Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье

Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье

 

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн байна.Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.

Халдвар хэрхэн дамжих вэ?

  • Бохир гар, өтгөн-амны замаар
  • Шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр
  • Вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр
  • Ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар

Илрэх шинж тэмдэг

  • Халуурах
  • оолой өвдөх, хоолонд дургүй болох
  • Амны хөндий, хэл, буйл, завьж орчимд өвдөлттэй шарх, тууралт гарах
  • Гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарах
  • Бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох
  • Зарим хүүхдэд гүйлгэх шинж илэрч болно.
  • Өвчний нууц үе ихэвчлэн 3–6 хоног байдаг. Өвчний эхний 7 хоногт халдвар тараах эрсдэл өндөр бөгөөд вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэвэр маш чухал.

Дараах шинж илэрвэл яаралтай эмчид хандана уу

  • Халууралт 2 ба түүнээс дээш хоног үргэлжлэх
  • Хүүхэд шингэн ууж чадахгүй болох
  • Ам хуурайших, шээс цөөрөх, уйлахад нулимс гарахгүй байх
  • Олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх
  • Унтаарах, сулрах, сэрэхдээ муудах
  • Амьсгаадах, татах, хүзүү хөших
  • Тууралт идээлэх, шархлах, улайж хавдах
  • Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай, 7–10 хоногт эдгэрдэг. Гэхдээ бага насны хүүхэд, шингэн ууж чадахгүй байгаа хүүхэд, өндөр халуунтай хүүхдийг заавал эмчийн хяналтад байлгана.

Гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ?

  • Хүүхдийн гарыг савандаж тогтмол угаалгах
  • Ус, хярам, шингэн зүйлийг ойр ойрхон бага багаар уулгах
  • Бантан, зутан, шөл зэрэг зөөлөн, бүлээн хоол өгөх
  • Хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй зүйл, халуун ногоотой болон давс ихтэй хоол өгөхгүй байх
  • Хөвөн даавуун, зөөлөн хувцас өмсгөх
  • Хүүхдийг цэвэр байлгах, тууралтыг үрж цочроохгүй байх
  • Өрхийн эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай үед үзүүлэх
  • Халуун бууруулах, өвдөлт намдаах эм болон тууралтад түрхэх бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх энгийн аргууд

  • Гараа савандаж сайтар угаах
  • Хүүхдийн тоглоомыг тогтмол угааж, цэвэрлэх
  • Хаалганы бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх
  • Аяга, халбага, алчуур, угж, тоглоомыг бусадтай хуваалцахгүй байх
  • Өрөө тасалгааг тогтмол агааржуулах
  • Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэх
  • Өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, гэрт нь асарч, бусад хүүхдээс тусгаарлах
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан