М.Чимгээ: Ээжүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө хумсны ариун цэврээ сахих хэрэгтэй



“Сүхбаатар” Нэгдсэн эмнэлгийн дарга, Монгол Улсын  хүний гавьяат эмч М.Чимгээтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Танай эмнэлгийн ачаалал хэр байна вэ?
 
-Зуны дэлгэр цагт эмнэлгийн ачаалал багасдаг. Энэ жил ч адилхан байна.
 
-Энэ зун ханиад томуу, халдварт өвчинд хүүхдүүд өртөх нь хэр байгаа бол?
 
-Нартай өдөр хүйтэн гол руу орох, бороонд норгосноос үүдэж хүүхдийн хоолойн өвдөлт нэмэгдэж байна. Энэ нь халуун хүйтэн харшсанаас үүдэлтэй. Бусдаар ямар нэг өвчлөл нэмэгдээгүй эмнэлгийн ажил хэвийн байна.
 
-Хүйтний улиралд ханиад томуунд өртөхөөс урьдчилан сэргийлж, зуны улиралд дархлааг нь дэмжихийг эцэг эхчүүд хичээдэг. Хүүхдийг дархлааг дэмжихэд юу тустай бол?
 
-Зуны улирлын үлдсэн энэ наймдугаар сард нар, ус агаараар хүүхдээ чийрэгжүүлэх хэрэгтэй. Хүүхдийг гадаа агаарт салхилуулах сайн. Нарны энергиэр дархлааг нь дэмжих хэрэгтэй. Д витаминыг нь тэр бүр нөхөж өгч чаддаггүй учраас нараар нөхөх хэрэгтэй. Нарны туяа туссаны үр дүнд Д витамин авч, рахит буюу сульдаа өвчнөөс Д-гийн дутагдлаас хамгаалах бүрэн боломж байдаг.
 
-Д витаминыг нарнаас авах тохиромжтой цаг гэж байх уу?
 
-Нар сайн гээд хэтэрхий удаан шарж болохгүй. Биеийн жинд нь тааруулаад шарах хэрэгтэй. 11-12 цагийн хоорондох нарыг сайн нар гэдэг. Энэ наранд л шарах хэрэгтэй. Учир нь хэтэрхий аагим биш, зөөлөн учир биеэ шарахад тохиромжтой. Наран шарлага хийхдээ хэтэрхий удаан хийж, арьсыг нь түлж, цэврүүтүүлж болохгүй. Биеийн бүлээнийг хүрч үзээд жаахан халмаар болбол болсон байна гэж дүгнэнэ.
 
-Хүүхдийг усаар чийрэгжүүлэхэд юуг анхаарах вэ?
 
-Усны хэмийг анхаарах ёстой. Манайхан усанд оруулж чийрэгжүүлнэ гээд халуун бүлээн усанд оруулдаг. Биеийн хэмтэй нь адил буюу хүйтэн бүлээн усанд оруулах нь зөв. Биеийн хэмээс халаахгүй. Хүйтэн бүлээн гэхээр хүйтэн усанд оруулах тохиолдол гардаг. Өрөөний температуртай адилхан, хүйтэн бүлээн усанд оруулах нь зүй. Халуун, халуун бүлээн, хүйтэн усанд оруулбал хүүхэд цочирдоно.
 
-Нялх хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр их өвддөг. Энэ юунаас үүддэг вэ?
 
-Ээжүүд гоё, сайхан болохын тулд хумсаа ургуулж байна. Ээжүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаа бол нэг номерт хумсны ариун цэврийг маш сайн сахиж, ургуулахгүй байх чухал. Хүүхэд маань гүйлгээд байна, бөөлжөөд байна гээд ирсэн ээж нар дандаа урт хумстай байдаг. Ээжийн бохир гараас, хумсны завсар дахь хирээс хүүхэд гэдэсний халдвар авч байгаа юм.  
 
-Толгой өвтгөх, бөөлжих шинжтэй шинэ ханиад гарсан байна. Үүнээс яаж сэргийлэх вэ?
 
-Гараа тогтмол угаа. Зорилгогүй бохир зүйлд хүрэхгүй байх хэрэгтэй. Хоол унд идэх, нүүр амандаа хүрэхийн өмнө заавал угаана. Гарын ариун цэвэр баттай биднийг хамгаалж чадна. Ковидын үед хүмүүс гараа сайн угаадаг болсон. Үүнийг гэдэсний халдварууд  буурч байгаагаас харж болно. Гэдэсний бүх төрлийн халдвар бохир гараар дамждаг.
 
-Хүүхдийн хоолойн өвчлөл нэмэгдэж байна гэсэн. Энэ зөвхөн даарснаас болдог уу?
 
-Борооны усанд дааруулах хүйтэн усанд оруулах зэрэг халгаат хүчин зүйлүүд бий. Яг үүсгэж буй нян бактери нь биш. Хүүхдийнхээ хоолойг яавал бид өвтгөхгүй байх вэ гэж сайн бодох хэрэгтэй. Амны хөндийн эрүүл мэнд хамгийн чухал. Шүдээ зөв угаах буюу хэдэн цагт угаах вэ гэдэг хамгийн нэгдүгээр чухал зүйл. Үүнээс хоолойн ангени ходоод гэдэсний өвчлөл үүсэх том хөшүүрэг болдог. 
 
-Шүдээ угаах зөв цаг гэж хэдэн цаг юм бэ?
 
-Дэлхий нийтээр өглөө өлөн элгэн дээрээ угаадаггүй. Амандаа хоол хийгээгүй хүн шүдээ угааж болохгүй. Хоол идсэний дараа амны хөндийд идсэн зүйлийн үлдэгдэл бактерийг ургуулах таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг учир түүнийг цэвэрлэхийг тулд угаадаг. Гэтэл манай орныхон ёс юм шиг өглөө орой ямар ч хэрэггүй угаадаг. Амны хөндийд маш олон бичил организм биднийг хамгаалж байдаг. Тэдгээр бичил биетнүүдийг бүгдийг нь нөгөө гаатай оо устгадаг. Тэгэхээр бидний амны хөндий ямар ч хамгаалагчгүй болдог.
 
Хөгжил ихтэй орны хүүхдүүд хоолой өвдөх зүйлийг мэддэггүй. Учир нь тэд өлөн элгэн дээрээ шүдээ угаадаггүй. Эхлээд ус уулгадаг. Дараа нь өглөөний цайгаа ууна. Үүний хойш 20-30 минутын дараа амны хөндийг цэвэрлэнэ. Ингэлгүй шууд бичил организмуудыг үхүүлбэл хамгийн түрүүнд хоолой нь өвдөнө, дараа нь шүд хорхойтно. Бүр цаашлаад helicobacter- тай болно. Дараа нь хоолойн анген зүрх, үе мөч, бөөрөндөө очдог. Ийм хүнд үрэвслүүдийн эх уурхай болдог. Урт насалж, эрүүл мэндээ сахин хамгаалъя гэвэл хамгийн эхний жижиг гэлгүй дадал болгох зүйл шүдээ зөв угаах юм. Оройн шүд угаалт маш чухал. Манайхан орой унтахыг өмнө шүдээ угаагаад байдаг. Энэ буруу. Орой 18 цагт хоол идсэн бол 30 минутын дараа буюу 18 цаг 30 минутдаа шүдээ угаах ёстой. Ингэж угаахаа мартаад унтах цагтаа хүрсэн бол усаар угаа.
 
-Хүүхэд төрөлхийн харшилтай төрдөг үү? Хүүхдэд ямар төрлийн харшил зонхилж байна.
 
-Төрөлхийн харшил гэж байхгүй. Ихэвчлэн ургамал тоосны харшил, эмийн харшил элбэг. Тиймээс харшилж буй зүйлээсээ хол байх хэрэгтэй.
Э.Үүрийнцолмон
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан