Энэ онд ДОХ-ын таван тохиолдол бүртгэгджээ

Г.ЭНХГЭРЭЛ
Бидний амьдралд үнэт зүйл олон байдаг. Түүний нэг нь эрүүл мэнд. Тэр дундаа бэлгийн эрүүл мэнд, боловсрол, урьдчилан сэргийлэлтийн тухай хүн бүр мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Манай улсад ДОХ-ын таван тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээллийн дагуу холбогдох хүмүүсээс тодруулга авч, энэ талаар сурвалжиллаа.
ДОХ-ЫН НИЙТ ТОХИОЛДОЛ 361 БОЛЛОО
Бэлгийн эрүүл мэнд гэдэг нь бидний бэлгийн мэдрэмж болоод түүнээс таашаал авах бололцоог олгодог бие махбод, сэтгэл санааны сайн сайхан байдлыг хэлдэг. Бид өөрийн бие махбодыг бүрэн таньж, юунаас таашаал авдгаа мэдсэний үндсэн дээр хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар халддаг халдвар авах эрсдэлийг бууруулснаар өөрийн бэлгийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Манай улсад өнөөдрийн байдлаар ДОХ-ын нийт 316 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин 2021 он гарсаар шинээр таван тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Энэхүү өвчин нь анх 1981 онд АНУ-ын Лос-Анжелес хотын нэгэн эмч цөөн тооны бэлгийн цөөнх хүний дунд илэрсэн өвөрмөц өвчний тухай мэдээлсэн байдаг. Түүнээс хойш хоёр жилийн дотор өвчний тохиолдол эрс нэмэгдэж эхэлсэн байдаг. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ХДХВ, ДОХ-ын халдварын тасгаас дээрх асуудлаар лавлахад “Энэ жилийн хувьд дархлалын олдмол хомстлын таван тохиолдол шинээр бүртгэгдсэн. Ингээд манай улсад халдварын тохиолдол нийт 316 болж байна. Тэдгээрээс 52 хүн нас барсан. Бусад бэлгийн замаар дамжих халдварын тоо буурсан үзүүлэлттэй. Харин төрөлхийн тэмбүү буюу эхээс урагт халдварласан тохиолдол 12 бүртгэгдсэн.
Уг өвчнөөс сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь хамгийн чухал. Нэг үеэ бодвол иргэдийн бэлгийн боловсрол их сайжирсан санагддаг. Гэхдээ ямар нэг өвчтэй гэдгээ мэдчихээд дур мэдэн эмчилгээ хийх, эмчилгээгээ дундаас нь орхидгоос болж өвчин нь хүндрэх, эмчилгээ авахад хүндрэлтэй болдог. ДОХ өвчний хувьд ч мөн ялгаагүй. Эрт оношлох тусам эмчилгээ авахад дэмтэй. Иргэдийн дунд туссан л бол үхэлд хүргэдэг гэсэн буруу ойлголт бий. Манайд бүртгэгдлээ гэхэд эмчилгээндээ тогтмол хугацаанд таслалгүй орж, эмчийн өгсөн зааврыг ягштал биелүүлбэл эрүүл мэнддээ хор хохирол бага учруулна. Тэгэхээр хүн бүр тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдах ёстой” гэв. 
ЭРТ ОНОШИЛЖ, ЭМЧИЛГЭЭГ БҮРЭН ХИЙВЭЛ БЗХӨ-НИЙ ИХЭНХ НЬ БҮРЭН ЭДГЭРДЭГ
 Үндэсний Статистикийн хорооноос 2019 онд гаргасан судалгаагаар сүүлийн 10 жилд заг хүйтэн буюу гоноккокт халдвар нийт бэлгийн замаар дамжих халдварын 37.3-40.1 хувийг эзэлж байсан бол, 2013-2018 онд тэмбүүний тохиолдол 38.2-46.0 хувийг эзэлж тэргүүлжээ. Тэмбүү архаг удаан явцтай, цайвар мрепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоо буюу арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Энэ тухай тус эмнэлгийн тасгийн зөвлөх эмчээс лавлахад “Тэмбүү нь манай улсад бүртгэгдэж буй бэлгийн замын халдварт өвчний дунд хамгийн их зонхилдог. Халдвар авснаас хойш дунджаар гурван долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх буюу хатуу яр гардаг. Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа буюу ихэвчлэн цавины булчирхай цочиж томорно. Анус орчимд өргөн суурьт кондилома гарсныг шамбарам өвчинтэй андуурах нь бий. Төмсөг тээрхийн орчим тунгалагийн судсаар баялаг хэсэгт хатуу яр гарч тунгалагийн судасны зогшингшил болсноос хатуу хаван үүснэ. Тэмтрэхэд ямар нэгэн зовуурь байхгүй. Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайрах шинж илэрнэ. Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гардаг. Мөн дотор эрхтэн, мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч яс, үе мөчийг гэмтээдэг. 
-Тэмбүү өвчний үед шинж тэмдэг илрэхгүй байж болох уу?
 -Болно. Энэ үед зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогддог. Энэ үеийг тэмбүү өвчний далд хэлбэр гэнэ. 
-Эхээс урагт халдвар дамжсанаас ямар үр дагавар гарах вэ?
 - Тэмбүү  өвчин урагт халдварласнаас зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэнэ. Дээр хэлсэнчлэн урьдчилан сэргийлэх үзлэгт эрт хамрагдаж, эмчилгээгээ сайн хийлгэвэл эдгэрэх бүрэн боломжтой. Цаашлаад бэлгийн замаар дамжих халдваруудыг үүсгэгчээр нь гурван төрөлд ангилдаг. Нянгийн, вирусийн, бэлгийн хавьтлын үед халддаггүй мөөгөнцөр, үтрээний бусад нянгийн үрэвсэлт өвчнүүд орно. Дээр хэлсэн заг хүйтэн, тэмбүү нь нянгийн гаралтай халдвар юм. Харин ХДХВ, ДОХ, бэлгийн хомхой зэрэг өвчин нь вирусийн гаралтай халдварт тооцогддог. Бүхий л төрлийн бэлгийн замын халдвар хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй. Жишээлбэл, хүний дархлааны системийг бууруулах, нөхөн үржихүйн чадварт нөлөөлж, улмаар үргүйдэлд хүргэх, нярайн хүй болон уушгийг гэмтээх, мөн төрөхийн гэмтэл болон нярайн эндэгдэл үүсгэдэг хор уршигтай. Гэхдээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол хамрагдаж, өвдсөн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчээр эмчлүүлэх нь эрсдэлийг бууруулдаг гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. 
