Эмнээс хордохоо зогсоож чадах уу?

Монголд гаднаас оруулж буй эмийн гуравны нэг нь хуурамч, бөөний үнэ нь ДЭМБ-ын жишгээс 5-6 дахин өндөр байгаа гэж Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Хэзээ болтол Монголчууд бид өндөр үнээр, хулхи эм ууж, хортой хүнс идэн амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байх юм бэ?
 
Бодит байдал
BMC Public Health сэтгүүлд хэвлэгдсэн 2014 оны хараат бус судалгаанд 4 аймаг, Улаанбаатар хотын эмийн сангуудаас нийтлэг хэрэглээний 9 төрлийн эмнээс дээж авч, шинжилгээ хийжээ. Орон нутгийн 388 дээжээс 69 (17.8%) нь стандартын бус. Мөн 85 дээж (21.9%) нь бүртгэгдээгүй эм байжээ. Харин Улаанбаатарын 848 дээжээс 112 нь (13.2%) стандартын бус, 150 (17.7%) нь бүртгэгдээгүй гэсэн дүн гарчээ. 2017 онд хийсэн ижил судалгаагаар хот хөдөөгийн 118 эмийн сангаас 11 төрлийн эмийн 1770 дээж авч шалгахад 179 (10%) стандартын бус, хүлээн зөвшөөрч болохгүй гэж гарчээ. Дотоодод үйлдвэрлэсэн эм нь импортын ижил эмнээс илүү муу байжээ. Бүртгэлгүй эм нь 76 (4.3%, УБ-т 3.8; хөдөө 5.8) байжээ.
ЭМЯ эмийн үнийн судалгааг 2004 онд анх хийхэд олон улсын жишиг үнээс төрийн худалдан авалт нь 2.4 дахин өндөр үнээр авчээ. Харин эмийн санд 3.99 дахин өндөр үнээр борлуулж байжээ. 2012 онд хийсэн судалгаагаар ижил дүн гарчээ. Эдүгээ ч үнэ өөрчлөгдөөгүйг Сангийн сайдын мэдэгдлээс харж болно. Иргэд энэ үнэтэй эмийг авахаас өөр сонголтгүй. Хоол хүнсээ ч авч дийлэхгүй байгаа эмзэг давхаргын өрхүүдэд бүр хүндээр тусч байна. Манай гурван хүний нэг нь ядуу амьдардаг.
Эм-ашигтай бизнес
Эрүүл мэнд ашигтай бизнес гэдгийг нийслэлийн гудамж бүрт байрлах эмийн сангууд харуулна. 2019 оны байдлаар МУ-д эм ханган нийлүүлдэг 40 үйлдвэр, 356 байгууллага байна. Улсын хэмжээнд 1541 эмийн сан буйгаас 591 нь орон нутагт, 950 нь нийслэлд байна.
Монголын эмийн зах зээлд төрийн оролцоо харьцангуй бага. Түлш, шатахуун шиг үнийг нь төр тогтоодоггүй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд л ажилладаг. Монгол жижиг зах зээл учир гадны компаниуд төдийлөн сонирхохгүй, өртөг зардал өндөр болдог.
Манайд нийт 4696 эм бүртгэлтэйгээс дөрөвний нэг нь дотоодын компаниуд үйлдвэрлэсэн бусад нь 58 улсын (үүнээс Энэтхэг 12.4, Солонгос 9, ОХУ 6.4, Герман 5.8 хувийг нь эзэлдэг) импорт. 2018 онд манай улс 362.5 тэрбум төгрөгийн эм импортлож, 299 тэрбум төгрөгийн борлуулалт (бөөний үнээр) хийгджээ. Мөн 3.5 тэрбум төгрөгийн эмийн түүхий эд импортлож, 2.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Эх сурвалж: Эм зүйн салбарын зарим үзүүлэлт 2018
Хүн амын өсөлтөө дагаад эрүүл мэндийн салбарын төсвийн зардал жил бүр нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд энэ салбарт улсын төсвөөс 823 тэрбум төгрөг зарцуулсны 14 хувь нь эм авахад ногджээ.
Эмийн үнэ өндөр буйн нэг шалтгаан нь улсын эмнэлгүүд тус тусдаа эм худалдан авдагт оршдог. Аймаг, дүүргийн эмнэлгүүд ч мөн адил. Уг нь уралдаант худалдан авалт (тендер) зохион байгуулвал дотоодын зах зээлд жишиг үнэ тогтдог. Тендер явуулсан гэх ч яаж явсан нь ил тод биш. Мөн суурь үнийн босго тавихдаа олон улсын жишиг үнэтэй харьцуулсан эсэх нь эргэлзээтэй. Уг нь улсын эмнэлэг, төрийн байгууллагууд нэгдсэн үнийн индекс гаргах замаар худалдан авалтын стандарт тогтоож болно. Тэгэхийн оронд төр өндөр үнийг өөгшүүлсээр байна.
Тэгээд яах вэ?
Эрүүл мэндийн тогтолцоогоо өөрчлөх ёстой гэж олон жил ярьсан. Олигтой өөрчлөлт гарсангүй. Монголд эмийн чанарыг Эрүүл мэндийн яам нь биш, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьдаг байгууллага нь. Жилдээ 400 гаруй эмийн санг шалгадаг, ер нь энэ чухал ажилд хүчин чадал нь хүрдэггүй. Тэгээд ч эмийн ил далд сурталчилгаа, эм борлуулагч, эмч нарын бизнесийн сүлбээнээс угшилтайгаар Монголчууд эмийг, ялангуяа хүйтний улиралд хоол шиг иддэг болчихсон. Олон арван төрлийн эм уудаг атлаа өвчин нь эдгэх биш, дахидаг. Хэрэглээгээ дагаад эм нь ч тасарч, үнэ нь нэмэгддэг. Дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд зөвхөн улсад бүртгэлтэй эмийг үйлдвэрлэж, импортлодог. Гэтэл ямар ч бүртгэлгүй эм эмийн сангуудаар борлуулсаар байгаа нь хяналт, шалгалт ямар байгааг харуулж байна.
Уг нь дэлхийн улс орнуудын жишгээр Хүнс, эмийн агентлаг (FDA Food and Drug administration) байгуулах саналыг Б.Ламбаа сайд байх үеэс яригдаж, Мэргэжлийн хяналтын газар эсэргүүцээд зогсоосон юм. Дэлхий дээрх хүнс, эмийн захиргааны байгууллагууд хоорондоо хүнс эмийн асуудал, стандарт, өөрчлөлт шинэчлэлийн тухай мэдээллээ солилцдог. Олон орон хамтарч нэн шаардлагатай, өндөр үнэтэй эм, вакцинийг хамтран худалдан авбал хямдхан тусдаг.
Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар зөвхөн эм, эмнэлгийн багаж хэрэгслийн чанарыг хянадаг, улсын нэгдсэн худалдан авалт хийдэг тусгай агентлаг байгуулах гэж байна. Мөн УИХ эмнэлгийн тусламжийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулав. Мөн эмнэлгүүдийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлж, хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгох гэнэ.
ЭМДаатгалын бие даасан тогтолцоо бий болгох буюу эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг газраас нь салгах шаардлагатай байна. Тэгвэл аливаа даатгалын байгууллага эрсдлийг бууруулах хяналтын үйл ажиллагааг хамгийн өгөөжтэй явуулж чаддаг субъект болдог.
2020.09.03
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан