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яаралтай мэс заслийн гуравдугаар чуулганыг манай улсад зохион байгуулж, манай улсыг энэ төслийг амжилттай хэргжүүлсэн жишиг орон болсон гэж үнэлсэн. Энэ утгаараа манай баг өнөөдөр тус байгууллагын логог хэрэглэх эрхтэй хоёр байгууллагын нэг нь болсон. Өнөөдөр тус байгуулалга ирэх 30 жилд манай улсаас доор хэмжээнд байгаа 88 орныг Монголын түвшинд хүргэнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна. Энэ бол том амжилт. Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд Монгол улс элэг шилжүүлэн суулгасан 46 дах орон болсон гэдгээрээ бахархаж болно.
Та нийтдээ хэдэн мэс засал хийсэн бэ?
Би өөрөө 36 жил мэс заслын эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд АШУИС-ын мэс заслын тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессор гээд олон ажлыг хийж явсан. Энэ хугацаандаа би 6000 гаруй мэс заслыг хийсэн. Яахав би өөрөө өөр олон ажлыг давхар хавсран хийдэг учраас тэр бүр мэс заслыг хийж амжихгүй. Миний хийсэн мэс заслын 500 гаруй нь ходоодны мэс засал байдаг юм. Надад 1996 онд БНСУ-ын Ёнсей их сургуульд 6 сар суралцах завшаан тохиолдсон бөгөөд тэр үед миний багш Батын Гоош гэж эмч надад “Ердөө л ходоодны мэс засал хийхийг сайн сураад ирээрэй” гэж захиж хэлж байсан юм. Тэгээд би анх энэ мэс заслыг тухайн үед анх сурч авч байлаа. Тухайн үед би БНСУ-ын ходоодны номер нэг мэс засалч Но Хун гэдэг том эмчээс их зүйл суралцаж, тэр хүний шавь болсноороо их бахархдаг. Тэр үед би нийтдээ 120 гаруй мэс засалд тэр хүнтэй хамтран оролцсон. Түүнээс хойш би 300 гаруй ходоодны мэс заслыг өөрөө яг гардаж хийгээд Монгол улс дахь ходоодны нас баралтын 15 хувийг 0.3 хувь хүртэл бууруулж чадсан. Тэгээд энэ үр дүнгээрээ би анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Өнөөдөр бид үнэндээ хоёр дах үеэ бэлдээд гаргаад ирсэн байгаа, бас гурав дах үеэ бэлдэх гээд бэлтгэл ажилдаа ороод явж байна.
Сүүлийн үед донорын тухай асуудал их яригдах боллоо. Донорын салбар манай улсад хэр хөгжих хандлагатай байна вэ? Та өөрийн санаа бодлыг хэлнэ үү?
Ер нь эрхтэн шилжүүлэх хагалгааны амин сүнс нь донорын асуудал байдаг. Аль ч оронд донорын хүртээмж маш бага байдаг. Өнөөдөр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай маш олон хүн донор байхгүй хүлээгдээд байж байна. Зарим нь хүлээсээр байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Тэгэхээр Монгол улсад донор олдох боломж бий гэж би үздэг. Яагаад тархины үхэлтэй донор олдох боломж байгаа гэж бид үздэг гэхээр жишээ нь жилд 2200 гаруй хүн зам тээврийн ослоор нас барж байна. Тархины цус харвалтаар 5000 орчим хүн нас барж байна. Гол тархины үхэлтэй донор гардаг хоёр юм бол эд нар юм. Тэгэхээр бид үүнээс ядаж 200 хүнийг нь донор болгож авах боломжтой. Тэгж чадвал жилд нэг тархины үхэлтэй донороос дор хаяж 4-5 хүний амийг аврах боломж бүрдэнэ. Ийм боломжууд бол байна. Манай улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал хөгжөөд 6-хан жил болж байна. Гэтэл ганцхан тархины үхэлтэй донор олдсон байх жишээтэй. Тийм учраас бид энэ донорын шинэчилсэн хуулинд бүр тусгай алба байгуулна гэж заалт оруулсан юм. Бусад оронд ийм алба аль хэдийнэ байгуулагдсан байдаг бол манайд дөнгөж сайхан л байгуулагдах эхлэл нь тавигдлаа. Ингэснээр бид олон хүний амь насыг аврах боломжтой болох юм. Гэтэл өнөөдрийг хүртэл бид дандаа амьд донороос л элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж ирлээ. Хэрвээ тархины үхэлтэй донор гараад ирвэл бид маш олон мэс заслыг хийх боломжтой болно. Энэ мэс засал өөрөө маш нарийн төвөгтэй тусгай жаягтай байдаг. Өөрөөр хэлбэл маш нарийн тохиргоог хийдэг гэсэн үг. Гэхдээ амьд донороос элэг шилжүүлэн суулгах хамаагүй амархан байдаг.
Монголд өнөөдөр элэгний өвчлөл яагаад ийм өндөр байна вэ?
Ерөөсөө нэгдүгээрт В, С вирусийн халдвар, хоёрдугаарт нь архидалт байна . Бас буруу хооллолт. Мөн В, С вирустай хүмүүс маш ихээр халдвар тарааж байна. Харамсалтай нь хүмүүс өөрсдөө энэ талын мэдлэг мэдээлэл, ойлголт тааруу учраас энэ өвчинд амархан нэрвэгдэж элэгний өвчлөл нэмэгдэж байна. Түүнчлэн аяга таваг бие биетэйгээ их хольж хэрэглэж байгаас болж өвчлөл нэмэгдэж байгааг хэлэх нь зүйтэй. Мөн бүсгүйчүүд гоо сайхны мэс засал их хийлгэж байгаагаас болж байна. Манай хүүхнүүд гоё сайхан болохын тулд бараг подвольд байгаа гоо сайхны газарт очиж, хөмсөг шивүүлэх болон уруул шивүүлэх үйлчилгээг ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт хийлгүүлж байгаагаас ийм өвчин үүсэх эрсдэл дагуулж байна. Тэр нь дандаа нэг хүний хэрэглэх ёстой зүйлээр хийдэггүй, өмнө нь өөр хүний хэрэглэж байсан багаж төхөөрөмжөөр хийдэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн хүн өөрөө энэ талаар сайн хяналт тавьж байх ёстой гэсэн үг юм. Бас хүсээгүй жирэмслэлт ордог. Үүнээс болж халдвар ихээр тарж байна.
Эрүүл мэндийн шинэ сайдаар Ч.Сарангэрэл гэдэг сэтгүүлч хүн томилогдсон. Шинэ сайд энэ салбарт юу хийгээсээ гэж та боддог вэ?
Эрүүл мэндийн сайд сэтгүүлч хүн байна уу, математикч хүн байна уу, эмч хүн байна уу, тэр бол нэг их сонин асуудал биш. Жишээ нь Ламбаа гуайг энэ яамны сайд байхад бид маш олон зүйлүүдийг шийдүүлж авч байсан. Бас Т.Гандийг сайд байхад эрүүл мэндийн салбарт маш их хөрөнгө оруулалт хийгдэж байсан. Тийм болохоор би Ч.Сарангэрэл сайдыг туршлагтай хүн гэж бодож байгаа учраас өнөөгийн энэ Засгийн газар тэр хүний үгийг сонсоно л гэж боддог. Тиймээс би энэ хүнийг сайд байхад буруудах юм ерөөсөө байхгүй гэж бодож байна. Гэхдээ мэргэжлийн бус сайд хүн энэ мэргэжлийн, энэ салбарынхаа хүмүүсийн үгийг маш сайн сонсдог байх ёстой гэж бодож байна. Миний бодлоор Ч.Сарангэрэл сайд маань бид нарын үгийг сонсоно гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдөр энэ салбарт хамгийн гол дутагдаад байгаа юм бол хөрөнгө оруулалтын асуудал байна. Үүнийг л шийдэж өгвөл их сайн байна. Үнэнийг хэлэхэд манай улсын эрүүл мэндийн салбар дах хөрөнгө оруулалт үнэхээрийн чамлалттай байгаа гэдгийг бид нарын хэн нь ч хэлнэ. Хөрөнгө оруулалтынх нь асуудлыг нь шийдээд өгвөл эрүүл мэндийн салбар хөгжин дэвших бүрэн боломжтой гэж би хардаг.
Цаашдаа танай баг хамт олон ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна даа?
Монголын мэс засал цаашдаа робот мэс засал руу хөгжих ёстой. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ салбарт маш их анхаарал хандуулж байна. Яагаад гэвэл жирийн хүн хоёр гартай ажилладаг бол робот арван гартай ажилладаг. Тэрүүгээрээ их давуу талтай. Даанч харамсалтай нь робот мэс заслын “Давинчи” гэдэг мэс заслын аппарат маш өндөр үнэтэй байдаг. Хэрэв тэр аппарат манайд ороод ирвэл манай мэс засалчид гуравхан сарын дотор л хагалгаагаа сураад хийчих боломжтой болно. Мөн дараачийн нэг зорилт нь бүх төрлийн эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийж чаддаг болох ёстой. Дараагийн нэг зорилт нь яаралтай мэс заслын тусламжийг улам хөгжүүлэх шаардлагатай байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зорилтын хүрээнд яаралтай мэс заслыг 2 цагийндотор зөв үзүүлэх ёстой гэж заасан байдаг. Тийм учраас бид ч гэсэн энэ чиглэлийг дагаж хөгжих шаардлагатай юм. Үүний дараагийн нэг томоохон зорилт нь мэс засал, яаралтай тусламжтай холбоотой ядуурлыг бууруулах зорилт орж байгаа. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэж чадвал бид томоохон зорилго, зорилтуудыг шийдвэрлэж улам илүү хөгжиж чадна.
Цаг зав гарган ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлст өндрөөс өндөр амжилт хүсье.
Ж.Батдорж