ӨСВӨР НАСНЫХАНД БЭЛГИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР ЦОГЦ, ЗӨВ МЭДЛЭГ ХЭРЭГТЭЙ 
Иргэдийн дунд бэлгийн замын халдварт өвчний тархалтыг бууруулахад хамгийн чухал арга бол урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээ. Мөн залуусыг бага, өсвөр наснаас нь эхлэн бэлгийн боловсролыг цогц, зөв хүргэх ёстой юм. Эрүүл мэндийн хичээлээр бэлгийн бойжилтын хичээл төдийгөөр ороод өнгөрдөг энэ сэдэв иргэдэд ямар их хэрэгтэй вэ гэдгийг бид дээрх олон жишээнээс бэлхнээ харж болох нь. “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар” болон, “Гүнж” төвөөс гаргасан зөвлөмж, мэдээллийг харвал хүүхдийн насны онцлогт тохируулан бэлгийн боловсролын тухай ярьж, зөвлөх хэрэгтэй байдаг байна. Энэ тухай Гэр бүл, хүүхдийн сэтгэлзүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэлзүйч Г.АриунЭрдэнэ “Хүүхдийнхээ асууж буй асуултыг хаалттай, хориотой сэдэв гэж “таслан зогсоох”-ын оронд тайлбарлаж, багаас нь бэлгийн бойжилтын талаар нээлттэй ярилцдаг, илэн далангүй, шударга гэр бүл бол энэ асуултад торолгүй хариулж хүүхдэдээ зөв ойлголт өгч чаддаг. Харин дийлэнх эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцдаггүй, тэр дундаа бэлгийн бойжилт, бэлгийн харилцаа гэсэн сэдвийг хаалттай болгосон байдаг. Хаалттай, харилцааны хувьд хүүхэд, эцэг эхийн харилцаа нь ирээдүйд гарч болох олон эрсдэлийг хүүхэд өөрийн биеэр туулах эрсдэлийг бий болгодог. Цаашилбал буруу зуршилтай, өөртөө итгэлгүй хүн болгох нь ч бий. Хүүхдийн хувьд 6-9 нас бол бэлгийн бойжилт, бэлгийн амьдралын талаар анхан шатны мэдлэг олгох хамгийн тохиромжтой үе гэдгийг эрдэмтэд хэлдэг. Харин 9-12 насанд ихэнх хүүхдийн бэлгийн бойжилт энэ насанд эхэлдэг байна. Хөвгүүдэд үс ургаж, эмзэг эрхтэн нь хөвчирч, нойтон зүүдэлж эхэлдэг бол охидын хөх ургаж, анхны сарын тэмдэг нь ирдэг. Зан араншингийн хувьд өөрчлөгдөж илүү ичимхий, хаалттай болох нь бий. Мөн бусдад сэтгэл алдарч, дурлаж, үерхэж эхэлдэг. Энэ үед эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа хүүхэд тань бэлгийн бойжилт гэж юу болох, биед нь ямар ямар өөрчлөлтүүд гарч эхлэх вэ. Уг өөрчлөлтийн үр дүнд бие, физиологи болон сэтгэл санаа нь хэрхэн өөрчлөгдөх вэ, бэлгийн замаар дамжих халдвар, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь ямар муу нөлөөтэй, жирэмслэлт гэхчлэн бүхий л сэдвээр ярилцахад хангалттай сайн ойлгодог нас юм. Тиймээс энэ талаар аав нь хүүтэйгээ, ээж нь охинтойгоо ярилцаж хэвших нь ирээдүйд гарах олон эрсдэлээс сэргийлэх, гэр бүлийн нандин харилцааг авч үлдэх олон давуу талтай. Охид, хөвгүүд сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх, бүх хүн ижил тэгш эрхтэй гэдгийг, зөвшөөрөлгүй хэн нэгний биед халдаж болохгүй, чиний бие чиний эзэмшил шүү гэдгийг хүйс ялгалгүй ойлгуулах хэрэгтэй.
Өөртөө итгэлтэй, өөрийгөө эрсдэлээс хамгаалж чаддаг хувь хүн болгон төлөвшүүлэхэд суурь болдог энэ насанд нь хүүхдүүдээ хайхралгүй орхиж болохгүй. Харин 13-19 насанд дааврын өөрчлөлт өсвөр насныхны сэтгэл зүйг тогтворгүй болгодог, эцэг эхчүүд хүүхдүүдтэй харилцахад улам хэцүү болдог нас юм. Энэ үед хүртэл шат дараатайгаар, эцэг эхээс нь гадна хамгийн үнэнч, сайн найз нь байж бэлгийн бойжилт, бэлгийн боловсролын талаар зөв мэдээллийг өгч чадвал таны хүүхэд ирээдүйн гайхалтай сайн эцэг эхийг, аз жаргалтай, эрүүл гэр бүл, иргэнийг нийгэмд бэлтгэх юм. Үүнийг дагаад мэдээж, халдварт өвчний тоо буурах нь ойлгомжтой асуудал шүү дээ” гэв.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан