Бидний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэдэг сонгино, сармис хоёр таныг хорт хавдраас хамгаалж байдгийг мэдэх үү. Яагаад гэвэл сонгино, сармисны бүтцэд хүний биед хэрэгэй био идэвхит бодисууд их хэмжээгээр агуулагддаг учраас тэр. Тиймээс ч хоол зүйчид энэ хоёр ногоог өдөр тутмын хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг санал болгож байна. Ингэхдээ сонгиныг ч, сармисыг ч ялгаагүй аль алиныг нь болж өгвөл шарж, хайрч, хуурч биш, харин байгаль дээрх түүхий байдлаар нь хэрэглэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөх болжээ.
Хятадын эрүүл мэндийн үндэсний их сургуулийн харьяа Улсын I төв эмнэлгийн эрдэмтэн багш нар хэд хэдэн удаагийн судалгаа шинжилгээний ажил хийсний эцэст өдөр тутам сонгино, сармисыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг хүмүүст хорт хавдрын анхан шатны шинж тэмдэг маш бага хэмжээгээр илэрдэг болохыг баталсан аж. Энэ нь тэдгээр хүмүүст хорт хавдар илэрсэн ч өвчнийх нь тархалт, цар хүрээ сонгино, сармис хэрэглэдэггүй хүмүүсийнхээс хамаагүй бага байсан гэсэн үг юм. Үүнээс гадна дээрх хоёр ногоог их хэмжээгээр хэрэглэдэг мөртлөө анхан шатны хорт хавдар туссан өвчтөнүүд эмчилгээ авах нь илүү хурдан, эрчимтэй байсан нь хятад эрдэмтдийг өөрсдийн судалгаанд бат итгэлтэй болоход түлхэц үзүүлсэн гэнэ.
Нанхиад эрдэмтэд хамгийн сүүлд ийм судалгаа хийсэн бол тэдний мэргэжил нэгт америк эрдэмтэд нэрс жимсний ач тусыг судалж, тогтоожээ. Америкчуудын баталж буйгаар нэрсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэснээр зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой юм байна. Зөвхөн АНУ-д гэхэд насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрхний шигдээст өртөх магадлалтай гэж үздэг. Энэ нь америкчууд эрүүл мэнддээ анхаардаггүйдээ биш, зүгээр л зүрхний шигдээсийн магадлал ийм өндөр хувьтай байдаг гэсэн үг юм.
Тэгвэл тус улсын Эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачдын тогтоосноор байгаль дээр зэрлэгээр ургадаг нэрсийг өдөр тутам идсэнээр зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой аж. Учир нь энэ жимс хүний зүрхний артерийн судасны цусан хангамжийг нэмэгдүүлж, тогтмол цусны эргэлттэй байлгаж чаддаг ид шидтэй гэнэ. Ингэхийн тулд хамгийн гол нь нэрсийг өдөр бүр тогтмол ямар нэгэн байдлаар хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Хэрэв дангаар нь идэж чадахгүй бол чанамал болгоод талхан дээр түрхэж идэх буюу усанд уусгаад цай болгоод уусан ч болно хэмээн тус төвийн эрдэмтэд зөвлөж байна. Нэрсэнд антиоксидантын нэгдэл бүхий полифенолууд их хэмжээгээр агуулагддаг учраас бидний зүрхэнд ийм сайн үйлчилгээг үзүүлж чаддаг юм.
Эх сурвалж: Medical News Today