Шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч, нүүр амны их эмч Ц.Байгальтай ярилцлаа.
-Бага насны хүүхдүүд дунд шүд цоорох өвчин ихэссэн, ихэвчлэн ямар шалтгааны улмаас үүсдэг вэ?
-Зургаан сараас найман сар хүртэл цахиур шүд ургаж эхэлдэг. Энэ үеэс эхлээд амны хөндийн арчилгаа хийх шаардлагатай.Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг хоёр настай байхаас нь эхлэн анхаарал хандуулдаг. Энэ нь шүдний өвчин их байгаатай холбоотой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өдөрт хоёроос гурван удаа шүдээ угаах ёстой гэсэн зөвлөмж өгдөг. Хоол идсэний дараа амны хөндийд хүчиллэг орчин үүсэхээр амны хөндийн эмгэг бактери олшрох нөхцөл бүрдэж, шүдний гадаргуу хайлах,уусах нөхцөл үүсдэг. Мөн чихэр, газтай ундаа уусны дараа шүдний өнгөрийг их хэмжээгээр үүсгэдэг. Тэгэхээр хоол идсэний дараа заавал шүдээ угаах ёстой.
-Хүүхэд ямар төрлийн хоол хүнс хэрэглэх илүү тохиромжтой вэ?
-Чихэр нь архи, тамхины донтолтоос илүү хүүхдийг донтуулдаг. Чихрийн агууламжийг хоол хүнснээсээ бууруулж, нүүрс хүчлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх тохиромжтой. Бусад улсын эцэг эх долоо хоногт нэг өдөр чихэр идэж болно гэж үздэг. Манай улсын хувьд өдөр бүр хүүхдэдээ бага багаар чихэр өгдөг. Үүний оронд долоо хоногийн нэг өдөр чихэр өгөх нь зөв.
-Хүмүүс шүдний өвчлөл нь удмынх, энэ үнэн үү?
- Амьдралын зөв хэвшлээс шалтгаалдаг. 70-80 хувь нь хувь хүний оролцооноос шалтгаалдаг. Харин найман хувь нь удамшдаг.Хэдэн ч насны хүмүүс тогтмол шүдний эмчид хандах шаардлагатай, хэдий эрүүл шүдтэй ч гэсэн зөвлөгөө авах хэрэгтэй.
-Шүд угаахдаа ямар оо, сойз хэрэглэх нь зөв бэ?
-Шүдний оо бүрт фторын агууламж бичигдсэн байдаг. Нэгээс гурван насны хүүхэд 250-350 ppm фторын агууламжтай шүдний оо хэрэглэх нь зөв. Сүүн шүдтэй болох үеэс фторын хэмжээ ихэсдэг. Насанд хүрсэн хүн 1500-1750 ppm фтортой шүдний оо хэрэглэх нь зүйтэй. Халуун, хүйтэн хэт мэдэрдэг хүмүүс эмчилгээний зориулалттай 2500-3000 ppm агууламжтай шүдний оо хэрэглэдэг. Шүдээ угаахдаа шүдний оог хумсны толионы гурваны нэгтэй адил хэмжээтэйгээр авч, шүд угаах дарааллаар, гурваас дөрвөн минут угаах хэрэгтэй.
-Шүдний цооролттой удаан явах нь ямар сөрөг үр дагавартай вэ?
- Шүдний хатуу хэсэг цоорч, зөөлөн хэсэг рүү ороход өвдөлт ихэсдэг. Эцэг эх нь өдөр бүрийн давтамжтайгаар амны хөндийн арчилгааг хийж, хүүхдэдээ хэвшүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хамгийн том алдаа нь сүүн шүд ясан шүдээр солигдоно гээд тоохгүй орхидог.
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг өвдөж эхлэхэд авахуулах нь илүү дээр гэж үздэг. Энэ нь ямар үр дагавартай вэ?
-Шүдний гажиг үүсгэдэг, шаамий, овсгоо болох сөрөг үр дагавартай. Шүдийг авсны дараа хоосон орон зайгаа үүсгэнэ. Хоосон зайд ард талын шүд урагшаа налах гэх мэтээр өөр чиглэлд ургаж, гажиг үүсгэдэг. Шүдний жижиг цэг үүсэх үед нь эмчид хандах шаардлагатай. Зургаан сард нэг удаа, бага насны хүүхэд хоёроос гурван сард нэг удаа шүдний эмнэлэгт хандах шаардлагатай. Эцэг эхчүүд хүүхдээ уйлахад “ эмчээр тариа хийлгэнэ шүү, эмч дээр очно” гэх мэтээр хүүхдээ айлгачихсан байдаг.Цэцэрлэгт явж эхлэх үеэс нь шүд угаах нь амны хөндийн хичээлийг сайн ойлгуулж өгөх нь чухал.
-“Эрүүл шүд-Эрүүл Монгол” хүүхэд хөтөлбөрийн хэрэгжилт хэр үр дүнгээ өгч байна вэ?
-Энэ хөтөлбөр таван жилийн турш хэрэгжинэ. Улсын хэмжээнд 180 эмнэлэгт санхүүжилтийг олгосон. Нэг хүүхэд 60 мянган төгрөгийн үйлчилгээ авах боломжтой. Эрүүл шүднээс эрүүл бие эхэлдэг
Б.Энхжаргал