Ядамсүрэн гуайг сонин хэвлэлтэй ойр байдгийг нь мэдэхээс биш өвдөж зовсон хүмүүст тус хүргэдэг үйлийг нь дуулаагүй явлаа. Энэ нь залуучууд бидний харлаган хандлагынх ч биз.
Өвчний өмнө хэнбугай ч сөхөрдөг. Өнгө, мөнгө ч харгалзахгүй л аваад одох өвчин захаас аваад олширчээ. Ийм эрсдэлтэй өнөө цагт анагаах ухаан ч эдгээж дийлэхгүй, бүр оношилж чадахгүй тохиолдол бишгүй. Ялангуяа хорт хавдар гээч аюулт өвчин “эдгэрэхгүй, эмчилгээгүй” гэсэн “онош” тавиулж, олон эрдэнэт амийг авч одсоор байна. Гэтэл Ядамсүрэн гуай маань ийм нэгэн гайт өвчнийг өөрийн биеэр амсаж орхив.
Нэгэн өдөр Ядамсүрэн гуай над руу утасдаад “уулзах ажил байна” гэсний дагуу очтол хүнд өвчин туссан нь харваас илт, ядруу зүстэй, дууны өнгө нь цаашилсан, хэвтрийн байдалтай байж билээ. Өөрийн насанд баймгүй хөнгөн шингэн, цолгиун яриатай, хурц ухаантай, бичих сэтгэлгээ нь хэвээрээ л харайж явдагтай нь харьцуулахад эсрэг тэсрэгийн жишил гэмээр болсон байв. Түүний өвчинд элэгний хорт хавдар гэсэн онош тавьжээ. Ингэж би энэ өвчин хүнийг богино хугацаанд “иддэг”-ийг нүдээр харсан юм.
Гэвч тэр удалгүй л манай сонины газраар орж ирээд айх аюулгүй болсон тухайгаа ярьж суулаа. Надад кино ч юм шиг л санагдаж билээ. Ингээд би түүнийг телевизээр ч, сониноор ч сурвалжлахаар шийдсэн юм даа.
Өөрийгөө ч өрөөлийг ч өвчнөөс аварсан буянтан Т.Ядамсүрэн гуай яаж эдгэрэв, улмаар түүний эмчилсэн хүний тоо нэг хоёроор хэмжигдэхгүй гэдгийг сурвалжлагын явцад мэдсэнээ уншигч танд хүргэе.
Т.Ядамсүрэн: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ, ОРЧИН ЦАГИЙН АНАГААХ УХААНТАЙ ЗӨВ ХОСЛУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ
-Та элэгний хавдар өвчнөөр хэдийд өвчилсөн бэ? Хэзээ хаана онош тогтоов, биеийн байдал тань ямар байв?
-Миний бие 2014 оны 8-р сарын эхээр муудаж, хэвтрийн байдалд дөрөв, тав хоносон. Хоол ундны үнэр авмагц огиулж, чээжээр цанхайж, биеийн байдал эрс муудсан. Өрхийн эмч Ишжамц үзээд аймагт анагаахын доктор, профессор Цулбуур багш ирсэн байгаа түүнд яаралтай үзүүлээд оношоо тодруул гэж хэлсэн юм. Цулбуур эмч ЭХО-д харж, “элгэнд том хавдар 6,4х7,7 см байна. Яаралтай хот явж, Хавдар судлалын эмнэлэгт оч. Яаж эмчлэхийг тэднийх мэднэ” гэж хэлэхээр нь би тэнд очихыг татгалзсан. Юуны учир татгалзаж байгаа учраа дараах байдлаар хэлсэн.
Хэрэв хортой гэвэл ардын эмнэлгээр яв гэнэ. Хоргүй бол тайрна гэнэ. Элгийг оёж болох бишдээ. Хэдэн жилийн өмнө сэмжээр нь боогоод орхидог байсан. Одоо тайрсан хэсгийг түлдэг болсон гэнэ билээ. Бас судсыг боодог аргатай болсон гэдэг. Эдгээр нь түр зуурын аргацаасан эмчилгээ гэж би боддог. Ная гарсан настай би мэс хүргээд хэрэггүй биз дээ гээд л гарсан.
Хоёр гурав хоногийн дараа дахиад уулзахад дахиж хараад Хавдар чинь том шүү 14.0х92 см байна. Хортой байх магадлалтай, тэгэхээр хот явах хэрэгтэй гэж Цулбуур эмч хэлсэн. Би хавдар судлалд очихгүй гэдгээ хэлээд л гарсан. Миний биеийн байдал тэр үед ямар байсныг эмнэлгийн орлогч дарга Цэрэндолгор, Зүрх, Дотрын эмч Д.Цэрэндолгор. нар сайн мэднэ. Тэд гэрээр ирж, эм тариа хийж, зөвлөгөө өгч санаа тавьдаг байсан юм. Нэр дурьдсан эмч нартаа баярласнаа хэлж, та нарынхаа ачийг санасаар явдаг шүү гэдгээ илэрхийлье.
-Таны элэг гэнэт өвдсөн хэрэг үү? Урьд өмнө нь өвдөж байсан юм уу?
-1979 оны зун Цагаан даваагаар чехийн улаан яав-тай /мотоцикилтэй/ нилээд хурдтай явж байгаад замын элсэнд унахдаа элгээ гэмтээж, намар нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, хажуугаар нь монгол эм уугаад эдгэрсэн юм. Гэтэл 2-3 жилийн өмнө сахарын өвчтэй байна гэж Булчирхайн эмч нар оношлоод жил шахам “нойр булчирхайн эмийг хөнгөлөлттэй үнээр уусан. Энэ нь элэгний хуучин үрэвслийг сэдрээсэн хэрэг. Иймээс хавдар үүсэх шалтгаан болсон гэж эмч нар хэлдэг. Энэ нь ч үндэстэй болов уу. Шинжлэх ухааны эм зарим талаараа бусад эд эрхтэнд гажаар нөлөөлдөг гэдэг юм билээ.
-Та ямар нэртэй эм тангаар эмчилсэн бэ? Түүнийг өөрөө хийсэн үү, хүнээс авсан уу?
-Эм тангаа өөрөө хийсэн. Миний авга ах Баатар гэж Заяын Доод хүрээнд шавилан сууж, 30 гаруй жил түвд ном үзсэн маарамбын зиндаанд хүрсэн хүн байсан. Тэр хүн 1976 он хүртэл амьдарч, надад эм тан хийхийг зааж, эмнэлгийн ном судар уншуулдаг байсан. Тэгээд тэр хүний эмнэлгийн олон ном судар өвлөгдөн үлдсэн. Олон жорын дотроос 4-5 жор сонгож аваад эм тангаа өөрөө найруулсан. Тэгэхдээ эдгээр жорондоо “хүдэрийн заар”-ыг ахиухан хийж найруулсан. Хүдрийн заар чинь элдэв нян хорыг устгах их увидастай, байгалийн гайхамшигтай бүтээгдэхүүн шүү дээ. Дорно дахины эмнэлэгт маш эртнээс хэрэглэж ирсэн чухал зүйл учир Хятад, Солонгос, Япон гэхчлэн олон улс үнээр зодож, Монголын хүдрийг цөлмөж дуусгаж байна даа. Би өдөрт 4-5 төрлийн эм уугаад 3 хоног дээрээ гэдэс базалж, хар өнгөтэй шингэнээр туулгахаар нь би дотуур цус алдаж байгаа юм уу гэж эргэлзэж байсан. Гэвч тэр нь элэгний хавдрын хорыг туулгасан туулга байсан бололтой. Үүний дараа бие хөнгөрч, цанхайж цардайх нь намдаж, хоол ундандаа орсон юм. Эмийн нэрийг нэрлэх боломжгүй. Эртний ном сударт эмийн зарим жор, зурхайн зарим зүйлийг чандлан нууцлахыг заасан байдаг. Энэ дэглэмийг сахих ёстой гэж боддог.
Өөрийн найруулсан эмээ 8-р сарын 12-ноос 9-р сарын 15-ныг хүртэл хэрэглээд биеийн байдал сайжирсан. Эмч нар “таны биеийн байдал сайжирч байна. Био химийн шинжилгээ хийж, Дэлгэрхангай эмч амраад ажилдаа орсон. Эход үзүүлье” гэсэн. Тэднийхээ зөвлөгөөг дагаж, бүх шинжилгээг хийлгэхэд нааштай засарсан байна. Та хавдар судлалд очиж, хортой хоргүй гэдгийг тодруулах хэрэгтэй гээд 13 дугаар маягтаар илгээмж өгсөн юм.
-Таны хавдрыг Хавдар Судлалын эмнэлэг хортой гэв үү. Хавдрын хэмжээ ямар байв. Тэнд эмчилгээ хийлгэв үү?
-Хавдар судлал 10 шахам шинжилгээ хийж, Солонгосын Сонгодо эмнэлгээр дурангийн иж бүрэн шинжилгээ хийсэн. Элэг хорт хавдартай, AFР /Альфафетопротейн/ 586,7 хавдрын хэмжээ 10,0х7,4 см байсан тул, мэс засал хийх боломжгүй, та зөвшөөрвөл дараагийн долоо хоногийн төлөвлөгөөнд оруулъя. Тэнд удахгүй 72 цаг болоод гарна. Өвчний шаналгаагүй болно. Тэгээд нутагтаа буцаж, Хавдрын эмчийн хяналтанд байх хэрэгтэй гэсэн. Би боолгохгүй гээд орхисон.
-Тэгээд дараа нь яасан бэ?
-Хот хөдөөнөөс олон хүн утсаар хотод Улаан гэдэг Хятад эмч байдаг. Тэр л хорт хавдрыг эдгээсэн, Их Хурлын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнийн авга ах Цэнхэрийн Намширыг олон жилийн өмнө эдгээсэн, Өндөрсантад бас ийм өвчтэй хоёр хүн, Улаанбаатарт олон хүнийг хавдар өвчнийг эмчилсэн гээд түүний утас, хаягийг хэлж байсан. Би Улаан эмчтэй уулзаж, дурангийн бичлэгийг үзүүллээ. Судас барьж үзээд та өндөр настай ч гэсэн элэгнээс бусад эрхтэн, ходоод чинь их сайн байна. Эмчилгээ дааж чадна гэж байв. Та яаж эмчлэх юм вэ? Таны эм тарианд антибиотик бий юу гэж асуухад, “Байхгүй ээ. Хятад улсын уламжлалт эмнэлгийн жороор найруулсан тариа хэрэглэнэ. Энэ тарианы үр дүнд бие чинь сайжирна” гэж хэлсэн.
Тэгэхээр нь би “таны эмчилээг хийлгэе. Хавдар судлал боолго гэсэн, болгочихоод хийлгэж болох уу” гэж лавлахад “тэгвэл би танд эмчилгээ хийхгүй” гэлээ. Яагаад гэж асуухад бооход жижиг хавдар үсэрхийлэхгүй байж болно. Өвчилсөн хэсэгт эмчилгээ хийхгүйгээс хавдар хэзээ нэг цагт задарна. Тэгээд л дуусна гэв. Энэ санаа миний бодолтой нийлж байсан учир би Улаан эмчээр эмчлүүлэхээр шийдсэн дээ. Надад 14, 12, 10, 8, 5 хоногоор, таван удаа судсаар хийх тариаг 10-20 хоногийн завсарлагатай хийнэ. Гурван сарын дараа таны өвчин эдгэрнэ гэж хэлж байв. Танаас тэсвэр шаардана гэж хэлээд тарианы заавар, хоол ундны дэглэмийг тайлбарлаж хэлж өгсөн.
Эхний 14 хоногт өдөрт 400гр натртай хоёр төрлийн тариаг 15 цагт багтааж дуслаар тарьсан. Том хавдартай элгэнд их хэмжээтэй тариаг огцом хугацаанд таривал элгэнд муу, иймээс маш аажим туслаар хийх хэрэгтэй. Дараагийн өдрийнхийг 12, 8 цагт багтааж, дөрөв дэх өдрөөс 2 цаг хагасаар хийгээрэй гэсэн. Эхний өдрийнхөө тариаг өглөө 6.30-аас орой 21.30 хүртэл хугацаанд хэвтэрт байж хийлгэсэн. Тариаг хийхээр маш их эвгүй үнэртэй хөлс асгарчихдаг юм билээ. Миний жин анх 93 кг байснаа буурч тариа эхлэхэд 82 кг байсан бол тариа дуусахад 69 кг болтол турж, бараг толгойгоо даахгүй болтол турж арай ядан босч байсан. Энэ тариаг хийгээд хоёр хоносны дараа анх монгол эм уухад суулгасан шиг хар өнгөтэй бага хэмжээтэй суулгаад зогссон. 14 хоногийн тариагаа дуусгаад тав хоног амраад Улаан эмчид үзүүлэхэд судас барьж байснаа “Хай, үхлээс гарсан ба” гэж хэлэхэд хажууд байсан хүүхдүүд маань /Гантулга, Гүнбилэг/ маш их баярласан гэсэн. Улаан эмч дараагийн 12,10,8 хоногийнхоо тариаг орон нутагтаа очиж хийлгэ. Та журам сайн сахьсан байна. Миний өгсөн тариаг эмч сувилагч нар үзээд манайд ирээгүй, зөвшөөрөгдөөгүй гээд хийж өгөхгүй байж мэднэ. Та учрыг сайн хэлээрэй гэж байв. Би нутагтаа ирээд эмч нарт бүх учрыг сайн тайлбарласан. Нэгдсэн эмнэлгийн дарга Ч.Ариунаа надад тариа хийх сувилагч гаргаж өгч, бүх тариаг ном журам ёсоор хийлгэсэн. Би хятад тариатай, өөрийнхөө найруулсан эмээ хавсарган ууж байсны дээр эмч нарынхаа зөвлөсөн ёсоор Альбумин тариаг гурван удаа тариулсан. Ингэж л бид хорт хавдрыг анагаасан юм.
-Элэгний хавдартай тэмцэхэд ямар дэглэм, журам сахиж байсан бэ?
Энэ бол маш чухал гэж бодож байна. Эмчилгээг үр дүнд хүргэх гол арга нь дэглэм, журмыг сахих явдал юм.Үүнд дөрвөн зүйл зарчим барьж байсан юм.
-Олон зүйлийн эмийг хольж хэрэглэж болохгүй, ялангуяа антибиотикийн төрлийн эмийг хэрэглэхийг цээрлэдэг. Олон эм бие биеийнхээ үйлчилгээг самууруулчихдаг.
-Хоол хүнсийг тохируулах, элдэв төрлийн халуун ногоо, лаазалсан зүйл, жимс ногоог хэрэглэхийг тэвчих хэрэгтэй.
-Сэтгэл санаа тайван, сэтгэлийн хөөрөл, гуниг гутралгүй амгалан тайван, сэтгэлийн хаттай байх
-Ажил хөдөлмөр, хувцас хэрэглэлийг зөв сонгож, ноосон хөвөн даавуун хувцас өмсөж, хөлсөө сэвэхгүй, салхинд цохиулахгүй, халуун хүйтнийг тохируулж байх хэрэгтэй.
-Та эмээ юугаар найруулдаг бэ? Манай нутгийн цэцэг навч ургамал их орох уу?
-Энэ бол амаргүй, хэцүү асуудал. Монгол нутгийн ургамлын түүхий эд гэхэд сайн даа л 30-35 орчим хувийг эзэлнэ. Бусад нь халуун хүйтэн, сэрүүн орны, далай тэнгисийн ургамал үр буурцаг, эрдэс, чулуулаг, амьтны яс, эвэр гэхчлэн олон зүйл шаардагдана. Олдох нь маш хэцүү Монгол нутгаас гэхэд говь, хангайн Алтай, Хэнтийн гэх мэт байгалийн бүсүүдийн ургамал зэрэг материал хэрэгтэй. Ган гачгийн улмаас зарим нь ургахаа байсан байдаг. Гадаад орны ховор материалыг хүү Ганбаяр /хүү нь анагаах ухааны доктор ,багш байсан/ амьд ахуйдаа Энэтхэг, Түвд, Орос, Армен зэрэг орнуудаас бага сага зүйл цуглуулж өгсөн. Мөн Монгол эм импекс концерн, Гандан хийд мэт газраас амь залгуулж байна.
-Таныг хүмүүст өвчин зовлонтой эм тан өгч тус болдог гэж гадуур их ярьдаг юм билээ. Хэдийгээс эхэлсэн, барагцаалбал хичнээн хүн танд хандсан бэ?
-Юм бүхэн нээлттэй, чөлөөтэй болсон 1990-ээд оны дунд үеэс эхэлсэн. Надад хандсан, эм тан авч хэрэглэсэн хүмүүсийн нэр хаяг, өвчний онош, өгсөн эм тангийн нэр бичээстэй дөрвөн дэвтэр бий. Давхардсан тоогоор хоёр гурван зуун хүн байгаа болов уу. Би өөрөө хүний өвчнийг оношилдоггүй. Эмч нарын картанд нь бичсэн оношийг үндэслэж таар ч тохирох болов уу гэсэн эм тангаа өгдөг дөө.
