Монголд аюулын харанга дэлдэж, гамшгийн хэмжээнд хүрч буй аалзны тор шиг таран бүрхсэн тоглоом бол PUBG.
Дэлхий дахиныг шуугиулж буй энэ тоглоомын талаар цахим ертөнцөд залуус баг бүрдүүлж, хэрхэн ранкаа нэмэх, дараагийн үе рүү амжилттай шилжих талаар ярилцдаг болжээ. Тэр ч бүү хэл, гэр бүлээрээ донтож хоорондоо байлдан тоглодог байна. Энэ буруу үйлдлээ хүүхэдтэйгээ хамт тоглож, цагийг гэр бүлээрээ зөв боловсон өнгөрөөж байна гэх үгээр өөрсдийгөө хамгаалж байгаа нь өрөөсгөл хэрэг юм. Хоёрдугаар ангийн долоон настай охин pubg тоглоомыг таван цагийн турш тасралтгүй тоглож байгааг харсан эмч “Эгчийн дүү тоглож болохгүй. Хор хөнөөлтэй. Нүд чинь өвдөж, нуруу нь хөшиж, гар чинь чилнэ” гэхэд хэнэг ч үгүй “Хүүхэд тоглох эрхтэй” гээд хээв нэг хэлээд суусан гэх. тай таарсан юм. Эмчийн хэлснээр тоглох зуур нүд нь байнга анивчихыг харах их хэцүү байсан тул эцэг, эхэд нь хэлэхэд тэд мөн л тоогоогүй байна. Учир нь охины аав, ээж ч мөн адил тоглодог.
Эл байдлаас эр, эм, хүүхэд, хөгшидгүй тоглоомонд донтож байгаа нь харагдаж байна гэж СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн тасгийн эрхлэгч Л.Цэрэндолгор хэлсэн. Тэрбээр ухаалаг утасны уршгаар тоглоомонд донтож, эмчлүүлэх хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэснээр бидний ярилцлага эхэлсэн юм. Ингээд СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн тасгийн эрхлэгч Л.Цэрэндолгортой ярилцснаа хүргэе.
-Танай тасагт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо олширч байгаа гэсэн. Өнөөдрийн байдлаар хэдэн хүүхэд эмчлүүлж байна вэ?
-Хүүхдийн тасаг 25 ортой. Одоогоор 17 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Оношийн хувьд харилцан адилгүй. Стресcээс болж архаг ядаргаанд орсон, тоглоомонд донтсон, хэтрүүлж тоглоод булчин татах эмгэгтэй болсон. Мөн төрх үйлийн өөрчлөлттэй буюу зан авир нь тогтворгүй хүүхдүүд эмчлүүлж байна.
-Техник технологи хөгжихийн хэрээр компьютер болон гар утасны тоглоомд донтох хүүхдийн тоо нэмэгдэж байна. PUBG гээд тоглоомоор гэр бүлээрээ тэр ч бүү хэл, хүүхдэдээ зааж өгөөд тоглох эцэг, эх олширсон байна лээ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хэд нь тоглоомонд донтох оноштой вэ?
-Бүгд тодорхой хэмжээнд тоглодог. 2013 онд 30 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол дөрөвхөн жилийн дараа 94 болж өссөн үзүүлэлттэй байна. Үзүүлэх хүүхдийн тоо олширч байна. Дэлхий дахинд интернэтэд донтох эмгэг 1996 онд үүссэн гэдэг. Манай улсад компьютер тоглоомонд донтсон хүүхдүүд 2003 оноос анх үзүүлж, зөвлөгөө авч эмчлүүлж эхэлсэн. 2013 оноос тоглох хүүхдийн тоо эрчимтэй нэмэгдсээр хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдсэн.
-Тоглоомын чанар, төрөл нэмэгдэх тусам хүүхдийн тоглох сэдэл төрдөг юм шиг ээ. Хүүхдийн сэтгэхүйд нөлөөлөхөөс гадна эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ?
-Өмнөх тоглоомууд ихэвчлэн 2D зураглалтай байсан. Хүний сэтгэцэд нөлөөлөх нь бага гэсэн үг. Харин сүүлийн үед гарч байгаа 3D, 4D тоглоомууд илүү бодит мэт зураглалтай. Нарийвчлал өндөрсөх тусам хүний сэтгэцэд нөлөөлөх нь ихэссэн. Нэг үгээр хэлбэл, тоглоомууд шинэчлэгдэж өмнөх тоглоомоосоо хэдэн үеэр шат ахисан. PUBG тоглоом агуулга сайтай, хүний сонирхолыг татахуйц. Тоглож үзэхэд сонирхлыг нь татахаар үргэлжлүүлэх сэдэл өгдөг. Нэг үе давчихаад дараагийн үе рүүгээ орж, оноогоо өсгөх гэж улайрч тоглосоор байгаад донтчихдог. Үе ахиж, оноо нэмэгдэхээр өөрөөрөө бахархаж, шунах сэдэл төрж дахин тоглоно. Энэ мэтээр үргэлжилсээр донтдог.
-Донтолт бүр ижилхэн юм шиг санагдсан?
-Архи, тамхи мансууруулах бодис хэрэглэх тусам донтдог. Яг ижил. Тоглоомыг тоглох тусам хүний тархинд бүтцийн өөрчлөлт эд эсийн төвшинд явагдана. Тиймээс тархинд “тоглоом тоглох юмсан” гэсэн бүс үүсчихлээ гэж ойлгох хэрэгтэй. Донтсон хүүхэд тоглохгүй хэсэг хугацаа болоход аяндаа үгүйлж эхэлдэг. Тоглох юмсан гэсэн хүсэл төрнө. Өөр зүйл бол сонин биш. Хэтрүүлэн хэрэглээнээсээ хэтэрч донтолтын шинж тэмдэг илэрнэ.
-Ямар шинж илэрвэл донтолтын шинж гэж ойлгох вэ?
-Хэдий хэр хугацаанд тоглоод донтох вэ гэдэг нь харьцангүй ойлголт. Тухайн хүний сэтгэлзүйн байдал чухал нөлөө үзүүлдэг. Амархан юманд автдаг донтдог хүн байна уу гэдгээс л шалтгаална. Хүмүүжил ч бас нөлөөлдөг. Аливаа зүйлийн хачир тунг тааруул гэдэг шиг хэрэглээгээ ч мөн адил зохицуулах ёстой. Тоглоод сууж байхад нүдний ухархай чилж хуурайшин, нулимс урсаж эхэлбэл хэтрүүлсэн байна гэсэн үг. Нуруу, гар чилбэл удаан суусны шинж тэмдэг. Биед илэрч байгаа дохиог чагнаж сурах хэрэгтэй. Чилж байна гэдэг нь “боль” гэсэн дохио юм. Хүүхэд бол төдийлөн өөрийгөө мэддэггүй. Тэгэхээр эцэг эхийн оролцоо чухал. Донтож магадгүй гэсэн эрсдэлтэй зүйлээр тоглуулахгүй байх хэрэгтэй. Амин чухал шаардлагатай зүйл биш. Хэрвээ хүүхэд тоглоод донтчихвол хичээлээ хийхээ болино. Эцэг эхтэйгээ ч харилцдаггүй. Өдрийн турш тоглоомд бүх цагаа зарцуулж байгаа бол донтсон гэж ойлгох хэрэгтэй. Тухайн хүүхдийг оюун ухаан, зорилго, зорилтыг нь зөвхөн тоглох хүсэл эзэмддэг. Энэ нь өөрөө донтлыг илэрхийлж байгаа шинж тэмдэг. Тоглоомноос нь холдуулахаар уурлаж, бухимддаг. Цохиж, зодно. Эсвэл өөрийгөө гэмтээх үйлдэл гаргана. Нойргүйдэлд орно. Нийгмийн хэв журмыг зөрчдөг. Гэр бүлийн хүрээнд ээж, аавынхаа үгэнд орохгүй. Хэлсэн үг, хийсэн үйлдлийн зөрчиж эхэлнэ. Тоглоомоо тоглохын тулд эцэг, эхээсээ бага багаар мөнгө хулгайлна. Өөрийнхөө эдлэл хэрэглэлийг зарж борлуулж, тоглох мөнгөө олно. PС тоглоомын газраар хонож тоглодог. Сургуулийн орчинд ч зөрчлийн байдал нь илэрдэг. Ангийнхаа багшийн үгэнд орохгүй. Хүүхдүүдтэй ч мөн адил хэрэлдэж, ёс зүйгүй авирладаг. Хичээл хийх ямар ч сонирхолгүй болно.
