Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой хүн амын дунд амьсгалын замын өвчлөл нэмэгддэг. Энэ үед хүн бүр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Үүний тулд амин дэмээр баялаг хүнс хэрэглэхийг мэргэжлийн эмч зөвлөж байна. Төрөл бүрийн жимс, хүнсний ногоо нь зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүн юм.Тэдгээр нь илчлэг багатай, хүний бие махбодод чухал шаардлагатай аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч /антиоксидант/, эслэгийг агуулсан байдаг. Тийм учраас жимс, ногоог өдөр бүр хүнсэндээ хэрэглэж занших нь чухал. Жимс, ногоонд агуулагддаг үл исэлдүүлэгч, бусад шим тэжээлт бодис зарим төрлийн хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ач тустай аж. Тэгвэл олон төрлийн жимс хүний биед ямар ач тустай талаар "Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоон"-оос зөвлөснийг хүргэж байна.
Жүрж
Зүрхний өвчин ба хорт хавдрын эсрэг антиоксидант амин дэм болсон С витаминыг хангагч хамгийн гол бүтээгдэхүүн ба жүржийн шүүсээр хор саармагжуулах болон үе мөчний өвчин эмчлэхэд нэн тустай. Жүржийн шүүс нь цусны судсыг бэхжүүлдэг бөгөөд цусны даралт ихтэй, элэгний өвчтэй хүнд уухыг зөвлөдөг. Жүржийн хальс нь ходоодны шингэнийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестирины хэмжээг багасгадаг. Мөн С, А, В витаминаар баялаг.
Алим
Алим нь бүдүүн гэдсийг цэвэрлэх, хүний цусан дахь чихрийн хэмжээг тогтмол байлгадаг учир түүнийг сайтар угааж хальстай нь хамт хэрэглэнэ. Хальсанд нь С витамин 70-75 хувь хадгалагдана. Ходоодны үрэвсэлтэй, хоол шингээхдээ муу болсон үед бүрэн боловсроогүй гэмээр ногоон өнгөтэй алимыг хазаж идвэл зохимжтой. Ийм үед цагаан хоол хэрэглээд мах бараг идэлгүйгээр өдөрт 3-6 алим идвэл өвчний эдгэрэлт түргэснэ.
Гадил
Гадил идэхэд сэтгэл санаа тайвширч сэтгэл баяр баясалтай болдог. Гадил нь нүүрс устөрөгчөөр хамгийн баялаг жимс. Мөн түүнд цусанд сахар орохоос хамгаалдаг бодис агуулагддаг. Гадил үлэмж хэмжээний ширхэглэг эд болон төмрийн зүйл байдгаараа хийг дарж цус төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Гадил нь хүйтэн чанартай даралт бууруулна. Шарж хайрсан хоол байнга идвэл хорт хавдартай болох тохиолдол ихэсдэг. Иймд гадил идэх хэрэгтэй Энэ нь хорт бодисыг хязгаарлаж, ходоодыг хамгаалдаг.
Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнэ жимс нь С болон B-ийн төрлийн амин дэмүүд, каротин, фолийн хүчил, ургамлын эслэг, пектинүүд, кобальт, төмөр, кальци, фосфор, марганец, нимбэгний хүчлээр баялаг. Навч болон үр жимснээс гарган авсан шинэ шүүсийг цус багадалт, хлорозын үед цөс хөөлгөх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг. Мөн цус багадалт, шархлаат өвчнүүдийн үед хоолны дуршил сайжруулах, эмэгтэйчүүдийн савны цус алдалт, цөсний чулуужилтийн үед бактер устгах, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахаас гаднэ гоо сайхны эмчилгээнд сэвх арилгахад ашигладаг.
Засгийн газрын мэдээ