Хүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал хүний бие ч цэвэршиж эрүүл саруул урт удаан наслах нөхцөл бүрддэг.
Дасгал 1:
Өглөө сэрэнгүүтээ орноосоо босож явалгүй нуруу эгц суугаад 7 удаа гүн амьсгаа авч гаргана. Амьсгаа авахдаа сайн сайхан зүйлийг бодож хамрын баруун нүхээр орж буйгаар, муу муухай бодол сэтгэл, өвчин зовлон хамрын зүүн нүхээр гадагшилж байна хэмээн төсөөлж гаргана.
Дасгал 2:
Гар нүүрээ угааж хувцас хунараа өмссөний дараа нам гүм орчинд шалан дээр нуруу цэх завилж бясалгалын хэлбэрээр гарын алгаа дээш харуулан зөрүүлж гуяан дээрээ байрлуулан 2 эрхий хуруугаа нийлүүлэн сууна. Толгой бага зэрэг тонгойн нүдээ тааваар нь анина. Ингээд дээрхи дасгалтай адилаар сайн сайхан зүйлийг бодож амьсгал авч саар зүйлийг гадагшлуулан төсөөлнө. Энэ дасгалын үед 3 удаа хамрын баруун нүхээр амьсгал авч зүүнээрээ гаргах, 3 удаа зүүн хамрын нүхээр авч баруунаараа гаргах, 3 удаа хоёр нүхээр зэрэг авч гаргах байдлаар 9 удаа, түүнийгээ дахин давтах байдлаар нийт 2-3 минут хийх юм.
“Эдгээр дасгалуудыг ёсоор нь хийгээд заншвал бие эрүүл, ухаан саруул байснаар бие өвдөх нь багасч эм ихээр хэрэглэдэг байсан бол эмийн хэрэглээ багасна. Архи тамхи, янз бүрийн мансууруулах зүйлс сэтгэлийг хормын төдий л хөөргөдөг, дараа нь илрэх хор уршиг нь их байдаг бол ингэж дасгал хийснээр байнгын баяр баясгалантай эрүүл саруул байх нөхцөл бүрдэнэ”