-Хичээлээ таслаж тоглодог хүүхдүүд ихэссэн гэсэн. Үүнд эцэг, эх, багш ямар оролцоотой ажиллах ёстой юм бэ?
-Эцэг, эх, багшийн хоорондын харилцаа, оролцоо маш чухал. Эхлээд ганц нэг цаг тоглодог байсан бол сүүлдээ хонон өнжин тоглодог болдог. Хичээлдээ явж байна гэдэг боловч явдаггүй. Тоглоомноос болж сурлагын үзүүлэлт муудна. Ингэж явсаар гэмт хэрэгт өртөх тохиолдол ч гардаг. Үе тэнгийнхээ хүүхдийн эдлэлийг хулгайлж, дээрэмддэг замаар тоглоомын мөнгөө олдог.
-Сэтгэлзүйг эхлээд эмчлэх хэрэгтэй гэж ойлгож болох уу?
-Архинд донтсон хүнийг “архинд донтсон” гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, эмчилгээний үр дүн гардаг. Яг л ийм зарчмаар сэтгэл заслын эмчилгээ хийнэ. Тэгж л үр дүнд хүрч, хүүхдийг муу зуршлаас гаргаж авах боломжтой. Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд амьдардаг. Эцэг эх нь салсан, хараа хяналт сул хүүхдүүд сэтгэлээ тайвшруулахын тулд тоглодог тал бий. Мөн найзуудаасаа шалтгаалж, хүрээлэлээсээ хаягдчихвий гэсэн бодлоор тоглож байна. Яагаад тоглож байгаа шалтгааныг нь илрүүлж, сэтгэл заслын эмчилгээ хийх нь чухал.
-Хэдэн насны хүүхдүүд тоглоомонд донтож, эмчилгээ хийлгэж байна вэ?
-10-16 насны хүүхдүүд дэлгэцийн донтолтонд өртөж байна. Тэдний 99 хувь нь эрэгтэй. Охидууд social media-г хэтрүүлж хэрэглэснээс болж булчин татах эмгэгтэй болчихсон байдаг. Бага насны хүүхдүүд орондоо шээх, хумсаа мэрэх, хуруугаа хөхөх зэргээр хүүхэд бүрт шинж тэмдэг өөрөөр илэрч байна. Харин өсвөр насны хүүхдүүд зан үйлийн өөрчлөлт гарна. Тоглодог охидууд бий. Эмнэлэгт хандах нь бага байдаг.
-PUBG тоглоомыг спорт гэж ярих хүн бий. Спортын төрөл мөн үү?
-Тоглоомыг зохиож гаргасан хүмүүс нь “и-спорт”-ын төрөл гээд байгаа. Бусдад сурталчилж борлуулахын тулд тоглоомоороо дамжуулж тэмцээн зохиож, өндөр шагнал амлаж байна. Тэмцээн зохиохоор спорт юм шиг ойлголт төрүүлдэг. Оюун ухаан хөгжүүлж, стратеги сайжирна гэж сурталчлах нь хүмүүсийн анхаарлыг татах нэг шалтгаан болдог. Тиймээс л хүмүүс спорт гэж яриад байгаа юм. Хэрвээ спорт байсан бол тоглох цаг, амралт, заавар, зөвлөгөө, дасгалжуулагчтай байх ёстой. Тодорхой хэмнэлтэй техникийн зөвлөмжтэй дасгалаа хийх ёстой биз дээ. Дээр нь спорт байсан бол мөрдөх, дүрэм журам ч бий. Гэтэл ямар ч хяналтгүй тоглосоор нойргүйдэлд хүрч, ядаргаанд орж байна. Тоглохгүй бол болохгүй, үе давах ёстой, оноо авах ёстой. Бусдаас хоцрох ёсгүй гэсэн бодол автоматаар тархинд суучихдаг. Ийм спорт гэж байх ёсгүй биз дээ. Хүмүүс үүнийг сайн ойлгох хэрэгтэй.
Өсгөсөн ранкаа худалдаж мөнгө олдог гэсэн. Тоглож эхэлсэн хүн бүрийн сонирхолыг татаж байгааг харахад агуулга сайтай тоглоом байна лээ. Нэг үе даваад сэтгэл ханамж аваад өөртөө итгэлтэй болоод тоглох зуршил нь нэмэгдсээр донтож байна. Үүнийгээ өөрөө мундаг мэтээр ойлгодог. Гэтэл амьдралын зорилготой хүн иймэрхүү тоглоомыг олон цаг тоглож өнгөрөөхгүй шүү дээ. Чухал ажилдаа цаг хугацаагаа зарцуулахаа мэддэг биз дээ. Ер нь бол залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл гэдгийг бодолцох хэрэгтэй. Ямар ч зорилгогүй хүмүүс спорт гэх нэрийдлээр өөрсдийгөө хуурч тоглож байна.
PUBG тоглоом бол өнгөрсөн жилээс манай улсад дэлгэрсэн. Өмнө нь бол контер тоглодог хүүхдүүд ирдэг байлаа. PUBG нь контрыг бодвол арай илүү зохион байгуулалттай. Хамт олон болж бүлэглэж тоглох боломжтой гэсэн. Нийгмийн харилцаанд хамтарч аливаа зүйлийг хийх чадваргүй хүмүүс цахим орчинд энэ төрлийн тоглоомоор хамтарч тоглож байна. Харилцааны бэрхшээлтэй хүмүүс тоглоомоор дамжуулж, өөрийгөө мэдрэх боломжтой юм билээ.
-Ухаалаг утсыг нэг нас ч хүрээгүй хүүхэд оролдож, хэрэглэж байх юм. “Манай хүүхэд мундаг. Утасны функцыг нэг бүрчлэн мэддэг” гэж ярих эцэг эхчүүд олширч байна. Бага насны хүүхэд харсан бүхнээ цээжилдэг гэдэг шүү дээ. Бид өөрсдөө хүүхдийнхээ ирээдүй эрүүл мэндийг сүйтгэж байгаа юм шиг санагддаг?
-Бага насны хүүхдийн харааны ой тогтоолт маш сайн байдаг. Цагаан цаас шиг харсан үзсэн бүхнээ яг тэр хэвээр нь тогтоочихдог. Тэгэхээр утасны функцыг нэг хараад тогтоох нь байх ёстой л зүйл. Гэтэл хүүхэд маань ухаантай гоц юм байна. Энэ талын хөгжүүлье гээд техник технологи авч өгөөд заах нь маш буруу үйлдэл. Тухайн хүүхэд нийгмийн харилцаанаас хоцрогдож эхэлж байна гэсэн үг. Хүнтэй харилцаж хүүхдийн хэл ярианы хөгжил сайжирна. Хэл ярианы хөгжил сайн хөгжиж сэтгэхүй, оюун, бодох чадвар сайжирдаг. Нийгмийн харилцааны эв дүй, ур чадвар сууна. Энэ чадварыг хүүхдэд суулгахад саад болдог зүйл бол техникийн хэрэгсэл байдаг.
-Техник хэт их хэрэглэдэг хүүхэд хүнтэй харилцах чадваргүй хүн болж өсдөг гэж ойлгож болох уу?
-Техник хэт их хэрэглэдэг хүүхэд цэцэрлэгт ороод бусадтайгаа хамт тоглож чаддаггүй. Сургуульд орохоороо тогтвортой суугаад хичээлээ анхаарах чадваргүй болдог. Найз нөхдийн хүрээлэлтэй болохгүй ганцаардмал байдаг. Хүүхдийн өсөлт хөгжилтөд сөрөг нөлөө үзүүлдэг учраас утасны хэрэглээг хоримоор байгаа юм. Гар утас хэрэглүүлэхгүй байх нь хүүхдэдээ маш том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.
-Технологий хөгжихийн хэрээрэ хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, ярилцдаг эцэг, эцэг эх цөөрсөн юм шиг санагдсан. Би ганцаараа тэгж бодоод байна уу. Эсвэл мэргэжлийн хүний хувьд танд ч гэсэн ингэж анзаарагдаж байна уу?
-Хүүхэд гар утас хэрэглэх, компьютер тоглоход эцэг эхчүүд хараа хяналт сайн тавих хэрэгтэй. Яагаад гэхээр бага насны нялх хүүхэд хор уршгийн талаар мэдэхгүй. Насанд хүрсэн хүмүүс хор уршгийн талаар мэддэг хэрнээ донтоод байхад хүүхэд мэдэхгүй учраас донтох эрсдэл их байгаа. Утас болон долгион цацруулагч техникийн хэрэгсэлтэй хүүхэд ойр байвал сэтгэц болон мэдрэлийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж байдаг. Барууны оронд гэхэд бага насны хүүхдийг ухаалаг утас хэрэглэхийг хориглодог. Гэтэл манай улсад тэгдэггүй. Хүүхэд төрсөн цагаасаа л утас хэрэглэж байна. Хүүхэд нь уйлахад утсаа өгч сатааруулдаг. Хоолыг нь хүртэл өгөхдөө утсаараа видео үзүүлнэ.
-Оньсон болон эвлүүлдэг тоглоомоор тоглодог хүүхэд ховордсон юм шиг. Уг нь эвлүүлдэг гэрээс эхлээд оюун ухаан хөгжүүлэх олон тоглоом үйлдвэхлэх болсон. Гэтэл зарим эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь техник технологи мэдрүүлж өсгөнө гэх юм. Энэ хэр зөв шийдэл бэ?
-Хүүхдийн оюун ухаан сэтгэхүйг хөгжүүлдэг уламжлалт тоглоом олон. Нэг үе бүр хаягдсан. Уламжлал шингэсэн шагай, эвлүүлдэг оньсон тоглоом, ном, хуруундаа хийгээд үлгэр ярьдаг хүүхэлдэй хүртэл байна. Эдгээр тоглоом ядаж таны хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй. Ямар ч хор хөнөөлгүй. Хүүхэд аливаа зүйлийг хурдан сурдаг сониуч ертөнц. Техникийн гаралтай тоглоомоор хүүхдээ тоглуулахгүй бол нийгмээс хоцрогдох юм шиг ойлгоод байна. Хүүхэд сургуульд ороод компьютерий талаар мэдлэгтэй болдог. Хэрэглээ учраас шаардлагатай зүйлийг сурна.
-Гэр бүлийн амьд харилцаа үгүй болж байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Гэр бүлийн уур амьсгалыг сэргээхийн тулд гэртээ байхдаа утас оролдохгүй. Аль болох хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөж, хамт тоглож, ном уншиж өгөх хэрэгтэй. Бүгд л завгүй гээд хүүхдэдээ цаг гаргадаггүй. Өөрсдөө хүүхдээ тоглоомонд донтох боломжийг нь олгоод байдаг. Утас авч өгөөд тоглоом тоглох бүхий л нөхцөлийг нь бүрдүүлнэ. Утсаараа юу хийж байгааг хянадаггүй. Амьд харилцаа устаж үгүй болсон. Тал талд л утсаа оролдоод сууж байдаг. Хүүхэд хөгшидгүй дэлгэцийн донтолтонд өртсөн. Хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлж, тоглож, хичээл хийж, харилцан ярилцаж гэр бүлийн тогтвортой харилцаа бий болно. Ингэснээр хүүхэд ээж аавдаа итгэж, ямар ч зүйл тохиолдсон хэлнэ. Хүнтэй чөлөөтэй харилцах ур чадвар эзэмшдэг. Хүүхэдтэйгээ юм ярьдаггүй мөртлөө манай охин надтай юу ч ярьдаггүй гэдэг ээжүүд олон байдаг. Өөрөө багаас нь зөв хүмүүжүүлж, харилцан ярилцаагүй байж том болохоор нь тэгж гомдоллоод байдаг.
-Монголчууд нийтээрээ дэлгэцийн донтолтонд өртчихсөн гэж хэлэх хүн олон байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Монгол хүний онцлог байж мэдэх юм. Нэг зүйлийг хошуурч тунгийн тааруулахгүй хэрэглэдэг. Цахим орчинд нэг зүйл нээлт хийлээ гэхэд бөөнөөрөө хошуурдаг сониуч зантай хүмүүс. Хэмжээг нь тааруулахаа мэддэггүй. Аливаа зүйлийг тохируулж хэрэглэх зарчим манайд алдагдсан. Хоол хүнс, амралт зугаалга, гээд бүх зүйл дээр харагддаг. Хэрэгтэй зүйлд хойрго ханддаг мөртлөө хэрэггүй зүйлд маш их цагийг өнгөрүүлнэ. Энэ нь үе дамжиж уламжлагдаад байгаа. Үүнийг бодлогын төвшинд өөрчлөх ёстой. Дэлгэцийн донтолтонд өртөхгүй байх нь хувь хүний зохион байгуулалттай холбоотой.
С.Ичинхорлоо
24tsag.mn