Улсын эмнэлгийн эмчид үзүүлэхийн тулд урьдчилж цаг авдаг ч, тухайн үзүүлэх өдрөө дугаарлаж дэглүүлдэг үйлчилгээ хэвшил болов. Жишээ татвал, 10.00 цагт үзүүлэх цаг цахимаар авсан ч эмч рүүгээ орохын тулд дугаарлана. Эмчид үзүүлэх цаг хэд байх нь хамаагүй, заавал дугаарлана. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бага насны хүүхдээ үзүүлэх эцэг, эхчүүдийн хувьд бүр хүнд. Зөрөх зайгүй шахам талбайд нялх балчир үрсээ тэвэрсэн эцэг, эхчүүд хэдэн цагаар дугаарлана. Агааргүй орон зайд олон цаг зогсохоор хүүхэд уйлна, ундууцна. Гарч салхилуулъя гэвч гадаанаа суух талбай ч байхгүй, дээр нь дугаараа алдах эрсдэлтэй. Мачийтал хаалганых нь гадаа дугаарлахаас аргагүй. Түргэнээр ирсэн жирэмсэн эх үзүүлэхийн тулд мөн л дугаарлана.
Ядаж байхад танил талынх нь хүмүүс дугаар дайрч урдуур орно. Дахиад л хүлээх цаг уртасна.
“Танил тал харахгүй, цагаар нь үзэж болдоггүй юм уу” гэдэг асуудал хөндвөл загнуулах шинжтэй. Хэрэв хэл ам хийвэл хүүхэд олигтой үзэж өгөхгүй ч юм болов уу гэдэг битүүхэн айдас тээцгээнэ.
Ийм үйлчилгээг иргэд зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдэрдэг юм биш улсын гэсэн тодотголтой ихэнх эмнэлгээс мэдэрдэг гэж хэлж болно.
Дээр нь эмч, ажилчдынх нь харилцаа хандлага нэн хүнд. Үзүүлэх цаг авахдаа л цаг бичдэг ажилтанд нь загнуулна. Зарим эмчид үзүүлэх гэж ороод мөн л аашлуулна. "Тэгснээ хувийнхаа эмнэлгээ санал болгоно, хувиараа зарж байгаа эмийг нь авч уух зөвлөгөө өгнө. Ер нь бол хувийнх нь эмнэлгээр үйлчлүүлье гэвэл тэр даруй сайхан аашилна. Ийм нэг хувийн эрх ашгаа тэргүүнд тавьсан эмч байхад өвчтөний эрх ашгийг тэргүүнд тавьж, танил тал харахгүйгээр үзүүлэх ёстой үйлчилгээг цаг алдалгүй хүргэдэг эмч нар ч бий.
Ер нь бол эмч нарын ёс зүйгээс ихээхэн хамаарч, иргэд үйлчилгээ авч чадах эсэх нь хамаарч байна гэж хэлэхэд буруудахгүй болов уу.
Уг нь иргэдийн хувьд "Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүн удирдах боллоо. Одоо нэг энэ салбарт наад зах нь цаг авчихаад дахин дугаарлаж, дэглүүлдэг үйлчилгээ нь цуцлагдах болов уу" гэдэг хүлээлт бий ч бахь хэвээрээ л байна. Харин ч магтан сайшаагаад байсан сайд нь халаа сэлгээ хийхээс өөр дорвитой ажил хийсэнгүй.
Мөн “Эрүүл мэндийн үйлчилгээ цахим болсон, хүнд сурталгүй болсон” гэдэг зүйл яриад байгаа. Гэвч бодит байдал дээр цахимаар, утсаар цаг авлаа ч эмчдээ үзүүлэх болоход дугаарлаж буй үйлчилгээг “эрүүл мэндийн салбар цахимжлаа” гэж хэчнээн гоёор сурталчлаад хөрсөн дээрээ буухгүй шүү дээ.
Дээр нь хөдөө гадаанаас зардал чирэгдэл болж ирж, Хавдар судлалын үндэсний төвд томографийн шинжилгээнд орох болоход “Тодосгогч бодис дууссан” гээд хяналтын эмч нь зовлон тоочоод сууж байна. Яаралтай тохиолдолд хувийн эмнэлэгт үзүүлж болно гэх. Гэтэл хувийн эмнэлгээс энэ үйлчилгээг авъя гэхэд бүтэн бие нь нэг сая төгрөгийн үнэтэй. Эрүүл мэндийн даатгал төлсөн хүн бүр энэ төрлийн эмчилгээ үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй гэж яриад байгаа ч зургаан сар тутамд хяналтанд орох ёстой хавдрын хагалгаанд орсон хүн цаг хугацаандаа энэ үйлчилгээг авч чадахгүй, дахиад хэдэн сараар хүлээх шаардлагатайгаа ч мэдэхгүй, цаг ч авч чадахгүй явна.
Хувийн эмнэлэгт нь тодосгогч бодис нь байж болдог, улсын ганц Хавдар судлалын эмнэлэгт энэхүү нэн шаардлагатай зүйл нь байхгүй болчихдог нь олон хүн үйлчлүүлдэгтэй холбоотой гэж үзэх үү, эсвэл өөр шалтгаан байна уу.
Энэ асуудалд Эрүүл мэндийн сайд анхаарч, иргэд цаг хугацаандаа хяналтандаа орох боломжоор хангаж өгнө үү.
Хавдар өвчин хожуу шатандаа оношлогдож байна, хавдартай иргэд цаг хугацаандаа хяналтандаа орохгүй байна гэдэг асуудал хөндөгддөг ч үнэндээ ямар нэг аппарат нь эвдэрсэн, эсвэл бодис нь дууссан, нэг бол ойрын хугацаанд эмчид үзүүлэх цаг байхгүй, хоёр, гурван сар хүлээх шаардлага үүсч буй зэргээс болж, иргэд цаг их алдаж үйлчилгээ авч, хяналтандаа орж байна. Иймээс эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хийнэ, хүнд суртлыг арилгана, авлига хээл хахуулиар ажил үүрэг гүйцэтгэдэг асуудлыг цэгцэлнэ гэх амлалтдаа хүрч, ажлаа бодит болгоно уу Т.Мөнхсайхан сайд аа!
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2750378/