-Танд янз бүрийн л өвчтэй хүн ханддаг байх. Түүний дотроос хортой, хоргүй хавдартай хэн гэдэг хүнд эм тан өгч тусалж байв. Үр дүн нь ийм байсан гэдгийг хэлэх баримт нотолгоо бий юу?
-Олон жилийн баримт хэлж болно. Хамгийн ойрын баримт гэвэл 2015 гэхэд давсагны хавдартай Д.Баяртогтох,элэгний хавдартай Увсын Б.Цэрэнсамбуу, Эрдэнэбулганы Д.Цэрэндулам, ходоодны хавдартай Ж.Даваасүрэн гээд олон хүнд эм тан өгсөн. Эд бүгд хорт хавдартай гэж Хавдар Судлалын төвд оношлогдсон хүмүүс, бүгдийнх нь бие сайжирч эдгэрсэн. Энэ талаар эмчлүүлсэн хүмүүсээс нь лавлах нь зүйтэй байхаа. Харамсалтай явдал ч тохиолдох нь бий. Саявтархан “Б” гэгч идэрхэн эр “Элэгний хорт” хавдраар өвчилж, Хавдар Судлалын Төвд оношоо тогтоолгоод надаас эм тан авч гуравхан өдөр ууж эхлээд өөд болсон юм. Хугацаа алдаж өвчин хүндэрсэн болов уу гэж бодож сууна.
Энэ дашрамд хэлэхэд Дорно дахины анагаах ухааны эм тангийн жорд ордог ганц нэг ургамлын нэрийг дам сонсоод л түүнийг уухаар өвчин эдгэдэг мэтээр хандах хандлага их байна. Жишээ нь туулайн зүрх зүрхэнд сайн гээд бүхлээр нь идлээ, чонын ходоод ходоодонд сайн гээд идчихсэн, үнэгний уушиг уушгинд сайн гээд хэрэглэсэн гэх буюу сүүлийн үед гишүүний /айргана/ үндсийг хавдарт сайн гээд ам дамжин ярьж, асууж сураглаж байгаа нь үндэслэлгүй, үр дүн муутай даа. Эдгээр нь эмэнд ордог нэг зүйлийн материал шүү. Өөр олон юмтай нийлж эм, тан болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнэгний уушиг /Вало/-нь 7,8,25, гишүүнэ /Жумз/ нь 3,9,15 зүйлээр тодорхой цэн, фунгийн хэмжээгээр найруулж байж эм, тан болж хэрэглэдэг учиртай.Учир мэдэж чадах мэргэжсэн хүнээс асууж, зөвлөгөө авч байх нь зүйтэй юм.
Т.Ядамсүрэн гуайтай ийнхүү ярилцсаны дараа тэрээр нэмж дараах тайлбар хийхийг хүсээд намайг өөрийгөө сурталчилж байна гэж бодох вий гэсэн юм.
Та бүхэн намайг сурвалжилж байгааг чинь өвчин зовлонд нэрвэгдсэн олон хүнд тус хүргэх, Дорно дахины анагаах ухаан, орчин үеийн анагаах ухаан хоёрыг хослуулан зөв хэрэглэж чадвал, үр дүнд хүрч болох талтай гэдгийг олон түмэнд сонордуулах л зорилготой болов уу гэж бодож ний нуугүй ярьж байна.
Түүх шаштир сөхөж үзвээс Дорно дахины анагаах ухаан 5000 жилийн тэртээ үүсч, ведийн үеэс ном судар нь бичигдэж Энэтхэг улсад үлдсэн, Бурханы шашин гурав дахь удаа /2600 жилийн өмнө/-гийн дэлгэрэлтийн үеэс Буддын шашны арван ухааны нэг ухаан /Тэжээхүй ухаан/ болон эдүгээтэй золгосон эртний ухаан ажээ. Энэ ухаан дээр л одоогийн анагаахын шинжлэх ухаан суурилсан гэдгийг эрдэмтэд нотолж байгаа. Орчин үеийн шинжлэх ухаан хөгжөөд 300 жил хүрээгүй. Ялангуяа эмийн ухаан нь1834 онд мэндэлсэн Оросын эрдэмтэн Менделеев үелэх системийг нээсэн 1860-аад оны сүүл үеэс тооцдог болохоор 200 хүрэхгүй жилийн түүхтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.
Тиймээс уламжлалт анагаах ухааныг, шинжлэх ухааны анагаах ухаантай зөв хослуулан хоёр хөл дээрээ тэнцвэртэй явах нь зөв гэж би боддог. Аль нэгийг нь туйлшруулж, ганц хөл дээр явна гэвэл онохоос алдах нь их байх болов уу. Ийм хандлага байгаад харамсаж явдаг. Анагаах Шинжлэх ухаанд давуу зүйл их байна. Ялангуяа онош зүйн олон сайн арга нэвтэрч байгаагаараа маш их давуутай. Төр засгийн бодлого нь үндэсний уламжлалаа ойлгодог,шинжлэх ухаантай хослуулж чаддаг эмч мэргэжилтэн бэлтгэхэд онцгой анхаараасай, түүх соёлоо судалж мэддэг байгаасай гэж бодож явдгаа илэрхийлье.
Ядамсүрэн гуай бичиж туурвих талдаа бол хэзээний ул үндсийг нь хөөдөг, нэг атгасан зүйлийнхээ учрыг олох гэж махардаг нэгэн юм билээ. Тэр чанар нь ч сурвалжлагын явцад илэрч, намайг үзэж, эмчилж байсан эмч нартай, надаас эм тан авсан хүмүүстэй ч заавал уулзаарай гэж байв.
Ингээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дурангийн эмч, клиникийн профессор Б.Дэлгэрхангай эмчтэй уулзлаа. Тэрээр Ядамсүрэн гуайг анх элэгний хавдартай байна гэж оношилжээ.
-Та Т.Ядамсүрэн гуайг анх хэдийд үзсэн бэ? Биеийн байдал, өвчний явц, хавдрын хэмжээ ямар байсан бэ?
-2014 оны 9-р сарын 15-нд анх үзэхэд эцэж турсан, хордлогод орсон байсан. Эхо-гоор харахад элэгний найман сегментээс II, III, IV-р хэсэгт 10,0х7,8 см хоёр хэсэг хавдартай хүнд байдалтай байсан. Хот явж хавдар судлалд очиж оношоо баталгаажуулахыг зөвлөсөн. Бас манай хоёр Цэрэндолгор эмч ийм зөвлөгөө өгсөн байсан. Өөрөө явах дургүй байсан боловч бидний зөвлөмжийг зөвшөөрч, Хавдар судлалын Үндэсний Төвд очиж нарийн шинжилгээ хийлгэсэн юм.
-Онош нь яаж батлагдсан бэ? Тэнд эмчилгээ хийлгэсэн юм уу?
-Хавдар судлалын төв олон төрлийн шинжилгээ хийж, Сонгодо эмнэлгээр дурангийн шинжилгээ хийгээд миний тогтоосон элэгний хавдрыг “хорт хавдар” гэж тогтоосон байв. Элэгний зүүн дэлбээг бараг авч хамарсан 10,0х7,4 см хүрээтэй, алфафетопротейн /АFР/ нь 587,7 болж элэгний хорт хавдар болох нь батлагдсан байсан. Элэгний хавдрыг боож эмчилье гэсэн боловч өөрөө шууд татгалзсан байсан.
-Ер нь элэгний хавдар хэрхэн үүсдэг юм бэ?
-Эд эсийн гаралтай, холбогч эд эсийн гаралтай гэж ангилж, хавдрыг тогтоож оношилдог юм. Ядамсүрэн гуайд эд эсийн шинжилгээ хийгээгүй, биохимийн болон дурангийн аргаар хавдрыг тодорхойлсон юм.
-Ядамсүрэн гуай энэ хавдраа яаж эмчилчихсэн юм болоо?
-Бидэнд ярихдаа Хятад эмч Улаанаас хэдэн төрлийн тариа авч 14,12,10,8,5 хоногоор хийлгэсэн тарианыхаа Хятад хэлээр бичсэн зааврыг үзүүлж байсан ч тэр тарианы тухай бид мэдэхгүй. Сувилагч гаргаж тариулж байсан. Энэ тариатай хамт хүдрийн заартай хэдэн төрлийн эм танг өөрөө найруулж ууж байсан гэдгийг мэднэ. Энэ тариа эм хоёрыг гурав дахь удаа уухад хавдар 5,3х5,4 см болж эрс буусан байсан. Уусан эмийн жор нь манай нутгийн алдартай эмч Лүнрэг Дандар гэдэг хүнийх байсан болов уу гэж бодож байна. Тэр хүний бичсэн олон зохиолыг тэр бүр нарийн судалж мэдсэн хүн ховорхон гэж мэргэжлийн эмч, эрдэмтэд ярьдаг юм билээ.
-Т.Ядамсүрэн гуай өөрийнхөө элэгний хавдрыг эмчилсэн явдлыг та юу гэж үзэж байна бэ?
-Ядамсүрэн гуай тариа хийлгэж, эм тан ууж байхдаа надад сар тутам үзүүлдэг байсан. Сая нэг хоногийн өмнө үзэхэд элэгний хавдрын сорви ганцхан цэгт харагдах төдий байв. Би олон удаа үзэж байсан учир хаанаа ямар байсныг сайн мэддэгийн хувьд ийм л сорви байгаа нь мэдэгдсэн дээ. Тэгэхээр элэгний хавдрыг анагаах ийм эмчилгээ байна гэдгийг баттай ойлгууллаа гэж бодож байна. Т.Ядамсүрэн гуай өөрийгөө эмчлээд зогсоогүй, элэг ходоод, давсагны хавдартай хүмүүст эм тан өгч эдгэрүүлсэн. Бид аймгийнхаа хэн яаж эмчлүүлээд яав гэдгийг мэднэ. Увс аймгийн элэгний 8 сегментийн тавыг хамарсан 13,5х12,5 см хэмжээтэй хавдартай, альфафетопротейн нь 6324,0 хүрсэн хүнийг эдгэрүүлсэн өвчний карт, шинжилгээ, Хавдар Судлалын Үндэсний Төвийн дүгнэлт,өвчитний талархлын бичгийг үзсэн. Энэ баримтуудаас үзэхэд хавдрыг монгол аргаар эмчилж болох юм байна гэдгийг харуулж байна. Ядамсүрэн гуай хавдар өвчнийг хүдрийн заартай эм тангаар эмчлэгдэж байгаа нь анхаарах чухал асуудал гэж бодож байна. Ядамсүрэн гуай манай эмч нартай ойр дотно харилцаатай байж, биднээс зөвлөмж зөвлөгөө сонсож, өөрөө дэг журам сүрхий сахисан нь ийм хүнд өвчнийг анагааж чадсан байхаа.
Ядамсүрэн гуайгаас эм тан авч, өвчин нь илааршсан хүмүүсийн төлөөлөл болгож, хоёртой нь уулзлаа.
Эрдэнэбулган сумын 4-р багийн Даваажавын Баяртогтох:
ОЛОН ХҮНИЙ НАСЫГ УРТАСГАСАН ХҮН ДЭЭ
-Та хэдийд яаж өвчилж байсан тухайгаа ярьж өгнө үү?
-Би 2003 онд С вирусээс үүссэн элэгний хорт хавдраар өвчилж Ядамсүрэн гуайд хандсан, надад ямар хоол унд хэрэглэх, ямар дэглэм журам сахихыг хэлээд хэдэн төрлийн эм тан өгсөн, түүнийг хоёр сар шахуу хугацаанд уугаад сайн болсон. Өвөл нь хөдөлмөрийн баатар, Ардын эмч Нямхүү манай гэрт Эхо-гоор үзээд маш сайн эдгэжээ гэж хэлж байсан. Өвчнөө мартаад машин тэрэг бариад хэдэн жил сумдад шууданд явж, ямарч зовлонгүй амьдарч байв. Гэтэл 2014 оны өвлөөс шээс хоригдож хүнд байдалд орж эмч нарын зөвлөгөөнөөр 1-р эмнэлгийн бөөрний тасагт очиж хэвтэж эмчлүүлсэн. Бөөрний орчимд хавдар үүсч, шээсний сүвийг тагласан байна гээд мэс засал хийж эмчлүүлсэн. Тэгээд тэндэхийн эмч нар надад “Хавдар өвчин чинь дахин ургах олон хөлтэй, уршиг ихтэй өвчин шүү” гээд Хавдар судлалд шилжүүлсэн юм. Тэднийх хагас сар болтол олон төрлийн шинжилгээ хийгээд та нас өндөр болсон, биеийн тамир тэнхээ муу учир эмчилгээ даахгүй, орон нутагтаа очиж Хавдрын эмчийн хяналтанд хөнгөвчилсөн /гэрээр/ эмчилгээ хийлгэ гээд буцаасан юм. Нутагтаа ирэхэд толгойгоо даахгүй хүнд байсан даа. Ядамсүрэн гуайд өвчний карт, эмнэлгийн бичгүүдээ хүүхдүүдээрээ явуулахад надад хэд хэдэн төрлийн эм тан өгч, явуулсныг би заавар ёсоор хоёр сар уугаад өвчнөөсөө салсан даа. Энэ зун, намар хувийнхаа ногоог тарилцаж, зэрлэгийг зулгааж усалж тордохын хажуугаар үнээ тугалтай хөөцөлдөж ямар нэг шаналгаагүй болсон юм. Эм танд нь хүдрийн заар л их хэрэгтэй юм билээ. Хүү Баттулга минь хүдрийн заарыг олж өгч аавдаа их тус болсон шүү.
Би Ядамсүрэн гуайдаа баярлаж явдаг юм. Надаас гадна олон хүний насыг уртасгасан буянтай хүн дээ.
Эрдэнэбулган сумын 4-р багийн иргэн Ж.Нарантуяа:
ХОЁР САР ЭМЧЛҮҮЛЭЭД ЗОВИУРГҮЙ БОЛСОН
-Та хэдийд ямар өвчнөөр өвчилж, хаана хэрхэн эмчлүүлсэн, одоо биеийн байдал ямар байгаа тухайгаа хэлж өгнө үү?
-Би 1998 онд бөөрний даралтаар харвалт болж маш хүнд байсан. Тэр үед Ядамсүрэн гуайнд очиж картаа үзүүлэхэд надад хэд хэдэн эм тан өгөөд сар шахам уулгасан, хоол унд, ажил төрлийн талаар зөвлөгөө хэлж өгсөн. Тэгээд л би өвчин эмгэг гэхгүй олон жил явсан. Гэтэл ноднингоос бие суларч нуруу бөөрөөр шархирч өвдөөд, хоёр хөл хавдаад амьсгал давчдан явж чадахгүй хүний тусламжтай явах болсон. Эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэж онош тавиулахад нойр булчирхай, бөөрний үрэвсэлтэй, бас чулуутай, элэг өөхөлсөн, үе мөчний өвчтэй гэсэн дүгнэлт гарсан. Энэ оны 6-р сарын эхээр Ядамсүрэн гуайд очиж картаа үзүүлэхэд надад хэд хэдэн төрлийн эм тан өгөөд Цайдам нуурын шавар авчруулж, эмтэйгээ шавар эмчилгээг зэрэгцүүлж хоёр сар шахам эмчлээд өвчний шаналгаа зовиур арилгасан. Хөлийн хавдар алга болж, босч суухад ямарч зовиургүй, бусдын дэм тус авахгүй дуртай үедээ, очих гэсэн газраа очих болсон, хоолны шингэц сайжирч биеийн байдал эрс сайжирсан, одоо уулзаж эм тангаа дахин уух байхаа. Намар газар хөлдөх, хавар газар гэсэх үед өвчин сэдэрдэг юм. Тэр үеэр л дахиж хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Зөвлөгөөг дагана даа. Ядамсүрэн гуайдаа баярлаж явдгаа илэрхийлье.
Манай улсад хавдар, тэр дундаа хорт хавдрын өвчлөл анхаарал татсаар байна. Хорт хавдрын өвчлөл дотор элэгний хорт хавдар тэргүүлж, нийт хорт хавдрын өвчлөлүүдийн 40 хувийг эзэлж байна гэсэн судалгаа ч байна. Хэрвээ элэг хорт хавдраар өвчилсөн бол, улмаар хожуу үедээ оношлогдвол эдгэх боломжгүй байх тохиолдлууд давамгайлдаг.
Бусдыг аюулт өвчнөөс аварч, бусдад нас хайрлана гэдэг хэмжээлшгүй том ач буян юм. Ийм боломж байдаг гэдгийг энхүү сурвалжилгаар дамжуулан хүргэхийг зорилоо. Аврал эрсэн нэгэн байх болов уу гэсэн тусч сэтгэлээр сэтгүүлч би утсаа үлдээе. /99069621/
http://arkhangai.khural.mn/n/1h6on?fbclid=IwAR1hiHzDClQ_EGhTH3gydhLlOsYUb3g_D5WU1ODGaTFxLzStYFegKKr2mFM